
Mongoliapress.mn сайт “Дүр тод” буландаа УИХ-ын гишүүн Ганзоригийн Лувсанжамцыг урилаа. “Дүр тод” булангаараа бид зочныхоо мэдлэг, туршлага, үзэл санаа, үнэт зүйлсийг олон өнцгөөс нээн харуулж, уншигчдад түүний мөн чанар, хувь хүний онцлог төрхийг илүү ойроос танин мэдэх боломж олгохыг зорьдог билээ. Энэ удаагийн ярилцлагаар улстөрчөөс гадна хот төлөвлөлтийн инженерийн дүрийг тодотгон харуулахыг хичээлээ. Тэрбээр Улаанбаатар хотын хөгжлийг илүү цэгцтэй, иргэдэд хүртээмжтэй болгох зорилготой “20 минутын хот” төслийн үзэл баримтлалын авторуудын нэг юм.
-Улсын хөгжил хүний хөгжлөөр тодорхойлогддог гэдэг. Энэ утгаараа Монгол Улсын хөгжлийг юу гэж харж байна вэ?
-Чухал асуулт байна, баярлалаа. Таны хэлсэнчлэн хүнээ хөгжүүлж байж л улс хөгжинө гэж би итгэдэг. Үйлдвэрлэл хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, бүтээн байгуулалт хийх, экспортоо нэмэгдүүлэх нь чухал гэж ярьдаг. Гэхдээ түүнийг бүтээх хүн нь монгол хүн. Эрүүл, өндөр боловсролтой, хариуцлагатай, тууштай хүмүүс хүн амд эзлэх хувь нь олон болж байж улс хөгжих суурь нь бүрэлдэнэ гэж хардаг. Хүний хөгжлийг ярьж байгаа болохоор боловсролын тогтолцоог эхлээд ярих нь зүйтэй.
Миний хувьд чуулганы хуралдаан дээр ч дандаа хэлдэг. Төсвийн хөрөнгө оруулалтууд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц буюу эрчим хүч гэсэн энэ гурван салбар луу чиглээд явах хэрэгтэй. Тэгж байж орлого сайжирна, ажлын байр нэмэгдэнэ, иргэд маань илүү өндөр боловсролтой болно. Ийм итгэл үнэмшил надад байдаг.
-Тэгвэл боловсролын салбарын яаж дээшлүүлэх юм бэ?
-Боловсролын салбарын тухайд бид хоёр дахь шат руугаа орох ёстой. Эхний шат нь бидний хувьд юу байсан бэ гэхээр социализмын үед гадаадад суралцаж, мэргэжил эзэмшсэн хүмүүс буцаж ирж ажиллан одоогийн Монгол Улсыг бүтээсэн. Одоо ч гэсэн маш олон оюутан залуус гадаад руу явж байна. Энэ зөв зүйл. Гэхдээ зөвхөн суралцах, ажиллах зорилготой явахаас илүүтэйгээр тухайн салбар дээрээ мэргэжлийн эксперт болох нь чухал. Хэрвээ хөгжингүй оронд очиж байгаа бол томхон эсвэл дундаас дээш хэмжээний байгууллагын соёл сайтай, менежмент нь тогтсон компани, ААН-д ажиллаж туршлагатай болоосой. Тэгж чадвал хуримтлуулсан туршлага, мэдлэгээ Монголдоо хэрэгжүүлээд явах бүрэн боломж нь нээгдэх болов уу. Үүнтэй зэрэгцээд нэг зүйлийг бид хийх ёстой. Одоо бид багш нарыг урих цаг болсон. Бид аль сургууль нь сайн, хэн гэдэг судлаач нь мундаг, аль эрдэмтэд нь Монголын судалгаа хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой вэ гэдгийг харьцангуй мэддэг болчихлоо.
Үндэсний томоохон их сургуулиуд болох МУИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, МУБИС гэсэн энэ сургуулиуд дээрээ тухайн салбартаа эксперт тус бүр 10 багш таван жилийн гэрээгээр ч юм уу авчирч ажиллуулах нь чухал байна. Нэг хүүхдийг жилд 100 мянган ам.доллароор гадаадад сургахаас илүүтэйгээр нэг багшийг урьж авчирч, танхим дахь 100 хүүхдийг сайн багшаас илүү мэдлэг авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Ажиллаж байх хугацаандаа олон улсад нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хоёроос дээш өгүүлэл заавал хэвлүүлэх ёстой ч гэх зэргээр нөхцөл тавьж болно. Мэдээж судлаач хэзээ ч ганцаараа өгүүлэл бичдэггүй. Тэд манай судлаач, эрдэмтэн докторуудтай хамтарч өгүүлэл бичих учраас Монголын судлаач нарын олон улс дахь нэр хүнд, салбарт үзүүлж байгаа хувь нөлөө нь дээшлэх боломжтой. Ийм байдлаар хоёр дахь шат руугаа ороосой гэж боддог. Ингэж боловсролын салбараа дэмжээд явах юм бол хүний хөгжил ирэх 10 жилдээ үсрэнгүй хөгжинө.
- Монголчууд нэг үеэ бодоход инженерүүдээрээ бодлого тодорхойлуулъя, үгийг нь сонсъё гэдэг болжээ. Энэ ч утгаараа та мянга мянган инженерүүдийн төлөөлөл болоод Их хуралд сууж байна. Хоёр жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд та ямар гарц шийдэл, гаргалгаа олж харав?
-Инженерүүдийн оролцоо, шийдвэр шийдлийг төрийн бодлогод тусгах тухайд Их хурлын тогтоолын төсөл болон Ажлын хэсгээрээ дамжуулан саналуудаа тусгаад зарим нь батлагдаад явж байгаа. Миний хувьд барилга, бүтээн байгуулалтын салбарын томоохон мэргэжлийн холбоодтой их ойрхон ажилладаг. Монголын архитекторын эвлэл, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын туслан гүйцэтгэгчдийн холбоо гэсэн ийм томоохон мэргэжлийн холбоодтой ойр ажилладаг. Энэ салбарт 100 мянга орчим хүн ажилладаг. Нийтдээ 10 орчим мянган инженерүүд бий. Би нэг зүйлийг их тодорхой хэлдэг юм.
Инженерийн салбарыг төр боомилчхоод байна.

-Яаж тэр вэ?
-Жишээ нь, Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төв, Замын хөгжлийн төв гэсэн нэрийдлээр салбарын мэргэжилтнүүдийн дуу хоолой яг чөлөөтэй хүрч чаддаггүй. Хууль боловсруулах, стандарт батлуулахад яг энэ байгууллагууд төв нь болчхоод байдаг. Энэ утгаараа тухайн салбарын хөгжил гацаатай, хувийн хэвшлийн дуу хоолой хаагдмал байна. Тэгэхээр аль болох төрд байгаа энэ чиг үүргүүдийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байдаг.
Манай салбарын тухайд гэхэд Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиуд бий. Үүнд тусгагдсан мэргэжлийн сургалт, мэргэшсэн зэрэг олгох, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хувийн хэвшил, инженерүүдээс бүрдсэн мэргэжлийн холбоод хэрэгжүүлээд явах ёстой. Миний хувьд Зөвшөөрлийн тухай хууль болон салбарын хуулиуд дээр саналаа өгөөд, судлаад явж байгаа.
-Нийслэлчүүдэд хамгийн их тулгамдаж байгаа асуудал мэдээж түгжрэл, агаарын бохирдол. Нэгэнт төлөвлөчихсөн, асуудлууд үүсчихсэн хотыг засаж сайжруулах боломж ер нь хэр байдаг юм бэ?
-Нэгэнт буруу хөгжчихсөн хотыг залруулахад хэцүү гэсэн хандлага хэвшмэл байдаг. Гэхдээ тийм биш. Дэлхийн нийслэлүүд бүгд л утаатай, түгжрэлтэй байсан. Гэлээ ч тэд хотоо хаяад нүүж яваагүй. Утаа, түгжрэл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудал гээд бүгдийг нь шийдээд хотоо улам сайжруулаад л явсан. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, аймгийн төвүүдэд ч гэсэн боломж бүрэн байгаа. Гол нь хөгжих чиг баримжаа нь мэргэжлийн судалгаанд үндэслэсэн, иргэдийн оролцоон дээр тулгуурласан байх ёстой.
-Та 20 минутын хот концепци дээр ажилласан. Үзэл баримтлалыг нь боловсруулсан хүний хувьд энэ төслийг давуу талыг хэрхэн дүгнэх вэ. Энэ төсөл ямар түвшинд явж байгаа вэ. Цаашид хэрэгжих боломж нь хэр байна вэ?
-“20 минутын хот” үзэл баримтлалыг боловсруулаад Хот байгуулалтын яаманд хүлээлгэж өгсөн. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай хамт батлагдахаар одоо хэлэлцээд явж байна. Энэ хууль батлагдвал хотын аль ч хэсэгт амьдардаг байсан 20 минутын дотор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг авах боломж бүрдэнэ. Ногоон байгууламжтай, явган, дугуйгаар зорчих боломжтой тийм хотыг бий болгоно гэсэн зорилго, зорилтууд, шалгуур үзүүлэлттэйгээ хамт туссан. Гол зорьсон зүйл нь нэгдүгээрт, иргэдийн оролцоог чухалчилж авч үзсэн. Ямар нэгэн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байгаа бол тухайн хороо, дүүрэг, хотын оршин суугчдад хоёр удаа танилцуулна. Танилцуулахдаа саналыг нь авна. Гурав дахь удаад нь эргээд тайлагнана. Тайлагнасны үндсэн дээр төр болон оршин суугчдын хооронд итгэлцэл, нэгдсэн санал үүснэ. Ингэж байж төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Иргэдийн оролцоог чухалчилсан бас нэг зүйл бий. Бид өнөөдөр утаа, түгжрэл зэрэг хотын асуудлыг нэг л их томоор яриад байдаг. Энэ буруу арга зам. Улаанбаатар хот өнөөдөр 200 орчим хороотой. Хороо бүр асуудалтай.
Зарим хороо нь цэцэрлэггүй, зарим хороо нь автобусны буудалгүй, эмнэлэггүй. Энэ асуудлуудыг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь тухайн хороо, дүүргийн оршин суугчид.
Дарга, сайд гээд ямар ч өндөр албан тушаалтан байлаа гээд тэнд амьдардаггүй л бол тухайн газрын асуудлыг бүрэн мэддэггүй. Тиймээс иргэдээ эхлээд сонсож асуудал нь хаана байгааг тодорхойлж, шийдлийг нь хамтдаа гаргая гэсэн том өөрчлөлтийг оруулж байгаа. Үүнийг олон улсад топ даун буюу дээрээс доош чиглэсэн хот байгуулалтын тогтолцоог доороос дээш чиглэсэн хот байгуулалтын тогтолцоо болгож өөрчлөх гэдэг. Ийм зарчмын том өөрчлөлт орсон учир жижиг шийдлүүдээр хотын том асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэж харж байгаа.
-20 минутын хугацаанд эмнэлэг, сургуульдаа очно гээд байгаа. Зай завсаргүй барьчихсан барилгуудыг яг яаж 20 минутын хот болгож төлөвлөх юм бэ. Барилгуудыг чөлөөлөх юм уу эсвэл зай завсраар нь барих юм уу?
-Яг бодитоор хэлье. Нийслэлийн 200 хорооны 80 нь автобусны буудалгүй. Ийм байхад хүмүүс хувьдаа машин авахаас өөр сонголт байхгүй. Тэр хэмжээгээрээ түгжрэл нэмэгдэнэ. Тэгэхээр хаана автобусны буудалгүй байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Автобусны буудлыг энгийн шийдлээр барих боломжтой. Сургууль цэцэрлэгийн асуудал бас адилхан.Тухайлбал, Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль 350 хүүхдийн суудалтай ч 2200 хүүхэд сурдаг. Ийм тохиолдолд бид сургуулийг өргөтгөх эсвэл 8 дугаар сургуулийг барьж оршин суугчдыг 20 минутын дотор сургуульдаа очих боломжийг нь бүрдүүлье гэж байгаа юм. Үгүй бол нь 350 суудалтай сургууль дээр 2200 хүүхэд сурч учир аав, ээж нь хүүхдээ өөр дүүргийн эсвэл хотын төвийн сургууль руу явуулъя л гэж бодно. Түүнээс болж Яармагийн түгжрэл үүсэж байгаа. Тэгэхээр хэрэгцээ байгаа газар нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийг барина гэсэн үг. Нэг сургууль, цэцэрлэгийг хамтад нь барихад 1-ээс 2 га газар л хангалттай. Гаднаа спорт, хөл бөмбөгийн талбайтайгаар барих боломжтой. 1-ээс 2 гагийн хэмжээтэй газар чөлөөлөлт гэдэг бол тийм том асуудал биш. Томоор нь дахин төлөвлөх, газар чөлөөлөлт гэж ярихгүйгээр хэрэгцээтэй газар нь хэрэгцээтэй нийгмийн дэд бүтцийг оновчтой байршилд нь л нэмж барина. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй гэсэн үг.
Бүр зай завсаргүй барилга барьчихсан тохиолдолд яах вэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Хаана ийм байна вэ гэвэл Бага тойруу, Их тойруу болон Баянгол дүүрэгт нягтаршил өндөртэй байгаа. БЗД-ийн 26 дугаар хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард талын хэсэг, Яармагийн замын урд талын хэсгийг мөн дурдаж болох юм. Бусад хэсэг дээр бол саяын сургууль, цэцэрлэгийн барилга барих газрыг гаргах бүрэн боломжтой.
"20 минутын хот" бүрэн бүрдчихсэн газар Улаанбаатар хотод хэд хэд бий.
Дээр дурдсан БГД-ийн зарим хороод, 40, 50 мянгат нь сургууль, цэцэрлэг, ахуй үйлчилгээний төв, өрхийн эсвэл дүүргийн эмнэлэгтэй. Яг энэ зүйлийг л бид Баянхошуу, Амгалан, Сэлбэ дээр бий болгоод явах ёстой. Зөвхөн Улаанбаатар биш, Дархан, Эрдэнэт ч бас ийм байдлаар төлөвлөх бүрэн боломжтой. 2008 оны үед л дахин төлөвлөлтийг хийнэ, гэр хороололд дэд бүтэц татна гэж ярьж эхэлсэн. Түүнээс хойш бараг 20 жил өнгөрч байна шүү дээ. Тэгэхээр бид тогтолцоогоо зөв харах ёстой. Яамд тус тусдаа бодлогоо гаргах биш нэгдсэн нэг л төлөвлөгөө гаргах ёстой.
-Түгжрэлийг шийдэхийн тулд яах юм бэ. Гүүр барих уу эсвэл олон давхар зам барих ёстой юу. Монгол Улсын онцлогт энэ бүгд тохирох уу?
-Улаанбаатар хотын хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой ажил бол нийтийн тээврээ л сайжруулах. Автобуснаас илүү олон хүн тээвэрлэх боломжтой нийтийн тээвэртэй болох ёстой. Метро, трамвай магадгүй дүүжин тээвэр, аль нь ч байж болно. Эдийн засгийн хувьд үр ашигтай зүйлүүдээ бид хэрэгжүүлээд явах ёстой.
Хоёрдугаарт нь бид замын сүлжээгээ оновчлох болгох ёстой. Хэвтээ тэнхлэгийн өргөн чөлөө, тойрог замыг нэмж барих нь зөв. Миний хувьд хууль тогтоох байгууллагад ажилладаг учраас нийслэлийн ажил руу зөвлөхөөс илүү түвшинд оролцох боломж байхгүй. Хууль тогтоомжийн төслөөр нийтийн тээврээ сайжруул гэсэн чиглэлүүдийг холбогдох бичиг баримтууддаа тусгаад явж байгаа.
-Тэгвэл иргэдийн зүгээс утаагүй, түгжрэлгүй, цэвэр цэмцгэр хотод амьдрахын тулд ямар оролцоотой байх юм бэ?
-Маш чухал асуулт. Би хорооныхоо хуралдаа суугаач ээ гэдэг зүйлийг тогтмол хэлж байгаа. Миний ярилцлагыг үзээд хорооны хуралдаа сууж эхэлсэн гэх залуус байгаад их баяртай байгаа. Уг нь хорооны хурлыг сард нэг л удаа зохион байгуулахад хангалттай. Мэдээж хүн бүр л завгүй. Тиймээс жилдээ хоёр л удаа хуралдаа суугаасай гэж уриалмаар байдаг. Хугацааны хувьд гуравдугаар сард хураалдуулах нь зохимжтой. Яагаад гэхээр хууль эрх зүйн орчноороо тухайн аймаг, нийслэл, дүүрэгт хэрэгтэй хөрөнгө оруулалтын саналыг гуравдугаар сард цуглуулдаг. Хоёр дахь нь зургаадугаар сард болдог. Учир нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг саналыг зургаадугаар сард авдаг. Жишээ нь, Өмнөговь аймаг энэ жил Орон нутгийн хөгжлийн сандаа 80 орчим тэрбум төгрөгтэй. Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуулиар тус санг хороо, дүүргийн Засаг дарга зохион байгуулах ёстой.
Одоо ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэхээр иргэд хорооны хуралдаа суудаггүйн улмаас сангийн хөрөнгөөр юу хэрэгжүүлэх вэ гэдгийг дарга нар нь шийдэж байгаа.
Тэгэхээр хорооны Засаг дарга руугаа залгаад “Гурав болон зургаадугаар сард хурлаа зарла. Бид саналаа өгмөөр байна” гэж хэлэх хэрэгтэй. Тэгж чадвал иргэдийн хүсэж байгаа шийдлүүдэд яг бодитоор төсөв тавигдах боломж бүрдэнэ. Оршин суугч хороо, дүүргийнхээ асуудлыг хамгийн сайн мэдэж байдаг учраас саналаа өгөх нь хамгийн чухал. Саналаа өгчихсөний дараа үр дүн хариуцлагыг ямар нэгэн байдлаар нэхэж явдаг учраас төрийн удирдлагууд аль ч түвшиндээ иргэдийнхээ хүсэл санаачилгыг хариулахын төлөө ажилладаг хэвшмэл байдал бий болно. Бусад орнуудын нийслэл, асуудалтай байсан хотууд бүгд л ингэж шийдсэн байгаа. Миний хувьд Японд амьдарч байхдаа хорооны хуралдаа сар болгон суудаг байсан. Хорооны хурлаар олон асуудлуудыг шийдэж болдог.

-Тухайлбал ямар асуудлуудыг шийдэж болдог вэ?
-Хогоо ангилж ялгаж хаях асуудлыг шийдэж болно. Хурлаараа нэг дэх өдөр шил, лааз, хуванцрыг цуглуулъя, хоёр дахь өдөр бусад хогоо хаяя гээд тохирчихно. Энэ тохиолдолд нэг дэх өдөр шил, лааз, хуванцрыг худалдаж авдаг дахин боловсруулах үйлдвэртэй хүмүүс тухайн хороонд нь эсвэл дүүрэгт нь очоод цуглуулчихдаг. Ингэж тушааснаараа иргэд орлоготой болно. Үүнийгээ СӨХ-ны төлбөрөөсөө хасуулчихдаг. Оршин суугчид хогоо ашиглаж болох, болохгүйгээр нь ялгаад хаячихад л СӨХ-ны төлбөрөө бууруулж, шууд ашиг хүртэх боломжтой болно. Нөгөө талдаа ААН-үүд нэг дороос түүхий эд, дахивраа авах боломж бүрдэх давуу тал үүсэж байгаа юм. ААН, оршин суугчид, том утгаараа хотод ч гэсэн ашигтай ийм энгийн шийдлүүдийг голцуу хорооны түвшинд хийх боломжтой байдаг. Гол нь санаачилгатай, оролцоотой байх нь чухал.
Олон хүн “Хорооны хурал дээр очихоор намын ах, эгч нар сууж байдаг. Уур амьсгал нь хэцүү байдаг” гэдэг. Түүн дээр хэлэх нэг зөвлөгөө байгаа. Хөршүүдээрээ, үеийн залуучуудаараа гурав, дөрвүүлээ нэгдээд л оччих. Уг нь манай ахмад үеийнхэн чинь их найрсаг хүлээж авдаг. “Манай залуучууд, хөршүүд чинь ийм хариуцлагатай. Ийм дэвшилтэт шийдлийг энгийн одоо төсөр аргаар шийдэх боломжтой санаачилгуудыг гаргаж байхад ахмадууд бид дэмжээд явахгүй бол өөр яах юм бэ” гэсэн хандлага түгээмэл байдаг.
-Та Монголдоо ирээд хорооныхоо хуралд хэр их суусан бэ?
-Миний хувьд 2024 онд Монголдоо буцаж ирээд Улсын Их хуралд орсон болохоор амьдарч байгаа хорооны хуралд сууж амжаагүй явж байна. Миний хувьд Дулаанбаатар аяныг хэрэгжүүлж байгаа. Хотын утааг түлшээр, зуухаар эсвэл газаар шийдэх боломжгүй, дулаалгаар шийдэх боломжтой гэж үзэн тус аянаа эхлүүлсэн. Бид байшин, гэрээ дулаалбал хотоороо утаагүй болох боломжтой. Энэ хүрээндээ хагас сайн өдөр бүрийн 11:00-14:00 цагийн хооронд гэр хороололтой бүх хороогоор тойрдог. Өнгөрсөн жил нийтдээ 30 орчим уулзалтыг нийслэлийн төвийн 6 дүүрэг болон Налайх дүүрэгт хийсэн. Нийтдээ 2 мянга орчим оршин суугчидтай уулзаж ярилцсан байна.
-Оршин суугчид хамгийн түрүүнд юу гэж асуудаг вэ?
-“Ямар зуух нь сайн юм бэ. Манай зуух дүлгэнээд халахгүй байна. Энэ нүүрс нь үнэхээр дулаахан байлгаж чадах уу” гэх зэргээр хэрэглээгээ асуугаад байдаг. Харин бид гэрээ дулаалчих л гэдэг.
Байшин байх юм бол нэг төө буюу 20 см-ээр дулаалчих. Гэрт зориулсан дулаалгын чип багц 2 сая орчим төгрөгөөр борлуулагдаж байгаа. Ийм зүйлээр дулаалчих юм бол та гал түлэх шаардлагагүй болчихно. Таны цахилгааны зардал 50 хувиар буурах боломжтой гээд ийм зүйлүүдээ хэлээд явж байгаа.
Энэ хүрээнд өнгөрсөн жил УИХ-ын хоёр тогтоолыг гаргасан. Тогтоолоор дулаалгыг дэмжихэд төрийн бодлогуудыг чиглүүлэх ажлыг бүгдийг нь тусгасан. Одоо Засгийн газар, Монгол банкнаас дулаалга руу чиглэсэн зохицуулалт, санхүүжилтийн арга барилыг нь зөв болгох ажлуудыг хийгээд явж байгаа. Энэ жил тодорхой хэмжээнд ахиц гарах байх гэсэн хүлээлттэй байна.
-Улс төрч бүхэн л гоё сайхан амлалтуудыг хэлж, ярьдаг. Хийж хэрэгжүүлдэг нь байдаг ч хэлж, ярьсаар дуусдаг нь ч бий. Ер нь энэ олон гоё гарц, шийдэл, санал, санаачилгууд тань бодит ажил болох боломж байна уу. Шууд хэрэгжүүлээд явах боломж бололцоо хэр хэмжээнд байдаг юм бэ?
-Дулаанбаатар аян дээр Ерөнхий сайд Н.Учрал манлайлалтай байгаа. Эрчим хүчний салбарыг чөлөөлнө, сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ гэж байгаа. Энэ бүхнийг суурь нөхцөл нь дулаалга юм байна гэдэг дээр Засгийн газар, Ерөнхий сайд, Монгол банк санал нэгдэж байгаа. Нэмээд арилжааны банкуудтай тогтмол уулзаж байна. Ногоон зээлийг бид дулаалга, сэргээгдэх эрчим хүч рүү чиглүүлэх юм бол асуудал шийдэгдэнэ. Иргэдийн оролцоо ч үүнд чухал. Аливаа нэг бодлогыг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо маш чухал байдаг.
УИХ-ын гишүүд олон зүйлийг ярьдаг ч өнгөрсөн хугацаанд нэг л зүйлийг гээсэн.
Энэ нь оролцоогоо хангаж чадаагүй явдал гэж боддог. Хууль батлагдлаа гэхэд тухайн хуулийг хэрэгжүүлэх хүмүүс нь хувийн хэвшил, иргэд л байгаа. Тэр хүмүүс л ойлгоод хэрэгжүүлэх юм бол тухайн хууль үр дүнтэй болно. Тэгэхээр бодлого болон хууль тогтоолуудыг танилцуулах нь маш чухал юм. Миний хувьд тууштай байдал хамгийн чухал. Аливаа нэг шинэ зүйл, бодлого хэрэгжихэд хугацаа орно. Гэхдээ миний хувьд дор хаяж 5, 10 жил үүн дээр тууштай дуу хоолойгоо өргөнө. Чиг баримжаагаа алдахгүйгээр явж чадах юм бол энэ асуудлууд бүрэн шийдэгдэнэ гэж боддог.

-Иргэдийн хууль тогтоох байгууллага, тэр дундаа улс төрчдөд итгэл итгэл сул байна. Иргэдийн итгэлийг өсгөхийн тулд яах ёстой гэж та хардаг вэ?
-Ганц л боломж байгаа гэж боддог. Бид дор бүрнээ урдах ажлаа сайн, хариуцлагатай хийх ёстой. Тэгвэл УИХ, Засгийн газар, Шүүх засаглалын нэр хүнд сайжирна. УИХ бол ирээдүйг төлөвлөх ажил. Хууль тогтоомж гэдэг зүйл бол ирээдүй цаг дээрээ л үүсэж явна. Одоо цаг дээр хэрэгжүүлэх нь Засгийн газар, өнгөрсөн зүйлийг буруу, зөрүүтэйг шүүх нь шүүх засаглал. Энэ гурвыг сайн зааглаж ойлгох хэрэгтэй.
Миний хувьд нэгдсэн чуулганы танхим дээр хэзээ ч хэн нэгний гэм бурууг ярихыг хүсдэггүй. Учир нь тэр миний хийх ёстой ажил биш. Би хуулийг засах л ажилтай. Тэрний оронд бие бие рүүгээ орилолдоод, нэг нэгнийгээ шүүгээд суухаар Их хурлын нэр хүнд унахаас өөр яах вэ дээ. Энэ бол хамгийн хариуцлагагүй зүйл.
-Сэлбэ 20 минутын төслийг Улсын Их хурал дээр буцаалаа, Засгийн газар гадаад зээллэгийн хуулиас Сэлбэ дэд төвийг хаслаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Одоо гэр хороолол хөгжмөөр байна шүү дээ. Ямар нэгэн эргэлзээ, хардалт байвал прокурор, цагдаа, шүүхийн байгууллагууд шалгах ёстой. Түүнээс гишүүдийн хийх ажил биш. Ирэх оны долоодугаар сард иргэд түлхүүрээ гардах ёстой. Үүнийг ойлгохгүй хүн байдаг юм болов уу даа. Их л гайхаж хүлээж авсан даа.
-Романтик гэмээр нэг зүйл асуучихъя. Бид ер нь хэзээ гэр хорооллоосоо салж чадах юм бэ?
-Миний хувьд Хот төлөвлөлтийн тухай хууль гээд анхдагч хуулийг өргөн барихаар ажиллаж байгаа. Хамтад нь Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль дээрээ өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ хуулиуд УИХ дээр батлагдвал Улаанбаатар гэлтгүй аймгийн төвүүд, Дархан, Эрдэнэт хот хөгжих боломж нь бүрдэнэ. Өнөөдөр бид төлөвлөгөөгүй хоттой гэж ярьдаг. Үнэндээ бид хэтэрхий олон төлөвлөгөөтэй. Түүнийг нь дагасан бүтэц маш олон байгаа. Яамд нь тус тусдаа салаад явчихсан, бодлого нь тусдаа. Судалгааны хүрээлэн, хөгжлийн хүрээлэн, агентлаг гэсэн маш олон байгууллагууд байдаг ч хоорондоо уялдаж чаддаггүй. Тийм ч учраас бид маш олон цаас үйлдвэрлээд байдаг ч яг бодит байдал дээр дэд бүтэц баригддаггүй. Энэ олон том бүтцүүдийг чинь татвар төлөгчид л цалинжуулж байгаа шүү дээ. Үүнийгээ цөөлөх ёстой.
Ганцхан төлөвлөгөөтэй болоод түүн дээрээ иргэдийнхээ саналыг тусгаад хэрэгжүүлээд явахад 5 жилийн дараа гэхэд бид дэд төвүүдийг нэг нэгээр нь бариад явах боломжтой.
Хүмүүсийг Сэлбэ дэд төвийг очиж үзээсэй гэж бодож байгаа. 2027 оны сүүл гэхэд ихэнх барилга нь ашиглалтад орох боломжтой. Энэ ажлыг л сайн хийж чадвал цаашлаад Баянхошуу, Амгалан, Толгойт, магадгүй Улиастайд, Яармагт хэрэгжүүлээд явах боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшил төрнө гэж бодож байгаа. Ингэж чадвал бид богино хугацаанд гэр хорооллоосоо салах бус гэр хорооллоо хөгжүүлэх боломжтой.
-Яамдын уялдаа холбоо муу, олон төлөвлөгөөтэй байгаа талаар хэллээ. Энэ нь мэдээж төрийн тогтворгүй байдалтай бас холбоотой байх. Томилогдсон сайд бүр л шинэ төлөвлөгөө гаргаж ирсээр төрийн залгамж халаа гэдэг зүйл алдагдчихаад байна л даа. Ер нь энэ байдлыг яаж өөрчлөх юм бэ?
-Засгийн газар солигдонгуут төсөл арга хэмжээнүүд бүгд зогсдог. Дахиад шинэ төлөвлөгөө яриад эхэлдэг. Энэ нь улс төр төвтэй хөгжлийн бодлого яваад байна гэсэн үг. Уг нь бид төлөвлөгөөтэй төртэй байх ёстой. Тэр төлөвлөгөөг зохиоход иргэд оролцох ёстой. Ямар нэгэн улс төрч, дарга биш, иргэд оролцож тэр төлөвлөгөөг зохиох учиртай. Дараагийн улс төрч гарч ирээд шинээр төлөвлөгөө зохионо гэвэл тухайн хороо, баг, сумын оршин суугчид “Үгүй ээ, бид аль хэдийн төлөвлөгөөгөө зохиочихсон. Дарга хэн байх нь хамаагүй. Бидний зохиосон төлөвлөгөөг хэрэгжүүл” гэдэг байх ёстой. Энэ тогтолцоо руу шилжүүлж чадвал дээрх асуудлыг шийднэ. Хот төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтийг баталж чадах юм бол бид яг энэ зарчим руу орно. Дээрээс нь иргэд маань сум, дүүрэг, хороо, багийнхаа хуралд суудаг болчихвол баталсан төлөвлөгөө нь Үндсэн хууль шиг болно гэхэд хилсдэхгүй. Учир нь иргэд өөрсдөө төлөвлөгөөгөө зохиож байгаа учраас тэрийг дарга өөрчилж чадахгүй. Түүнийг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүйд хүрнэ.
Мэдээж Засгийн газрыг цомхон болгох асуудал яригдах ёстой.
Манай салбарын тухайд л гэхэд цахилгаан дулааныг Эрчим хүчний яам, цэвэр, бохир усны шугамыг Хот байгуулалтын яам, замыг Зам тээврийн яам, холбоо дохиоллыг Цахим хөгжил харилцаа холбооны яам хариуцаж байна.
Уг нь энэ бүх зүйл чинь дэд бүтцийн нэг л асуудал. Зам тавьж байгаа юм чинь шугам татаж л таарна. Тусдаа байгаа учраас замыг нь тавьсны дараа шугамыг нь солиод байгаа юм. Дэд бүтцийн хөгжлийн яам гэдэг нэрээр саяын хэлсэн яамдыг нэг болгох ёстой. Хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчин ч мөн адилхан. Орон нутгийн иргэдэд бэлчээрийн газар юм уу, тусгай хамгаалалттай бүс юм уу эсвэл ухах гээд байгаа хэсэг юм уу гэдэг нь тодорхойгүй болчихсон. Энэ гурван яам тусдаа болохоор бие биедээ бичиг шидэлцээд суучихдаг. Байгалийн нөөцийн яам гээд нэг яам байгаад төлөвлөгөө нь бас тодорхой байх ёстой. Энэ хэсгээ бид хайрлаж хамгаалж үлдээнэ. Энэ хэсгээ бол бэлчээр, газар тариалангаар хөгжүүлнэ. Харин энэ хэсэг дээр уул уурхайг хөгжүүлээд явна гэдэг зүйлийг иргэдээсээ асууж байгаад ганц л төлөвлөгөө гаргачих хэрэгтэй. Ийм байдлаар 16 яам 20 сайдтай байгааг 10 яам хүртэл цөөлж болно.
-Улсын Их хурлын гишүүн болсноор амьдралын хэв маяг, чанарт өөрчлөгдсөн зүйл юу байна вэ?
-Японд ажиллаж байхдаа их ачаалалтай ажилладаг байсан. Гишүүн болсноор түүнээс ч их ачаалалтай ажилладаг болсон. Тиймдээ ч эхнэрээрээ зэмлүүлэх тохиолдол байна.
Саяхан аав болж, анхны хүүхдээ өлгийдөж авсан.
-Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Хүүхдээ орой усанд оруулах, унтуулах нь голцуу миний ажил байдаг. Энэ ажлаа сайн хийх ёстой, аавын үүрэг гэдэг зүйл надад бий. Заримдаа мэдээж чуулган, уулзалтууд сунжраад амжихгүй үе байна. Тэр үедээ өөрийгөө зэмлэх тохиолдол их байдаг. Мэдээж хугацаатай алба хашиж байгаа учраас боломжийнхоо хэрээр өөрт оногдсон үүргийг хариуцлагатайгаар л гүйцэтгээд явах ёстой. Улсын их хурлын гишүүн болсноо миний хувьд бол эрх мэдэл, ямба гэж би огт боддоггүй. Харин салбарын, нийгмийн, бүр боломжтой бол эдийн засгийн хөгжилд сурсан мэдсэн зүйлээрээ хувь нэмрээ оруулах боломж гэж боддог.
-Улс төрд, олон нийтийн эрх ашгийг төлөөлөн ажиллаж байгаа хүний хувьд шударга, зарчимч байж, нэр цэвэр байх боломжтой юу. Та энэ дөрвөн жилийн хугацаанд магадгүй түүнээс цааших улс төрийн карьертаа ямар зарчим баримталж ажиллана гэж боддог вэ?
-Миний хувьд мэргэжлийн зарчмаа бариад ажиллах юм бол мөр цэвэр байх болов уу гэж боддог. Үр дүнгээ ч гаргаж чадна гэж боддог. Сүүлийн үед татвар төлөгчдийн мөнгөөр орон сууцын дэмжлэг авсан гишүүд байна гэх зүйл яригдаад байгаа. Энэ 126 гишүүнтэй парламентад орон сууцын дэмжлэг авсан нэг ч гишүүн байхгүй. Өмнө нь авсан гишүүд байж магадгүй. Миний хувьд гэр бүлийн хүмүүжил ч гэдэг юм уу нэг зүйл байдаг.
Татвар төлөгчдийн мөнгөөр амьдралаа сайжруулъя, хувийн бизнесээ томруулъя эсвэл илүү өндөр орлоготой болъё, ашиг хонжоо харъя гэсэн хүмүүжил надад байхгүй.

Тийм гишүүд ч бас цөөхөн байх гэж би итгэдэг. Гол нь урдах ажлаа сайн хийх л юм бол аяндаа олон нийт хүлээн зөвшөөрнө гэж боддог. Монголчууд маань ухаантай шүү дээ. Сонгуулийг харсан ч гэсэн яг л ханатай сонголтыг хийдэг. Тэгэхээр урдах ажлаа хариуцлагатай сайн хийгээд явах юм бол заавал нэр төрийн араас хөөцөлдөх албагүй л болов уу.
Дэлхийн нийслэлүүд бүгд л утаатай, түгжрэлтэй байсан. Гэлээ ч тэд хотоо хаяж нүүгээгүй.