УИХ-ын чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл орж ирсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан байр сууриа илэрхийллээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хойшлуулж болох ч гол концепц нь төрийн данхар бүтцийг цомхотгож, иргэн анхан шатны нэгжээсээ үйлчилгээгээ бүтэн авч, асуудлаа эхний хаалганаасаа шийдүүлэх энэ хуулийг заавал хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон маш том ажил бол 20 минутын хот. Үүнийг хэрэгжүүлэх үндэс суурь нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль юм. Хэрэв энэ хууль хэрэгжихгүй дахиад хойшлох юм бол 20 минутын хот үндэсний хорооны ч хэрэггүй болно. Ийм бүтэц байх ямар ч шаардлага байхгүй. Гадуур буруу зөрүү ойлголт өгч 14 хот, 14 захирагчтай болох мэдээлэл гарсан. Анхны санаачилга нь таны хажууд байгаа төрийн албан хаагчдад бүх эрх мэдлийг шилжүүлэх л концепц. Хороон даргаас эхлээд төрийн шат шатандаа шийдвэр гаргадаг болох юм. Р.Эрдэнэбүрэн сайдаас ганц л зүйл хүсмээр байна. Үндэсний хорооны ажлын хэсэгт байхад ЗГХЭГ хойрго ажилласан. Эдэлбэр газруудыг гаргаж өгөхөд гурван сар бухимдсан. Хуулийг хэрэгжүүлэхэд сэтгэл гаргаагүй. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар сүүлд хоёрдугаар сараас хойш л ажиллаж эхэлсэн. Аль аль талдаа хичээгээгүй. Тиймээс бэлтгэлээ хангая гээд оруулж ирж байгааг зөв гэж бодож байна. Энэ хуулийг заавал хэрэгжүүлэх ёстой. 1992 оноос 30 гаруй жил явж байгаа Монгол Улсын засаг захиргаанд томоохон шинэчлэл хийхгүй бол болохоо больсон. Ажил хийдэггүй, хүн үйлчлүүлдэггүй төрийн байгууллага олон. Тэднийг өөрчилж цомхотгоё, нэгтгэе эргээд шаардлагатай эрх мэдлийг нь шилжүүлье гэсэн санаачилга гарсан. Мөн УИХ-д хэд хэдэн сонгогдсон гишүүд үндэсний хороонд орж болохгүй гэсэн асуудлыг хөндөж байна. Байж болно. Гэхдээ УИХ үндсэн зарчмыг тогтоож өгөх ёстой. Нэг хүнд субьектив хандаж болохгүй. Гурав сонгогдчихоороо хүний дээд ухаантны охь болчихдог юм уу” хэмээлээ.