Төвбанкийг хэн удирдах бэ гэдэг таамаг, эргэлзээ олон сар дуншсаны эцэст нэр тодорлоо. Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогтыг томилохоор болсноо УИХ-ын дарга Н.Учрал бүлэгтээ танилцуулав. Тиймдээ ч Монгол Улсын мөнгөний бодлого, эдийн засгийг тэлэх амаргүй ачааг даатгаж буй С.Наранцогт гэж хэн бэ гэдэг мэдээлэл энэ өдрүүдэд хөвөрч байна. Тэрбээр ясны “тооны” хүн гэгддэг. МУИС-д физикч математикч мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэгтэй, БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн инженер-эдийн засагч мэргэжлээр доктор /Ph.D/ хамгаалсан. АНУ, Сингапур зэрэг цөөнгүй оронд боловсрол эзэмшсэн.
Төсвийн болон гадны байгууллагад инженер, удирдлагын чиглэлээр ажлын гараагаа эхлүүлж Сангийн яаманд мэргэжилтнээс хэлтэс, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар төрийн албаны шат бүрээр алхаж мерит зарчмаар дэвшиж ирсэн. Улмаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлаар томилогдож өнөөг хүртэл ажиллаж байгаа.
С.Наранцогт уул уурхайн 30 гаруй компанийг нэгдсэн удирдлагаар хангаж зангидах урьд өмнө хийгдэж байгаагүй реформыг цаасан дээрх төслөөс эхлүүлэн удирдаж өнөөг хүргэв. Уул уурхайн салбарын авлига, ашиг сонирхлоос эхлээд болж бүтэхгүйг "шилэн" болгож, бугшсан идээ бээрийг ч сайн шахсан. Тэр хэрээр шүүмжлүүлж ч үзсэн.
"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан гурван жилд 500 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулан компанийг санхүүгийн хувьд эрүүлжүүлж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх түүхэн үүргийг гүйцэтгэж байна. Түүний удирдлага дор "Хуримтлалын сан"-д 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх, стратегийн мега төслүүдийг хөдөлгөх, критикал ашигт малтмалын хайгуулыг эрчимжүүлэх ажлууд амжилттай хэрэгжиж байна.
Өмнө нь Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар ажиллахдаа макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, ялангуяа гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын 362-р тогтоолыг санаачлан батлуулж, уул уурхайн экспорт, тээвэрлэлтийн гацааг арилгах, "офф-тейк" гэрээг цэгцлэх шийдмэг алхмуудыг хийж байв.
Мөн түүний ажлын туршлага Сангийн яам болон банкны салбартай салшгүй холбоотой. Төрийн сангийн нэгдсэн тогтолцоо, төрийн албаны цалингийн нэгдсэн систем, НӨАТ-ын цахим систем зэрэг төсвийн сахилга бат, ил тод байдлыг хангасан томоохон цахим шилжилтүүдийг удирдсан. Хөгжлийн банк, Төрийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллахдаа чанаргүй зээлийг барагдуулах, засаглал болон эрсдэлийн удирдлагыг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан туршлагатай.
Товчхондоо, С.Наранцогт нь Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, төсөв санхүүгийн удирдлага, уул уурхайн засаглалын салбарт суурь шинэчлэлүүдийг гардан хэрэгжүүлсэн туршлагатай эдийн засагч, төрийн зүтгэлтэн юм. Тиймдээ ч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд стратегийн зөв төлөвлөлт хийж, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх замаар бодит үр дүнд хүрдэг, реформч удирдагч гэдгээр нь улс орны мөнгөний бодлого, эдийн засгийн “тусгаар тогтнол”-ыг хариуцах хариуцлагатай, хүндхэн үүрэг түүнд оногдлоо.
ТОВЧ НАМТАР:
Боловсрол:
• 1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
• 1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
• 1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
• 1999-2001 онд МУИС-ийн ийн Физик, математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
• 2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер-эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
• 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
• 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
• 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
• 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
• 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
• 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
• 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
• 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
• 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
• 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
• 2022 онд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
• 2022.11 сар Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
• 2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага
• 2014 онд АНУ, Жон Кеннедийн их сургуульд Засаглалын шинэчлэл
• 2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик
• 2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага
• 2019 онд Улаанбаатар хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан.
Шагнал:
• 2010 онд Санхүү, банкны Тэргүүний ажилтан
• 2011 онд Алтан гадас одон
• 2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
• 2021 онд Сүхбаатарын одон
















