Эрх баригч хоёр намын даргын сонгууль хоорондоо хоёр сар гаруйн зайтай өрнөлөө. Парламентад хамгийн олон суудлыг авсан МАН 300 мянган гишүүнтэй. Сөрөг хүчин 200 гаруй мянган гишүүнтэй. Хэдийгээр гишүүд, дэмжигчдийн хувьд 100 мянган “санал”-ын зөрүүтэй ч намын даргыг сонгох процесс эрс тэс ялгаатай өрнөв.
АН арваад нэр дэвшигчтэй, мэтгэлцээнтэй, Төрийн ордонд нэг өдөр хуралдав

АН-ын даргын сонгуульд арваад нэр дэвшигч өрсөлдөхөө илэрхийлж, зарим нь ҮБХ-ын дүрэм, шаардлагад нийцэхгүй гэж хасагдсан бол хэд хэдэн хүн нэрээ татах зэргээр харьцангуй ардчилалтай өрнөв.
АН-ын даргад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ө.Шижир, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхбаясгалан, ХЗДХ-ийн сайд асан О.Алтангэрэл нараас гадна Глобал удирдагч сургуулийн захирал Б.Отгонбат нар өрсөлдөхөө мэдэгдэж байв. Харин Ч.Лодойсамбуу, Г.Мөнхбаясгалан, ХЗДХ-ийн сайд асан О.Алтангэрэл нар намын ҮБХ-нд дөрвөн жил ажиллаагүй гэсэн шалгуураар нэр дэвших боломжгүй болсон бол Ө.Шижир 200 сая төгрөгийн дэнчингээ тушаагаагүй учраас хасагдсан юм.
Ийнхүү АН-ын даргад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Глобал удирдагч сургуулийн захирал Б.Отгонбат нар өрсөлдөхөөр “тунаж” бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар NTV телевизээр мэтгэлцэв.
Эцэст нь сөрөг хүчин Төрийн ордонд ҮБХ-ны 360 гаруй гишүүнтэйгээр хуралдаж нэр дэвшигч бүр 20 минутад багтаан мөрийн хөтөлбөрөө танилцуулах, ҮБХ-ны гишүүдийн асуултад хариулж санал хурааснаар даргаа тодруулав.
Энэ үеэр Дотоод сонгуулийн хорооны ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү “Сонгуульд нэр дэвшигчд зардлаа өөрөө даагаад явъя гэдэг асуудал тавьсан. Энэ удаагийн сонгуулийн зардал 408 сая төгрөг болсон. Нэр дэвшигч нар бүгд хүлээн зөвшөөрсөн учраас хуваагаад тус бүр 102 сая төгрөгийн зардлыг төлсөн. Энэ мөнгө сонгуулийн арга хэмжээнд зарцуулагдаж байгаа. Хэвлэл мэдээлэл, орон нутгаас ирж байгаа гишүүдийн зардал зэрэгт зарцуулж байна" гэж мэдэгдсэн. Мөн “Манай намынхан мартагдсан мэтгэлцээнийг сэргээж чадсанаар Ардчилсан намын даргад нэр дэвшигчид юу хийх бодолтой байгаа юм, хэн нь ямар хүн бэ гэдгийг богино хугацаанд монголчууд маань таньсан болов уу” гэдгийн намын ахмад гишүүд хэлж байв. Түүнчлэн намын даргад тавих зарчмаа гишүүд хэвлэлээр нээлттэй ярьж, мэтгэлцэж байлаа.

Улмаар Ардчилсан намын даргад өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл 196, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 82, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа 33, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонболд гурван санал авч, Б.Отгонболд 10 хувийн санал авч чадаагүй тул шууд өрсөлдөөнөөс хасагдсан.
Ийн эцэст нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 63 хувийн саналаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэл сонгодсон юм.
МАН-ын дарга тав хоногийн өмнө тодорч, өрсөлдөөн, мэтгэлцээнгүй. 2200 төлөөлөгч гурван өдөр “тансаг” хуралдаж байна
Эрх баригч намын Их хурал болохоос тав хоногийн өмнөөс Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргад нэр дэвшихгүй гэдгээ зарласан бол ердөө маргааш нь Д.Амарбаясгалан өрсөлдөөнөөс нэрээ татав. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд МАН-ын дарга Н.Учрал болно гэсэн мессеж олон нийтийн сүлжээнд хөвөрсөн. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нарыг өрсөлдөх болов уу гэсэн хүлээлт байсан ч тэгэсхийгээд намжсан. Өөрсдөө ч “залуу үеэ” дэмжинэ гэсэн нь битүүхэндээ Н.Учрал руу заав. Ийн МАН-ын Их хурал болохын өмнөх тав хоногт Н.Учралаас өөр нэр ч тодорсонгүй, нэр дэвшигч ч гарч ирсэнгүй. Харин МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагважавын нэр яригдаж тэрээр Их хурлын үеэр заалнаас нэр дэвшихдээ “Та нар угаасаа Н.Учралыг сонгох байх. Гэхдээ 2200-лаа цуглачихаад ганцхан хүн дэвшүүлээд тэрийгээ 100 хувь сонгоод хорвоо ертөнцөөр зарлавал юу болох уу...” гэсэн нь МАН хэрхэн хайрцаглагдсаныг харуулах шиг болсон.

Ийн олон нийтийн шүүмжилснээр ямар ч өрсөлдөөнгүй, хайрцаглагдсан, олон хоногийн өмнөөс урьдчилан тохирсон МАН-ын XXXI их хурлын 2200 гаруй төлөөлөгчийн 94.95 хувийн саналаар Ням-Осорын Учрал МАН-ын даргаар сонгогдлоо. Эндээс харвал МАН-ын даргын төлөө ямар ч өрсөлдөөн өрнөөгүй учраас бодлогын мэтгэлцээн өрнүүлэх боломжгүй байсан биз. Мөн 2200 гаруй хүн Буянт-Ухаа цогцолборт гялгар самбар, гял цал самбар чимэглэл, тансаглал дунд бүтэн гурван өдөр хуралдаж байна. Энэ нүсэр хуралд хэр хэмжээний зардал гарч байгаа, хаанаас хэрхэн төлж буйг хэн ч хэлсэнгүй. Зааланд эрүүл шүүмжлэл, өчүүхэн төдий өрсөлдөөн өрнөсөнгүй. Ганц нэгхэн хүнийг эс тооцвол ахмад, дунд, залуу үеийнхэн аль нь ч зарчим ярьж, “зад” загнасангүй. Урьдчилан бэлтгэсэн сцениараар өрнөх шиг боллоо.

Үндсэндээ 200.000 гишүүнтэй АН арваад нэр дэвшигчтэй, нээлттэй мэтгэлцээнтэй, хурлын зардлаа ил тод зарлаад Төрийн ордонд нэг өдөр хуралдаж ҮХБ-ны 360 гишүүний 63 хувийн саналаар намын дарга нь тодорсон.
Харин 300.000 гишүүнтэй МАН-ын даргад өрсөлдөх хүн байсангүй. Их хурлаас 4-5 хоногийн өмнө “дугтуйн” дахь нэр урьдчилан задарч, Их хурлын 2200 төлөөлөгчийн 94.5 хувийн саналаар намын дарга тодров. Эрх баригч нам Буянт-Ухаа цогцолборт гялгар самбар, гял цал чимэглэл, тансаглал дунд бүтэн гурван өдөр хуралдаж байна. Энд ямар ялгаа харагдаж байна вэ.

















