Эрх баригч нам нийслэлд олонх болж НИТХ-ын 45 суудлаас МАН 40, АН таван суудлыг авсан. Ийм хүч тэнцвэргүй нөхцөл үүссэнээр МАН Хотын дарга, НИТХ-ын даргаа сонгох бүрэн эрхтэй болж эртнээс төлөвлөсөн ил цагаан тохиролцооны дагуу хотын даргаа Х.Нямбаатар, НИТХ-аа А.Баярт өгсөн. Тиймдээ ч НИТХ, Засаг дарга, Тамгын газрын удирдлагууд нь нийлж, холбогдоод нэгэн “Вант улс” болтлоо уусан ижилдсэн. Үүний ганцхан жишээ нь нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчөөс 28 нь албан тушаалаараа Засаг дарга Х.Нямбаатарт харьяалах, түүний өмнө ажлаа тайлагнах “давхар дээл” өмссөнийг Mongoliapress агентлаг хөндөн бичсэн.
Уг нь нийслэлийн ИТХ бол Улаанбаатарын иргэдийн шууд сонголтын үр дүнд хамтаараа шийдвэр гаргахаар бүрдсэн байгууллага. Тэд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сонгож томилуулах санал гаргахаас гадна ажлыг нь үнэлж дүгнэх, бүр шаардлагатай бол томилсон шигээ огцруулах саналыг Ерөнхий сайдад уламжлах эрх нь ч нийслэлийн ИТХ-д бий. Гэвч өнөөдөр А.Баярын удирдсан НИТХ хууль журмын дагуу ажиллаж үүрэг хариуцлагаа ухамсарласангүй өдийг хүрлээ. Тэд нэг гараараа Х.Нямбаатарын өргөн барьсан төслийг баталж, нөгөө гараараа тэр төсвийг бүрдүүлж, зарцуулах Засаг даргын зарц, барлаг лугаа зүтгэж байна. Ийм нөхцөлд тэд Х.Нямбаатарыг ажлыг үнэлж, хариуцлага тооцно гэдэг нь “үлгэр” юм. Үнэхээр ч өнгөрсөн намрын сонгуулиас хойш нийслэлийн ИТХ-ынхан Х.Нямбаатар даргын ажилд алга ташиж, аялдан дагагчийн дүрийг илүүтэй бүтээж. 45 төлөөлөгчтэй ИТХ-ын 30 орчим нь буюу талаас илүү нь Х.Нямбаатарын шууд удирдлагад ажиллаж байгаа тохиолдолд тэр чигээрээ, А.Баяр даргатайгаа Засаг даргыг аялдан дагалдаж буйгаас өөрцгүй билээ.Угтаа НИТХ гэдэг бол “том” амбицтай байх учиртай бүтэц. Атал НИТХ-ын дарга нь жижиг сажиг зүйлд уурлаж ундууцаж, пи-артаа анхаарч, гадагшаа дотогшоо айлчлахаас өөр олигтой зүйл хийсэнгүй. Ер нь ч "Корпорэйт" зочид буудлын маркетингийн ажилтнаас эхэлсэн А.Баярт төрийн ажлын туршлага тун тааруу. Баянзүрхийн ИТХ, НИТХ-ын даргаас өөрөөр төрд зүтгэсэн он жил үгүй.
А.Баяр Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад тушаал дэвшиж НИТХ-руу явахдаа 14.1 сая төгрөгийн тэтгэмж авсан байдаг. Өөрөөр хэлбэл, түүнийг ИТХ-аас буухад нь татвар төлөгчдийн мөнгөөр хагас жилийн цалинтай тэнцэх урамшууллыг бодож шилжүүлсэн байгаа юм. Тухайн үед энэ талаар асуусан хэвлэлийнхэн рүү уурлаж “Би тэр мөнгийг нь авч идээгүй” хэмээн хэгжүүрхэж байв. Тэгвэл НИТХ-ын дарга А.Баяр татвар төлөгчдийн мөнгөнөөс авсан сул “орлого”-ыг нь эвтэйхэн зохицуулахгүй олон нийтэд мэдэгдлээ хэмээн уурласандаа буцаан төрийн сангийн данс руу шилжүүлжээ.
Уг нь олон нийтийн өмнө шударга дүр эсгэдэг шигээ анхнаасаа авахгүй гэдгээ хэлсэн бол удирдаж байсан дүүргийнх нь ард иргэд рүү чиглэсэн аль нэг ажилд зарцуулж болох байсан биз. Гэтэл Баянзүрх дүүргийн нэрээр шат ахиж гарч ирснээ умартаж тэтгэмжийн мөнгөө дүүрэг ч ашиглахааргүй болгож “хорлосон” хэрэг. Энэ мэт явуургүй жижиг сажиг “хортой” зан нь улс төрд хэр хол явуулах бол хэмээн бухимдаж буй хүмүүс ч бий аж.
БЗД-ийн ИТХ-ын дарга асан А.Баярын аав нь “ДЦС-4” ТӨХК-д удирдах өндөр алба хашиж ирсэн. Хөлбөмбөгийн багтай гэдгийг хэн бүхэн мэднэ. Улмаар А.Баяр аавынхаа найзын компанид захирлаар ажилладаг байсан. Тэр компани нь Шивээхүрэн-БНХАУ-ын Сэхээ боомт хооронд ачаа тээвэрлэдэг зэргээр гадаадын иргэнтэй нэлээн эртний холбоо сүлбээ бий гэлцдэг. Хамгийн хоржоонтой нь тэр унах унаагүй хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлж байв.