Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгаж, бүсийн зөвлөл анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, тэдгээрийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай  мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу Засгийн газар, Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны дарга С.Амарсайханы ажлын алба, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хамтран Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдааныг өнөөдөр Архангай аймгийн “Ара арена” цогцолборт зохион байгуулж байна. Энэхүү хуралдаанаар хангайн бүсийн хөгжлийн төлөвлөгөө, тэргүүлэх төслүүд, бүсийн зөвлөл, засаглал, эрх зүйн орчин, тухайн бүсийн онцлог, тэргүүлэх чиглэл, амьдралын чанар, тулгамдсан асуудал зэрэг олон талт асуудлыг хэлэлцэн нэгдсэн санал дүгнэлт гаргах юм.

Хангайн бүсийн хувьд эрчим хүчний хангамж сул, эх үүсвэрийн хувьд дутагдалтай. Ганц эх үүсвэртэй буюу Орхон аймгаас эрчим хүчээ авдаг бөгөөд Булганд эрчим хүчний шугам, сүлжээ доголдоход хангайн бүсийнхэн тэр чигээрээ лаа барихад хүрдэг гэж хэлж болно. Тиймээс ч оролцогчид эрчим хүчний бие даасан байдлаа хэрхэн хангах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаарх саналаа хэлж байсан юм. Тухайлбал,

Баянхонгор аймгийн Байдрагийн гол дээр 30МВт хүртэлх хүчин чадалтай станц барихдаа байгаль орчны нөлөөлөл, холбогдох бусад талын судалгаа, үнэлгээг ул суурьтай хийх ёстойг хэлж байна.

Өнгөрсөн онд УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар улсад айлчлах үеэр “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан. Улмаар боловсруулсан ТЭЗҮ-ээ Унгарын талд хүлээлгэн өгсөн юм. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслийн нэг юм. Эл төслийн ажил нэлээд удаашралтай, үүнээс хойш олигтой ахиж урагшлахгүй байгааг албаны эх сурвалж өгүүлэв.

Мөн Засгийн газраас 10 аймагт дулааны станц ашиглалтад оруулах ажлыг эхлүүлсэн. Гэвч манай Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу 2021 онд эхлүүлсэн ажил бүтэл муутай байгаа.

Дээрх 10 аймагт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг багтаж буй бөгөөд энэ ажлыг хийхээр шалгарсан солонгос компани мөнгөгүй гэх шалтгаанаар ажиллахгүй байгааг УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар дуулгав.

Тэрбээр энэ төслийн явцыг "нохойн замаар орсон" хэмээн дүгнэж, "Эл асуудлаар Эрчим хүчний яамныхан таг дуугүй байгаа. БНСУ-ын Элчин сайдын өгсөн мэдээллээр шалгарсан компани нь мөнгөгүйн зэрэгцээ шүүхийн шатанд маргаан үүсгэчихсэн яваа юм билээ. Дахин хөрөнгө босгох юм гэсэн. Ирэх зургадугаар сард болох Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ асуудлыг шийднэ хэмээсэн" гэв.

Түүнчлэн энэ оны улсын төсөвт сэргээгдэх эрчим хүчний 10 МВт-ын цахилгаан станц, 20 МВт-ын баттерей хуримтлуурын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр хөрөнгийг нь тусгаж. Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулах ёстой. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг тийм ч найдвартай бус гэдэг талаас нь харах хүн цөөнгүй.

Тиймээс ч дээр дурдсан төслүүдээс өмнө Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 КВт-ын цахилгаан дамжуулах шугам барих ёстой гэсэн байр суурийг МҮХАҮТ-ын Өвөрхангай аймаг дахь салбар танхимын дарга Б.Ууганбаяр илэрхийлж байлаа.

Бас Баянтээгийн ордыг түшиглэсэн 50 МВт-ын станцыг эхний ээлжинд ашиглалтад оруулах ёстойг тэрбээр хэлэв.