Засгийн газраас цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барьсан. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан судалгаа гарсан. Манай улсаас нийт 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн байна. Зөвхөн 1Хbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам.доллар шилжиж ирсэн байна. Бүх төрлийн үйл ажиллагааг спонсорлох нэрийдлээр оруулж ирдэг. Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан. Гэвч линкнүүдийг сольж, VPN ашиглаж үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Энэ ААН-үүдэд Зөрчлийн хуулиар 13,5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд л гэсэн үг. Иймд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна” хэмээж байсан юм. Энэ дагуу сар гаруйн өмнө парламент дэмжиж Ажлын хэсэг байгуулагдан судалж байгаа.

Тэгвэл Ажлын хэсгийн гишүүдээс спортын бооцоот буюу “төлбөрт таавар”-ыг үлдээх санал гаргажээ. Энэ талаар Н.Учрал “Яг амьдрал дээр спортын бооцоот тоглоом нэрийн цаана цахим мөрийтэй тоглоомын шинжтэй үйл ажиллагаа явагдаж байгаа нь ил байна шүү дээ.
Засгийн газар цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг өргөн мэдүүлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд зөвхөн 1XBET платформоор 16.6 сая ам.доллар гадагш ямар ч хяналтгүй гарсан байна. Энэ бол нэг айлын биш, олон зуун өрхийн амьдрал, ирээдүй нурж буйг илтгэнэ. Хуулийг “сайн судалъя” нэрээр 7 хоног, магадгүй хэдэн сараар хойшлуулж болно. Энэ хооронд залуус нь амьдралаа алдсаар, арга хэмжээ авах ёстой төрийн албан хаагчид нь хууль, эрх зүйн орчингүй байсаар байна гэдгийг ойлгоорой. Цахим мөрийтэй тоглоом бол зүгээр нэг "зугаа", "тоглоом", "хобби" биш. Энэ бол олон хүний амьдралыг сорж буй далд тахал юм шүү.Энэ тахлыг дарж, иргэдээ хамгаалах нь Засгийн шатрын үүрэг. Бид энэ зарчмаасаа нэг ч алхам ухрахгүй” гэлээ. Өөрөөр хэлбэл, гишүүд спортын бооцоот халхавчаар цахим мөрийтэй тоглоомыг авч үлдэх санал гаргав уу гэдгийг харах үлдлээ.