Газрын тосны рояалтийн 30 хувийг орон нутагт хуваарилдаг нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэв. Сануулбал, Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ” хэмээн заасан. Мөн нөөц ашигласны төлбөрийг хуваарилахдаа газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх зохицуулалт Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5-т бий. Эдгээр нь Үндсэн хуулийн зарим заалтад нийцсэн, эсэхийг хэлэлцсэн юм. Улмаар уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, магадлал гаргалаа.