Нийслэлийн Засаг даргыг сонгож, хийх ажлыг нь баталж, хяналт тавьж, хариуцлага тооцон огцруулах хүртэл эрхтэй ИТХ-ын төлөөлөгчид нь өдгөө Х.Нямбаатарын харцаар хөдөлдөг албатууд болж хувирсныг бид Х.Нямбаатарын халаасанд багтсан НИТХ нийтлэлээрээ харуулсан. Улсын нийслэл Улаанбаатараас гадна тухайн дүүрэг, аймаг, сумын ИТХ буюу иргэд, сонгогчдоосоо шууд сонгогдон бүрддэг “Бага парламент”-ын гишүүн-төлөөлөгч нар ч шат шатны Засаг даргынхаа зангасан газар нь ил гарах зарц барлаг болсон нь дэндүү олон аж. Жишээ нь, Хан-Уул дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 30 нь Засаг дарга Б.Цэрэнгээс шууд хамаарах 2-3 “давхар дээл”-тэй байгааг доорх жагсаалтаас харж болно. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн ИТХ-ыг дарга Ч.Бат-Оргил бус, Засаг дарга Б.Цэрэн засаглан удирдаж байна гэсэн үг.
Түүнчлэн эдгээр “давхар дээлтэн”-ий 26 нь МАН-ын төлөөлөгч байна.
Тус намаас ИТХ-д 30 суудалтай бөгөөд эдгээр 26-гаас гадна ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил нараас бусад гурван гишүүн л одоогоор ямар нэгэн албан тушаал давхар хашаагүй байгаа юм. Үнэндээ Хан-Уулын ИТХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй Ардын намын төлөөлөгчдийн 90 хувь нь Засаг даргынхаа шууд удирдлага дор, түүнээс цалин аваад ажиллаж байна.
Цаашлаад тэдний 15 нь буюу тэн хагас нь гурван “давхар дээл”-тэй байгааг харж болно.
ТУЗ-ийн гишүүний зэрэгцээ хорооны Засаг даргаар ажиллаж байна, тэд. Тоолбол хорооны 12 Засаг дарга-төлөөлөгч байна. Тэд бүгд ТУЗ-ийн гишүүний болон хорооны Засаг даргын цалин авч буй.
1. Б.Цэрэн-Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
2. Ц.Эрдэнэбаатар-“Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга, дүүргийн менежер, ИТХ-ын төлөөлөгч
3. Ч.Базарзаяа-Засаг даргын орлогч, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга, ИТХ-ын төлөөлөгч
4. Ц.Чинзоригт-“Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал, ИТХ-ын төлөөлөгч
5. Ц.Эрдэнэцэцэг-“Эко ахмадын сувилал” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал, ИТХ-ын төлөөлөгч
6. О.Ганхуяг-“Хан эко тээвэр” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга, Соёлын ордны дарга, ИТХ-ын төлөөлөгч
7. Б.Амартүвшин-“Хан-Уул яармаг” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал, ИТХ-ын төлөөлөгч
8. Д.Ганбадрах-“Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал, ИТХ-ын төлөөлөгч
9. А.Одбаяр-“Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга, 13 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
10. С.Сайнбаяр-“Хан-Уул агро” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга, ИТХ-ын төлөөлөгч
11. И.Сарангэрэл-“Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, I хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
12. С.Жамсран-“Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, II хорооны Засаг дарга
13. Д.Алимаа-“Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, VIII хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
14. А.Сүххишиг-“Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, 17 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
15. Б.Алтантуяа-“Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, X хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
16. С.Ариунтуяа-“Хан-Уул агро” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, 11 дүгээр хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
17. П.Мөнх-Эрдэнэ-“Хан-Уул агро” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, 15 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
18. Ж.Хишигбаяр-“Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, 16 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
19. Б.Байгалмаа-“Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, 21 дүгээр хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
20. Э.Насан-Очир-“Хан-Уул яармаг” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, 20 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
21. А.Отгон-Эрдэнэ-“Хан эко тээвэр” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ий гишүүн, 24 дүгээр хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч
22. Д.Мөнхбаяр-“Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын даргын зөвлөх
23. Б.Ариунболд-“Хан-Уул агро” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч
24. Н.Наранцацрал-“Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч
25. Н.Мэндбаяр-“Эко-Ахмад сувилал” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч
26. Ц.Алтангэрэл-“Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч
27. А.Мөнх-Амгалан-Нийтлэг үйлчилгээний албаны ТУЗ-ийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч
28. Д.Энхтүвшин-“Эко-Ахмад сувилал” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч
- С.Мөнхжаргал-“Хан-Уул яармаг” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч
- Б.Хүрэлтулга-“Хан-Уул яармаг” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч
Эндээс харвал, “Тохижилт, үйлчилгээний төв” болон “Хан-Уул агро” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга нар болон тус бүр гурван гишүүн нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байх жишээтэй. Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн ТУЗ нь таван гишүүнтэй бөгөөд “Тохижилт, үйлчилгээний төв”-ийн ТУЗ-д гэхэд даргатайгаа нийлээд дөрвөн төлөөлөгч томилогдож.
Хамгийн гол нь тэднийг дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн ИТХ-ын тэргүүлэгчид томилдог учраас одоогийн бүрэлдэхүүн нь Б.Цэрэн даргаас шууд хамааралтай гэсэн үг.
Бас “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаас гадна ТУЗ-ийн гурван гишүүн нь ИТХ-ын төлөөлөгч байна. Гүйцэтгэх захирлыг Засаг дарга шууд томилдог. Бас гүйцэтгэх захирлаасаа гадна ТУЗ-ийн дөрвөн гишүүн нь ИТХ-ын төлөөлөгч байгаа байгууллага бол “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ юм.
Үндсэндээ Хан-Уул дүүргийн ИТХ-ыг “ОНӨААТҮГ (орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар)-ын ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирлуудын хурал” гэж нэрлэвэл таархаар болж.