Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүрэн ил болох, хариуцлагатай, дотоод ардчилалтай байх эрх зүйн боломж баталгаажлаа. Үүний хамгийн том хөшүүрэг бол татвар төлөгчдийн мөнгөөр улс төрийн намуудын зардлыг хуваалцах зохицуулалт юм. Ийн сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүрдэхтэй зэрэгцээд улс төрийн намууд ч хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж төлөвших шатандаа орж байна. Монголын анхны мультимедиа агентлаг Mongoliapress.mn “Монтажгүй яриа” буландаа МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Одыг урьж улс төрийн нам тойрсон өргөн сэдвээр ярилцлаа.
-ТӨЛӨӨЛЛИЙН АРДЧИЛЛЫН АМИН ЧУХАЛ ИНСТИТУЦ БОЛСОН НАМЫГ ЯАЖ ТӨЛӨВШҮҮЛЭХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ДЭЛХИЙ ДАЯАР ЯРИГДСААР БАЙНА-
-Монгол Улс олон намын тогтолцоонд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд намын төлөвшил болоод хууль эрх зүйн зохицуулалт талаасаа ямар зам туулж өдийг хүрэв. Яг бодитоор бол дотоод ардчилалтай, ил тод нээлттэй, хариуцлагатай байх санаачилга одоо л хуульд тусгалаа олж байна шүү дээ?
-Манай улс 1990 оны тавдугаар сард анх удаа Улс төрийн намуудын тухай хуультай болсон. Одоогоос 35 жилийн өмнөх энэ хуулийг судлаачид шинэ тогтолцоо руу шилжих үед олон намын тогтолцоог хуульчилсан шилжилтийн үеийн хууль гэж нэрлэдэг. Тухайн үед олон шинэлэг зохицуулалт орсны дотор нам санхүүгээ өөрсдөө хариуцах заалт байсан. Мөн зохион байгуулалтын хувьд хуучин тогтолцоонд байсан аж ахуйн нэгж байгууллагуудад байсан намын бүтцийг халж, үйл ажиллагаа нь илүү нээлттэй байх заалтыг оруулж өгсөн. Гэхдээ өнгөрсөн түүхийг харахад намын хууль төлөвшлийг дэмжихүйц үр дүнтэй зохицуулалт байж чадаагүй. Учир нь намд санхүүжилт нэмэгдэхийн хэрээр хөрөнгө, орлого хаалттай болсон. Мөн намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай болсон. Ингээд 1996 онд намыг УИХ дахь суудлаар төрөөс санхүүжилт олгох болсон. 2005 онд Улс төрийн намын тухай хуулийг дахин шинэчлэн батлахдаа намууд дотоод ардчилалтай, нээлттэй, хариуцлагатай, ил тод байх зарим заалтыг баталсан байдаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нам төлөвшихгүй байсан учраас юун дээр алдсан бэ гэдгээ цэгнэх хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл хөрөнгө, орлого нээлттэй байсангүй, хэрэгжүүлэх, хяналт тавих боломжгүй байжээ.
Улс төрийн нам бол ардчиллын хамгийн чухал амин сүнс, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэгч. Тиймээс дэлхий даяар намыг хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг асуудал яригдсаар л байгаа. Найдвартай олсон нэг шийдэл нь төрөөс улс төрийн намд хэсэгчилсэн санхүүжилт олгох замаар хариуцлагатай, ил тод болгоё гэдэг хандлага 1960-аад оноос хойш хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 120-иод улс ямар нэг байдлаар улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлэх загвар руу шилжчихээд байгаа. Гэхдээ л яавал намуудыг ил тод, хариуцлагатай, дотоод ардчилалтай болгох вэ. Нам өөрөө олон нийтийн байгууллага хэр нь яагаад гишүүдээсээ санхүүжилт авах ёстой юм, яагаад төсвийн санхүүжилтийг их өгч болдоггүй юм зэргээр туршлага хуримтлагдсаар л байна. Харин Монгол Улсын хувьд энэ талын зохицуулалтууд хангалтгүй байж ирсэн. Тиймээс 2023 оны долоодугаар сард Улсын Их Хурал Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа Европын орнуудын сайн туршлага, зохицуулалтыг шингээж хэрэгжүүлэх механизмд нь онцгой анхаарсан. Тухайлбал, манайхан намд гишүүнээр элссэн л бол үүрэг хүлээхгүй явсаар 30 жил өнгөрлөө. Харин шинэчилсэн хуулиар намын гишүүн бол заавал татвараа төлөх үүрэг хүлээж байгаа. Энэ нь намын санхүүжилт авах хөшүүрэг болох тайлан тооцоонд нь тусгагддаг байх шинэ зохицуулалт оруулж ирсэн. Хариуцлага, хяналтыг сая л хуулиар нээж өглөө шүү дээ. Одоо бол нам тасралтгүй үйл ажиллагаа явуулах, амьд байх үүрэгтэй болж байна. Ингэж улс төрийн намын хөрөнгө орлого ил тод, нээлттэй, хариуцлагатай, дотоод ардчилалтай байх санаачилга хуульд тусгалаа олоход МАН, АН, ХҮН нам болоод бусад намууд улс төрийн манлайлал үзүүлсэн гэдгийг онцлох ёстой. Харин одоо дараагийн алхам болох хууль хэрэгжих нь дахиад л улс төрийн намуудын манлайллаас шалтгаална.
-Энэ шинэчлэлийг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид ярьж хэлж шаардлаа. Намын санхүүжилт гэхээр л авлига, албан тушаал, эрх мэдэл яригддаг. Батлагдахгүй байх саад нь юун дээр гацаад байв?
-Хамгийн гол зүйл бол улс төрийн намуудын хүсэл зориг л байсан. Олон улсын хандлагуудыг хүлээн зөвшөөрөх, Улс төрийн намын хуулийг батлах хэрэгцээ шаардлагыг бүрэн ойлгох хүсэл зориг 2023 онд л бүрдлээ шүү дээ.
Улс төрийн намыг Үндсэн хуулийн институц гэдэг утгаараа Үндсэн хуульд заасан зохицуулалтуудаа амилуулах хэрэгцээ шаардлага байсан. Та бүхэн санаж байгаа байх 2019 онд Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа намтай холбоотой гурван заалтыг шинээр оруулж өгсөн. Нэгдүгээрт, нийтэд үйлчлэх бодлогын нам байх ёстой. Хоёрдугаарт, нам сонгогчдын нэгээс дээш хувийн дэмжлэгийг авах ёстой. Гуравдугаарт, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж шинээр тусгасан. Үндсэн хуульд заасан эдгээр зохицуулалтуудыг амилуулахын тулд 2020 онд улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө намыг хуулийг шинэчлэхийг тусгаж байсан. Мөн 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Улс төрийн намын хуулийг шинэчлэхээ амласан байдаг. Тэр ч утгаараа улс төрийн намууд болон улстөрчдийн хүсэл зориг нэгдэж өнөөдрийн энэ өөрчлөлтийг хийлээ.
Таны асууснаар намд авлига, албан тушаал, эрх мэдэлтэй холбоотой асуудал байсан уу гэвэл, тийм. Үүнийг шийдэхгүй бол болохгүй, намуудыг санхүүжилтээ ил тод болго, хууль эрх зүйн орчноо сайжруул гэдэг зөвлөмжийг олон улсын байгууллагууд, тэр дундаа Авлигын төсөөллийн индексийг гаргадаг Трансперенси интернэшнл байгууллагаас байнга өгч байсан. Бусад олон улсын байгууллагуудаас ч бодлогын, нээлттэй нам болгох тал дээр байнга шахаж, дэмжиж ирсэн.
Мөн иргэдийн намд итгэх итгэл суларсаар байгааг бид мэдэж байгаа. Энэ мэт олон талын хүч дэмжлэг, шаардлагаар Улс төрийн намын хуулийг шинэчлэн баталсан.
Батлагдахгүй удсан шалтгаан нь улстөрчдийн хүсэл зориг маш бага байсан. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Улс төрийн намын хуулийг сайжруулна, болохгүй байна гэж ярьдаг боловч яг кноп дарахдаа эцэслэн шийдэхгүй явж ирсэн.
Түүх харвал, 2011 онд Ерөнхийлөгч хуулийн төсөл бичиж байсан, 2013 онд УИХ дээр намуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж байсан, 2015 онд Ерөнхийлөгч дахин ажлын хэсэг байгуулж хуулийн төслийг боловсруулж өргөн барьсныг 2016 оны нэгдүгээр сард УИХ хэлэлцээд буцаасан, 2017 онд УИХ дээр мөн л ажлын хэсэг байгуулагдсан ч төслийг улстөрчид нэг ч хэлэлцээгүй. Харин 2021 оноос улстөрчдийн хүсэл зориг өөрчлөгдөж улс төрийн нам гэдэг байгууллага хамгийн чухал институц юм байна, намын ил тод хариуцлагатай байдлыг хангах ёстой юм байна гэдгийг зарим намууд ойлгож эхэлсэн л дээ. Улмаар улс төрийн зөвшилцөлд хүрч Улс төрийн намын тухай хуулийг баталсан нь хамгийн маш том дэвшил байлаа.
-НАМ ТӨРИЙН, ОЛОН НИЙТИЙН БАС БУСАД НАМУУДЫНХАА ХЯНАЛТАД ОРЖ ИРЭХ ЦОО ШИНЭ СОЁЛ БИЙ БОЛНО-
-Ямар ч байсан хуультай боллоо. Өнгөн дээрээ намууд бүх зүйл нь нээлттэй боллоо л гээд байгаа. Гэтэл яг хууль хэрэгжих процесс буюу ил тод нээлттэй, дотоод ардчилалтай, хариуцлагатай болоход улс төрийн намууд бэлэн үү. Хуулийн амин сүнсийг бүрэн дүүрэн ойлгож хэрэгжүүлэх хүсэл зориг хэр байгаа гэж харж байна вэ?
-Өмнө нь улс төрийн намууд дотоод ардчилалтай байна гэж заасан боловч яаж, хянаж хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт байгаагүй. Улс төрийн намуудыг Улсын Дээд шүүх дээр бүртгээд орхичихдог, хэнд ч тайлангаа өгдөггүй. Санхүүгийн үйл ажиллагаагаа олон нийтэд ил болгоно гэсэн атлаа хэн ч хянаж, хариуцлага тооцдоггүй байлаа. Харин одоо улс төрийн намын үйл ажиллагааг санхүүгээр нь дамжуулж хянах, төрөөс хэсэгчилсэн дэмжлэг олгох, зогсоох гэх мэтчилэн бүх харилцааг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Нам тухайн оны долоодугаар сард хагас жилийн үйл ажиллагааны санхүүгээ, дараа оны хоёрдугаар сард багтааж жилийн эцсийнхээ санхүүгээ тайлагнах үүрэг хүлээж байгаа. Хувийн болон төрийн санхүүжилтийн хамаарал болоод, гишүүдийн татвар, хандив үйл ажиллагаатай хэрхэн нийцэж буйг аудит хянана. Тайланг нам болон Сонгуулийн ерөнхий хороо нийтэд ил тод болгоно. Ийм механизмыг бий болгож өгснөөрөө нам нийтийн, төрийн бас бусад намуудынхаа хяналтад орж ирэх цоо шинэ соёл бий болно. Улс төрийн намуудын санхүүгийн үйл ажиллагаа алдаа дутагдалтай байх юм бол түүнийг нь хэн илрүүлэх, хэрхэн хариуцлага тооцохыг бүхэлд нь зохицуулсан. Хуулийг амжилттай хэрэгжүүлж чадах юм бол энэ бүх харилцаа бүрэн нээлттэй болох учиртай.
Монголд өнгөрсөн 30 жилд санхүүгийн үйл ажиллагаа нь ил тод бус байсан цорын ганц институц нь улс төрийн нам. Төрийн бус байгууллагуудаас эхлээд бусад бүх хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаа ил тод, нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангаж ирсэн.
Тиймээс улс төрийн намуудын толгойг илж болохгүй. Намууд хүсвэл гэдэг өнцгөөр хандахгүй. Нэгэнт үүрэг хүлээж байгаа учраас өөрчлөгдөх ёстой. Хүндрэл үүснэ. Гэхдээ улс төрийн намууд олон нийтийн байгууллага гэдгээ ухамсарлаж бэлэн байх, хуулийг хэрэгжүүлэх цаг нь ирсэн. Ингэж байж улс төрийн нам гэдэг байгууллага амьд байж чадна.
Өнгөрсөн 30 жилийнх шиг зөвхөн сонгуулийн үед амилаад бусад үед чимээгүй болдог байж болохгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд олон нийт рүү ажилладаг, бодлого боловсруулдаг, иргэдийн улс төрийн боловсролыг дэмждэг, гишүүдээ идэвхжүүлэх ажлуудыг тогтмол хийж байх ёстой. Ингэж чадвал намд итгэх итгэл нэмэгдэнэ, сонгуулиар дэмжлэг авна, улмаар төрөөс дэмжлэг олгоно.
-СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ТӨРӨӨС САНХҮҮЖИЛТ ОЛГОЖ БАЙГААГ НАМУУД ОЙЛГОХ ЁСТОЙ-

-Сонгогчдын нэг хувийн дэмжлэг авсан нам болгон санхүүжилт авах уу. Ер нь яг ямар шалгуур хангаж байж татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжилт авах вэ?
-Улс төрийн намын хуулиар сонгогчдын нэг хувийн дэмжлэгийг авснаар санхүүжилт авах эрх нь нээгдэж байгаа. Гэхдээ нэгээс дээш хувийн дэмжлэг авсан бүх намууд төсвөөс санхүүжилт авна гэсэн үг биш. Хувийн орлогыг төсвийн санхүүжилттэй уяж тэнцвэртэй байх зарчмыг баримтлах ёстой. ЕАБХАБ гишүүн орнуудын намын эрх зүйд баримтлах удирдамжид намууд төрийн санхүүжилт авахын тулд найман шалгуур хангаж байхыг шаарддаг. Нэгдүгээрт, намын хувийн хандивыг хязгаарлах ёстой буюу хязгааргүй хандив авч болохгүй. Хоёрдугаарт, хувийн болон улсын төсвийн санхүүжилт тэнцвэртэй байх ёстой гэж үздэг. Манай батлагдсан хуулиар намуудын хувийн орлого болон гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэний хандив, аж ахуйн нэгжийн хандивын нийт дүнгээс төрийн санхүүжилт хоёр дахин их байж болно. Түүнээс өндөр байж болохгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр намууд гишүүдтэйгээ ажилла, олон нийтээс санхүүжилт авч байж төсвийн дэмжлэг нэмэгдэх юм. Амьгүй байгаад л байх юм бол төрийн дэмжлэг хязгаарлагдана гэсэн утгыг оруулж өгсөн. Мөн эрх бүхий нам төсвийн шууд бус санхүүжилт авах эрхтэй. Энэ нь намууд жилд нэг удаа хурал цуглаан зохион байгуулахад байраар хангах, олон нийтийн радио телевизээр улиралд 30 минутын мэдээ, мэдээлэл нэвтрүүлэх үнэгүй цаг олгохоор заасан. Энэ бол шинэ зохицуулалт.
Гурав дахь зарчим нь төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь шударга байх ёстой. Өмнө нь төсвөөс намд санхүүжилт олгохдоо давуу байдлыг дэмжсэн шинжтэй байсан шүү дээ. Сонгогчдын дэмжлэгээр авдаг байсан мөнгийг дөрвөн жилд нэг удаа суудлын мөнгийг жил бүр олгодог байсан бол одоо сонгогчдын санал, суудлын мөнгийг жил бүр олгохоор тусгасан нь намуудыг илүү амжилтаар нь шударга үнэлж байгаа дэвшил юм. Дөрөвдүгээрт, сонгуулийн зардлыг хязгаарлах ёстой гэдэг. Манайх сонгуулийн хуулиар зардлын дээд хязгаарыг тавьж өгдөг ч цаашид сонгуулийн өртөг зардлыг бууруулахын тулд төрөөс намуудад санхүүгийн дэмжлэг олгож байгаа гэдгийг намууд ойлгох ёстой. Сонгогчдын итгэл хүлээж, дэмжлэг авч байгаа намуудын зардлыг төр хуваалцаж байна шүү дээ. Энэ зарчмыг ойлгох ёстой.
Тавдугаарт, санхүүжилт ил тод байх ёстой. Сүүлийн арав гаруй жил байнга ярьсан ч яг одоо л хэрэгжүүлэх цаг ирлээ. Улс төрийн намын тухай шинэ хууль аль хэдийн 2024 оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Намууд санхүүгийн тайлангаа цахим хуудастаа тавьчихсан байгаа. Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн тайлан нь 10 жилээр хадгалагдах үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, намуудын санхүүгийн тайлан олон нийтийн өмнө ил тод байх бүрэн боломж нээгдлээ гэсэн үг. Дараагийнх нь намууд санхүүжилттэй холбоотой хууль зөрчвөл төсвийн санхүүжилтийг царцаах, улмаар идэвхгүй хэлбэрт шилжүүлнэ.
Өнгөрсөн түүхээ харвал манай улс 1996 оноос хойш улс төрийн намд төрөөс санхүүжилт олгохдоо УИХ-ын нэг суудлыг сая төгрөгөөр бодож дэмжлэг олгож байсан бол 2002 оноос суудлын мөнгийг 10 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. 2005 оны намын хуулийг УИХ-ын сонгуулиар сонгогчдын хүчинтэй санал тутамд 1000 төгрөгийг дөрвөн жилд нэг удаа, суудлын мөнгийг жил бүр олгодог болсон. Үүнээс өөрөөр төрөөс санхүүгийн дэмжлэг олгох нь хориотой байсан. Гэтэл улс төрийн намууд орон нутгийн хуралд сонгогдсоныхоо төлөө тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авдаг болсон. Үүнийг намын хуулиар өмнө ч зөвшөөрөөгүй, одоо ч зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл нам бол нэгдмэл, амьд байгууллага байх ёстой. Орон нутгийн салбар нэгж нь тусдаа зорилготой, тусдаа санхүүгийн дэмжлэг авч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Учир нь нам орлогын нэг л данстай байх ёстой. Энэ нь санхүүгийн тайланг хагас болон бүтэн жилээр өгөхдөө нэгтгэж боловсруулахад илүү амар болгох зорилготой. Нөгөө талаас гишүүд, сонгуульт гишүүний татвар дээр нь бусад хандивуудыг төв байгууллага нь хянахад илүү хялбар болно. Мөн нам технологийн дэвшлийг ашиглаад салбар, нэгжүүдэд дэд данс хэрэглэснээр нам орлого, зарцуулалтаа хянах хялбар болох юм.
-Нам алдаагаа засахгүй бол идэвхгүй болгох эрх нь сонгуулийн хороонд байна гэсэн үг үү. Тэгэхээр сонгуулийн байгууллага намуудын санхүүгийн тайланг хянаж хэдэн төгрөг өгөхийг шийдвэрлэнэ, идэвхгүй болгох санал өгнө гээд ихээхэн эрх мэдэлтэй болж хувирав уу ?
-Сонгуулийн ерөнхий хороо Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж байгаа. Намууд хуулийн шаардлага хангахгүй, хуульд заасан үндэслэл бүрдсэн бол Дээд шүүхэд намыг идэвхгүй болгох албан бичиг илгээх эрхтэй. Сонгуулийн байгууллагын саналыг үндэслэж Дээд шүүх тухайн намыг идэвхгүй болгох үүрэг хүлээнэ. Гэхдээ энэ бол намыг идэвхгүй болгох гурван заалтын зөвхөн нэг нь гэдгийг ойлгох хэрэгтэй. Санхүүтэй холбоотойгоос гадна хуульд заасан хугацаанд хурлаа хуралдуулаагүй, УИХ-ын сонгуульд хоёр удаа оролцоогүй бол намыг идэвхгүй болгох үндэслэл болдог.
Хуулийн хэрэгжилтийг хангахад Үндэсний аудит, Сангийн яам, Жендэрийн үндэсний хороо гээд олон байгууллагын оролцоо бий. Тэдний нэг нь л сонгуулийн байгууллага гэсэн үг.
-НАМУУД ХУВИЙН САНХҮҮЖИЛТЭЭ ЦУГЛУУЛААГҮЙ БАЙЖ ТӨРӨӨС 100 ХУВЬ АВНА ГЭЖ ОРИЛЖ БОЛОХГҮЙ-
-Та улс төрийн намын санхүүжилтийг нэлээн өргөн хүрээнд, гүн гүнзгий судалж, өнөөгийн биеллээ олоод буй ил тод байх санаачилгын төлөө эцсийг нь хүртэл явсны хувьд шинэ зохицуулалт намуудын орлогыг хумьж, хохиролтой байна уу. Эсвэл төрийн санхүүжилтийг жил бүр олгосноор намуудын данс илүү зузаарах уу гэдэг харьцааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Намуудын санхүүгийн тайлан тооцоо ил болно. Үүнийг судлах ёстой. харамсалтай нь бидэнд намын санхүүжилттэй холбоотой өмнөх 30 гаруй жилийн албан ёсны мэдээлэл огт үүсээгүй. Нам хэдэн төгрөгийн хөрөнгөтэй, хэдэн гишүүнээсээ татвар авдаг, хэр хэмжээний үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөтэй, хаанаас ямар хандив авч хэдэн төгрөг эргэлдүүлж улс төрийн үйл ажиллагаа явуулж байсныг огт мэдэхгүй. Харин багцаа төсөөлөл байсан нь өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс хуулийн хүрээнд олгож байсан дэмжлэг. Тэр нь суудлын мөнгийг 1996-2002 онуудад 1 саяар, 2003 оноос 10 сая төгрөгөөр, мөн 2005-2023 он хүртэл УИХ-ын ээлжит сонгуулийн дараа хүчинтэй санал тутамдаа нэг саналыг 1000 төгрөгөөр тооцож нэг удаа дэмжлэг авсан. Гэтэл тэр нь нийт санхүүжилтийнхээ хэдэн хувь гэдгийг мэдэх боломжгүй байсан. Одоо бол бүх зүйл шилэн болж байна. Жишээлбэл, төсвийн дэмжлэг тэнцвэртэй байхын тулд дөрвөн төрлийн орлогоос нь хоёр дахин их байна. Түүнээс хэтэрч болохгүй гэж заасан нь харьцангуй боломжийн зохицуулалт. Герман улс хандиваар олсон орлогынх нь нэг евро тутамд 46 цент-ийг улсын төсвийн дэмжлэг олгодог. Өөрөөр хэлбэл, хувийн орлогынх нь тал хувьд нь л төрөөс дэмжлэг гэсэн үг. Манайх бол хоёр дахин гэж заасан нь бусад оронтой харьцуулахад харьцангуй сайн бодлого. Энд нэг зүйлийг хэлэхэд, улс төрийн намууд орон нутагт сонгогдсоныхоо төлөө хэдэн төгрөгийн санхүүжилт авдаг байсан талаарх тайлан мэдээ байхгүй учраас шинээр олгох санхүүжилт, хуучин намуудын авч байсан санхүүжилтийг харьцуулах боломжгүй байгаа нь шууд дүгнэлт хийхэд учир дутагдалтай. Шинэ хуулиар улс төрийн намууд долоон тэрбум орчим төгрөгийн дэмжлэгийг авах юм билээ.
-Дээд шүүхэд 37 нам бүртгэлтэй байгаагаас долоон нам эвсэл төсвийн санхүүжилт авах эрх үүслээ гэдэг мэдээллийг сонгуулийн хороо өгсөн. Хэдийгээр төсвийн дэмжлэг авах эрх нь үүссэн ч тайлан тооцооноос болоод санхүүжилт хасагдах эрсдэл бий юу?
-Бүх нам тайлангаа өгсөн байх ёстой. Харин эхний ээлжид сонгуулийн үр дүнгээр нэгээс дээш хувийн дэмжлэг авсан намууд санхүүжилт авах эрх үүсэж байгаа. Энэ жилийн хувьд төрийн санхүүжилт авах эрх үүссэн долоон намын тайланг хянаад хуульд заасан дөрвөн үндэслэлээр орлогоо хэрхэн бүрдүүлсэнтэй нь уялдуулна.
Түүнээс долоон нам долуулаа санхүүжилт авна гэсэн үг ч биш. Хэрэв гишүүд, сонгуульт гишүүнээс татвар аваагүй, иргэн, аж ахуйн нэгжээс хуулийн хүрээнд хандив цуглуулаагүй бол хэдийгээр төрийн санхүүжилт авах эрх нээгдсэн ч дэмжлэг авч чадахгүй болох эрсдэл бий. Дээр хэлсэнчлэн намын өөрийнх нь санхүүжилт болон төсвийн дэмжлэг тэнцвэртэй байх ёстой. Гэтэл хувийн санхүүжилтээ цуглуулаагүй мөртөө төрийн дэмжлэгийг 100 хувь авна гэж шаардаад байж болохгүй.
Улс төрийн намууд төрөөс мөнгө авах ёстой гэж бодож байж магадгүй. Гэхдээ хуульд олон улсын стандартад нийцсэн шалгуур шаардлага байгааг ойлгох хэрэгтэй.
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ ӨСӨӨД БАЙГАА УЧРААС НАМЫГ ХАНДИВЛАГЧДЫН ХАМААРАЛД ОРОХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД ТӨРӨӨС ЗАРДЛЫГ ХУВААЛЦАЖ БАЙГАА. ОРОНД НЬ ИЛ ТОД БАЙХЫГ ШААРДАНА
-Улс төрийн намууд, улстөрчид бизнесийн байгууллагаас маш их санхүүжилт авч байна. Нэг компаниас бараг бүгд шахуу хандив авч байгаа нь хууль журам батлахдаа нөлөөнд өртөх вий гэсэн болгоомжлол төрүүлдэг. Үүнийг ер нь хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Хандивын асуудал Улс төрийн намын болон Сонгуулийн тухай гээд хоёр хуулиар тусад нь зохицуулагдаж байгаа. Улс төрийн намд, сонгуулийн үеийн кампанит ажлын үеэр аж ахуйн нэгжээс хандивыг хориглосон хуулийн заалт байхгүй. Харин хандивын дээд хязгаарыг тавьж өгсөн зохицуулалт бий. Тэгэхээр бүгд авах эрхтэй гэсэн үг. Яг үнэндээ авсныг нь буруутгаж болохгүй. Харин илүү нээлттэй болсон учраас харах, хянах боломж бүрдэж байгаа. Цаашид яах вэ гэдгээ ярих ёстой. Зарим улс намд аж ахуйн нэгж хандив өгөхийг хориглох хэрэгтэй гэж үздэг бол сонгуулийн болон намын хуулиа нэгтгэж санхүүгийн үйл ажиллагаа нь нэгдсэн хуулиар зохицуулдаг ч орнууд бий. Монгол Улс яах вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Ер нь төрөөс санхүүгийн дэмжлэг өгөөд байгаагийн цаад шалтгаан нь улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох зорилготой шүү дээ. Эхнээсээ үр дүнгээ өгч байна. Гэхдээ аж ахуйн нэгжийн хандивыг хориглох уу гэдгийг ч ярих ёстой. Одоохондоо хориглоогүй байгаа ч судлаачийнхаа хувьд хардаг өнцөг бол улс төрийн зардлыг хэрхэн хямдруулахаа бодохоос аргагүй. Сонгууль маш өндөр зардлаар явж байна. Тэр битгий хэл сонгуулийн үеэр зарцуулах зардлын дээд хэмжээг хэтэрхий өндрөөр тогтоож байна. Инфляцаас эхлээд сонгуулийн тогтолцоог бүсчилсэн нь үүнд шууд нөлөөлж байна шүү дээ. Тойрог томсож, олон хүн өрсөлдөхийн хэрээр сонгуулийг хэрхэн шударга болгох вэ гэдгийг бодох шаардлагатай. Сонгуулийн зардал буурах л юм бол өрсөлдөөнийг шударга болгох боломж бүрдэнэ. Харин эсрэгээрээ зардал нэмэгдээд байх юм бол тэгш бус өрсөлдөөн тэлсээр л байна.
Тиймээс сонгуулийн зардлыг бууруулах, цаашид улс төрийн нам яавал бага зардлаар ажиллаж болох вэ гэдгийг байнга харах ёстой. Дараагийн асуудал нь улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгохдоо хэр зохистой хэмжээнд дэмжиж байна вэ гэдгээ дахиад бодох шаардлагатай.
Одоохондоо хэлж мэдэхгүй ч 3-4 жилийн дараа хуулийн хэрэгжилтийг харж байгаад төрийн санхүүжилтийг нэмэгдүүлж болох юм. Гэхдээ үүнээс өмнө иргэдийн намд итгэх итгэл нэмэгдсэн байх ёстой. Яагаад өнөөдөр иргэд улс төрийн намуудад итгэхгүй байна вэ гэхээр бодлогын ялгаа байхгүй, авлига албан тушаалын хэргүүдэд холбогддог, ил тод биш байна шүү дээ.
Бидний өнөөгийн сонгосон парламентын систем улс төрийн намгүйгээр цааш явах боломжгүй. Парламентын тогтолцоо нам гэдэг институцээр дамжиж хэрэгждэг. Тэгэхээр намд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд ил тод байдлыг хангах ёстой. Намыг ил тод, дотоод ардчилалтай, хариуцлагатай болгохын тулд төрөөс санхүүгийн дэмжлэг олгох учиртай. Хүмүүс яагаад намд татвар төлөгчийн мөнгийг өгөх ёстой гэж бухимддаг юм. Тэртээ тэргүй улс төрийн намгүйгээр цааш явах боломжгүй системтэй учраас иргэдийн итгэлийг илүү нэмэгдүүлэхийн тулд дэмжиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Сонгуулийн зардал өсөөд байгаа учраас намыг хандивлагчдын хамааралд орох эрсдэлийг бууруулахын тулд төрөөс зардлыг хуваалцаж байгаа юм. Оронд нь ил тод байхыг шаардаж буй юм.
2007 онд үндэсний аудитын газар улс төрийн намуудад олгосон санхүүжилтэд дүгнэлтэд хийсэн байдаг. Ингэхдээ намууд төрөөс олгож буй санхүүжилтийг хууль бусаар зарцуулсан байна гэж дүгнэсэн. Гэтэл үүний араас улс төрийн намууд юу ч хийгээгүй. Үндэсний аудитын газар ч тэгээд л орхисон. Намуудад хэдэн төгрөг өгснөө ч иргэд нь мэдэхгүй байгаа. Татвар төлөгчдийн мөнгө нийт санхүүжилтийн хэдэн хувийг бүрдүүлж буйг ч мэдэхгүй. Одоо бүх зүйл өөрчлөгдөх гэж байна. Өнгөрсөн 30 жилийг мартъя. Зууралдах хэрэггүй. Ирээдүй рүү гээ харж бүрэн өөрчлөгдөх боломж бүрдэж байна. Ингэж байж нам амьд байх юм. Хүссэн хүсээгүй улс төрийн намууд төлөвшихгүй бол болохгүй юм байна гэдгээ ойлгочихлоо. Тиймээс намууд улс төрийн зориг гаргаж хууль эрх зүйн орчныг шинэчилсэн дээрээ хэрэгжилтэд үүрэг, манлайллаа харуулах хэрэгтэй.
ХУУЛЬД ОРСОН ЦОО ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ БОЛ НАМ ИРГЭДИЙН УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЗААСАН

-Намууд сонгогчдын боловсролд анхаарахыг хуулиар үүрэгжүүлж өгсөн. Санхүүжилтийнхээ тодорхой хувийг намын гишүүдийг идэвхжүүлэх, сонгогчдод боловсрол олгоход зарцуулах хөшүүргийг хэрхэн хэрэгжүүлэх вэ. Эргээд бас тайлагнах үүрэг хүлээж байгаа шүү дээ?
-Улс төрийн намын хуульд орсон цоо шинэ зохицуулалт бол нам иргэдийн улс төрийн боловсрол, идэвхтэй оролцоог хөхиүлэн дэмжих үүрэгтэй гэж заасан. Төсвөөс авч буй санхүүжилтийнхээ 15-аас доошгүй хувийг зарцуулах ёстой. Үүнийг олон улсад зорилтод санхүүжилт гэж нэрлэдэг л дээ.
Мөн төрөөс олгож буй санхүүгийн дэмжлэгээс эмэгтэйчүүд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадуудынхаа оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зардлынхаа 20-оос доошгүй хувийг, судалгаа шинжилгээндээ 15-аас доошгүй хувийг зарцуулаарай гэж заасан. Ингэхээр хамгийн багадаа төрөөс авч буй санхүүжилтийнхээ 50-аас доошгүй хувийг олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах ёстой болж байна. Энэ бол татвар төлөгчдийн хөрөнгөөр иргэдийн улс төрийн намд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, намын дотоод ардчиллыг дэмжих хамгийн том хөшүүрэг болно гэж харж байгаа.
Ер нь намуудыг дотоод ардчилалтай бай гээд орхиж болдоггүй юм байна. 2005 оны Улс төрийн намын тухай хуульд нам дотоод ардчилалтай байна гээд заачихсан. Харин яаж хянах, хэрэгжүүлэх чиглэлийн ямар ч механизм байгаагүй. Одоо бол улс төрийн намууд иргэд рүү, гишүүд рүү ажиллана. Тэр бүхэн нь ил тод байна. Дээр нь шийдвэр гаргах бүтцийн бүх түвшиндээ хүйсийн тэнцвэрт оролцоог нэмэгдүүлэх ёстой. Түүнд нь тулгуурлаж санхүүжилт олгож байгаа. Намын дотоод үйл ажиллагаа ардчилсан, нээлттэй, хурлын протокол, бүтцийн байгууллагуудынхаа бүрэлдэхүүнийг сонгуулийн хороонд өгдөг байх ёстой гээд бүгдийг тодорхой заачихсан.
Үндсэндээ нам гэдэг байгууллагыг зөнд нь орхиж, хаяж болохгүй институц учраас олон нийтийн өмнө ил болгоод байгаа юм. Учир нь бидний өмнөөс эрх мэдэл эдэлж, баялгийг хуваарилдаг онцгой институц гэдгийг мартаж болохгүй.
-Намын бүх санхүү мөнгө, үл хөдлөх хөрөнгө ил тод болох нь. Гэтэл нөгөө талд намд гишүүнээр элссэн иргэн болгон заавал татвараа төлж байж эргээд нам нь төрөөс дэмжлэг авна гэж ойлгох нь зөв үү. Намд элссэн иргэн илүү хариуцлагатай болохоос гадна гишүүд дэмжигчдийнхээ тоог зохиомлоор хэлдэг байдал цэгцрэх үү?
-Нам гэдэг бол эвлэлдэн нэгдэж улс төрийн хүсэл зорилгоо биежүүлэх зорилготой иргэдийн нэгдэл. Та хэний ч шахалтгүйгээр сайн дураараа улс төрийн хүсэл зорилгоо биежүүлэхийн тулд эвлэлдэн нэгдсэн тул үүнийхээ төлөө шийдвэр гаргах түвшинд оролцох ёстой. Шийдвэр гаргах эрхээ эдлэхийн тулд татвараа төлөх үүрэгтэй гэдэг бол дотоод ардчиллын хөшүүрэг байхгүй юу. Гэтэл яг бодит байдал дээр намууд нэг л их олон мянган гишүүнтэй гэдэг тоо хэлээд байдаг. Гишүүдээсээ татвар уу авдаг уу гэхээр 10 хувь нь л өгдөг байх гэдэг. Зарим нам нь нэг ч татвар авдаггүй. Яахав, сонгуулийн үеэр хэрэг болно гэж хариулдаг. Энэ нь намын мөн чанарыг эвдээд байгаа юм. Нам бол гишүүдийнхээ оролцоонд тулгуурлах ёстой. Тиймээс шинэ хуулиар дэмжигч гишүүн, гишүүн, сонгуульт гишүүн гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Дэмжигч гишүүн татвар төлөхгүй, дэмждэг байж болно, намын үйл ажиллагаанд сайн дураараа оролцоно. Гишүүн бол заавал татвар төлж байж намын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл, намын гишүүдийн эрхийг хуулиар хамгаалж өгсөн. Өмнө нь тодорхой нэг амбицтай, улс төрийн сонирхолтой, карьер хөөе гэж байгаа хүмүүс өмнүүр нь ороод дураараа шийдвэр гаргадаг байсан байж магадгүй. Одоо бол нам гишүүддээ үйлчилнэ. Харин гишүүдийнхээ оролцоог хангах ёстойг нам, гишүүн хоёрт хоёуланд нь үүрэг болгосон нь дотоод ардчиллыг хангах маш том хөшүүрэг. Хэрэв гишүүний татвараа төлөхгүй бол оролцохыг хүсэхгүй байнаа л гэсэн үг. Тиймээс гишүүн биш дэмжигч рүү шилжүүллээ шүү гэдэг л сонголт гарч ирнэ. Цаашид намын гишүүдийн тоо буурах байх, татвараа төлдөг гишүүд л үлдэнэ.
Ирээдүйд намын гишүүдийг хянах боломж бүрдэнэ. Гишүүний татварыг дүрмээрээ тодорхойлчихно. Түүгээр нь намын орлогыг бүрэн харж болно. Өмнө нь мөрдөж байснаар бол намын гишүүний 1000-1200 төгрөгийн татвараа цуглуулахад л хангалттай орлого цуглуулах бүрэн боломжтой. Гэтэл энэ хөшүүргийг хэрэглэхгүй явж ирсэн. Энэ бүхний эцсийн зорилго бол намыг амьд, дотоод ардчилалтай байлгах юм.
Шинэ хуулийн дагуу намуудын хөрөнгө орлого ил болно. Угаас Үндсэн хуульд намуудын хөрөнгө орлого олон нийтэд ил тод байх ёстой гэж заасан. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ заалт амилах боломж бүрдэж байна. Улс төрийн намууд хэдэн төгрөгийг ямар замаар олж эргэлдүүлж байгааг мэддэг болно гэсэн үг. Үүний тулд төрийн дэмжлэгийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байгаа. Хуулиар улс төрийн намын сонгуулиар авсан хүчинтэй санал тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувиар үржүүлж жил бүр олгоно. Энэ жил бол нэг дэмжлэгт 3300 төгрөгөөр бодож олгохоор болсон. Ирэх жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаа учраас дагаад өөрчлөгдөнө. Дээр нь авсан суудлаар нь буюу амжилтыг нь үнэлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний санхүүжилт олгож байна. Дараагийнх нь сонгуульд квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигч тутамд суудлын мөнгийг нэг удаа олгоно гэсэн хуулийн заалттай. Энэ бол маш чухал зохицуулалт. Улс төрийн нам олон нийтийн байгууллага байх ёстой. Нийгмийн төлөөллүүдийг хангадаг байх, түүнийгээ дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг байх ёстой гэдэг хөшүүрэг болж байна.
-Намуудын хувьд цоо шинэ боломж, сорилт гэж харж болохоор. Хуулийг хэрэгжүүлэхэд улс төрийн намуудыг сургах шаардлагатай юу. Намууд энэ өөрчлөлтөд бэлэн биш байх магадлалтай шүү дээ?
-Яг одоогоор бол намуудад сургалт хийх шаардлагатай гэж харахгүй байна. Сонгуулийн байгууллага хангалттай мэдээллийг өгсөн байгаа. Одоо бол тайланг цахим системээр авдаг болбол илүү хялбар байж болох юм. Мөн намууд энэ ондоо багтаад дүрэм, хөтөлбөр, бүтэц зохион байгуулалтаа хуульд нийцүүлж өөрчлөх ёстой. Ингээд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс Улс төрийн намын тухай хууль бүрэн хэрэгжиж эхэлнэ.
Хуулиар намын хөтөлбөр гэж шинэ ойлголт орж ирсэн. Энэ нь нам бүр өөрийн үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилгыг тодорхойлсон бодлогын баримт бичигтэй байхыг шаардаж байгаа. Намуудад ялгаа алга, бодлого нь тодорхойгүй байна гэж бид ярьдаг байсан бол одоо үнэхээр өөр үзэл бодолтой иргэдийн нэгдэл бол урт хугацаандаа бодлого, үйл ажиллагааг нь тодорхой болгох, сонгуулийн хөтөлбөр нь энэ хөтөлбөртөө уялдаж гардаг бодлогын нам болгохыг шаардаж байгаа юм.
Ер нь Улс төрийн намын хууль харьцангуй сайн хууль болсон гэж үзэж байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэх нь зөвхөн намуудын үүрэг биш. Нийтээрээ шаардах хэрэгтэй. Төрийн байгууллагууд мөн ойлгомжгүй зүйлс байвал туслах хэрэгтэй.
Төрд итгэх итгэл муу байна гэж яриад байдаг. Гэтэл улс төрийн намд итгэх итгэлийг нэмэгдүүлэх юм бол парламентын нэр хүнд өсөх бүрэн боломжтой. Парламент нийгмийн төлөөллийг хангах төв байгууллага. Энэ төлөөлөлд олон намууд оролцож байж асуудлыг олон талаас нь харж хэлэлцэж шийднэ. Харьцангуй парламентад сонгогдож байгаа нам эвслийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай.