Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
СЭМҮТ-ийн талаарх шүгэл үлээсэн хүн нь цагдаа
-Манай Mongoliapress мультимедиа агентлаг СЭМҮТ-ийн нөхцөл, бодит байдлыг харуулсан “СЭМҮТ-ийн нэг орон дээр хоёр өвчтөн хэвтэж, 80 хүн дундаа нэг душ, хоёр ариун цэврийн өрөөтэй” сурвалжилгыг бэлтгэсэн. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажлаа авснаас хойш мөн нөхцөл байдалтай нь танилцсан гэж байсан.
-Хүн ямар ч байж болно, ямар ч эрхзүйн чадамжтай, чадамжгүй ч байж болно. Гэхдээ хүний эрх үйлчилдэг байх ёстой. Ялангуяа тураалд орж болохгүй. Тураал гэдэг хорих ангиудад ч байхгүй. Хүний амь бүрэлгэсэн ялтанд ч хүний эрх үйлчилж байх ёстой байхгүй юү. Дээр нь охид, эмэгтэйчүүд эмчлүүлэх гэж очоод хүчирхийлүүлж, ёс бус зүйл үзэж болохгүй. Бугшсан зүйлүүд бий. Энэ идээ бээрийг “шахах”-ын тулд Эрүүл мэндийн сайд ажиллаж байна.
-Эмнэлгийн эмч, эмчлүүлэгчдийн нөхцөл байдал маш хүнд, шинэчлэх шаардлагатай зүйлс олон байсан. Нэн түрүүнд шинэчилж, өөрчлөх зүйлсээ тодорхой болгов уу?
-Би Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болохдоо Шар хаднаас сонгогдож байлаа. 2021 он хүртэл СЭМҮТ-ийн бохир гудамжаар урсаж, Улиастайн гол, Туул гол руу цутгадаг байсан шүү дээ. Өвөл бохир нь хөлдөөд халиа тошин үүсдэг байсан. Үүнийг улсын төсөвт суулгаж, төвийн бохиртой холбосон хүн нь Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн. УИХ-ын гишүүн байхдаа энэ ажлыг хийсэн. Одоо энэ том төв түүхий нүүрс төлдөг. Шар хад хавийн агаарын бохирдлын гол эх үүсвэр болж байна. Нэгдүгээрт, үүнийг арилгахын төлөө ажиллаж байна. Хоёрдугаарт, сэтгэцийн өвчин гэдэг Монгол Улсын хэмжээнд байтугай дэлхийд харанга цохиж байна. Сэтгэцийн өвчин гэдгийг хүмүүс нийтлэг ойлголтоор сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн гэж хардаг. Гэтэл нөгөө талд нь донтолт гэдэг орчин үеийг дагасан хэлбэрүүд гарч ирж байгаа юм. Жишээлбэл, гар утасны донтолт, бүр чанга дуу чимээ сонсох донтолттой болчихсон хүмүүс байна. Янз бүрийн видео, шторк үздэг хүмүүс байна. Гэх мэтээр сэтгэцийн өвчин нийгмээ дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Тэгэхээр манай СЭМҮТ энэ хэмжээнд, дэлхийн жишигт хүрч ажиллах ёстой.
Жишээ нь, социализмын үед бодлогоор төв суурийн газраас алслагдсан байршилд барьсан байна. Одоо гэтэл суурьшлын бүсэд орчихсон. Тэгэхээр тэнд илүү их харуул хамгаалалт байх ёстой. Ард иргэдийн болон тэнд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн аюулгүй байдал яригдах ёстой. Байшин барилга нь ямар байна, тэнд эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн хүний эрх яаж зөрчигдөж байгааг та бүхэн сурвалжлахдаа харсан байх. Дээр нь хоол хүнсний асуудал яригдана. Энэ хүмүүс, ийм төрлийн хоол хүнс хэрэглэнэ гэсэн сайдын тушаал уг нь байгаа. Гэтэл тэрэндээ хүрэхгүй, тураалд орж бүр болохгүй.
Дээр нь сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах эм тарианы хяналт гэдэг маш чухал. Энэ чинь өөрөө Эрүүгийн зүйл ангитай. Тэгэхээр энд Эрүүл мэндийн яам онцгой анхаарал хандуулж ажиллана. Сурвалжилга бэлтгэсэн та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн нийгэмд бугшсан идээ бээрийг гаргаж байх ёстой.
-СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд эмнэлэгт санхүүгийн зөрчил байна гэдгийг илрүүлж, АТГ-д шалгуулах хүсэлт илгээсэн гэж байсан. Гэвч зөрчил илрүүлсэн хүнийг ажлаас нь чөлөөлчихлөө гэж шүүмжилж байна.
-Г.Анхболдын томилгооноос эхлээд хууль зөрчсөн үйлдлүүд байсан юм билээ. Гэхдээ хувь хүнтэй холбоотой асуудлыг ярмааргүй байна. Харин анх шүгэл үлээсэн хүн нь цагдаагийн албан хаагч байдаг. Алба хаагч СЭМҮТ-д үйлчлүүлээд тооцоогоо хийх гэтэл хувь хүний дансаар төлбөрөө авсан байсан. Тухайн үед эмнэлгийн даргаар Г.Анхболд өөрөө ажиллаж л байсан. Би цагдаа, хууль хүчний байгууллагаас шалгаж байгаа асуудалд ямар нэг үнэлэлт, дүгнэлт өгч болохгүй. Гэхдээ яамнаас дотоод хяналт, шалгалт оруулахад санхүүгийн хэд хэдэн ноцтой зөрчил гарсан. Жишээ нь, иргэн О гэдэг хүн СЭМҮТ-д ажилладаггүй. Ажилладаггүй хүний нэр дээр орон сууцны гэрээ хийж, 80 орчим сая төгрөг шилжүүлж болохгүй.
Би өмнө нь хэлсэн бага насны охид, эмэгтэйчүүд эмчлүүлэх гэж очоод янз бүрийн асуудалд орж болохгүй гэдгийг. Дараагийн асуудал нь өвчтнүүд тураалд орж болохгүй. Дүгнэлтээр дундаж жингийн алдагдал гурван килограмм гэж байгаа боловч зарим хүн 10-15 килограмм жингийн алдагдалтай. 50-60 хүн дундаа нэг ариун цэврийн газартай, эр эмгүй нэг шүршүүрт орж болохгүй. Нийтээр нь нэг өрөөнд ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд амьдруулж болохгүй. Сэтгэцийн өөрчлөлтөд орсон, хөөрсөн, гутарсан, янз бүрийн хүмүүсийг ямар нэг эрэмбэгүй байлгах нь эрсдэл дагуулна. Сүүлийн үед СЭМҮТ-ээр эмчлүүлж байгаа хүний тоо их өөрчлөгдсөн шүү. Ялангуяа янз бүрийн донтолтод өртсөн хүүхэд олон болсон. Нийгмийн, түр хугацааны стресс шоконд орсон охид эмэгтэйчүүд ч бий.
Энэ хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үүрэг юм. Тэр утгаараа СЭМҮТ-д сайд онцгой анхаарал тавьж, эрүүлжүүлэх ажлыг хийх ёстой гэж үзсэн. СЭМҮТ өөрөө эхлээд эрүүл болох ёстой.
Эрүүл мэндийн үйлчилгээнд квот тогтоож болохгүй

-Шинэ Засгийн газар бүрдээд 40 гаруй хонож байсан. Энэ хугацаанд хөдөө орон нутгийн анхан шатны нэгжүүдтэй уулзсан гэж байсан. Аймаг сумдын эмнэлгийн эмч нарын нөхцөл байдал ямар байна вэ?
-Сүүлийн 30 гаруй хоног Монгол Улсын 21 аймаг, 70 гаруй сум, багийн эмнэлгээр явж ажиллалаа. Яамныхаа санхүү, хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид, тухайн аймгийн Эрүүл мэндийн газар, эмнэлгийн дарга нартай ажиллалаа. Ерөнхийдөө орон нутаг руу чиглэсэн амралт зугаалга, аяллын үе таарсан. Хотын хөл хөдөлгөөн орон нутаг руу чиглэсэн үе таарлаа. Зам тээврийн осол, гэмтэл, архи согтууруулах ундаа уусан хүмүүсийн хордлого, бага насны хүүхдүүдийн гүйлгэлт, суулгалт зэрэг халдварт өвчнүүд маш их байлаа.
Ялангуяа, сумдад очиход төрийн албан хаагчдаас манай эмнэлгийнхэн л бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Тэр дундаа төв зам дагуу, аялал жуулчлалын бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагчид даах ёстой ачааллаасаа хэд дахин илүү ачаалалтай ажилладаг. Дээр нь боломжит нөхцөл байдал хүн хүч, техник хэрэгсэл, эм тарианаасаа хэд дахин давсан тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Манай эрүүл мэндийн салбарт анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ гэсэн тушаал шийдвэр байдаг.
Гэтэл даатгал нь өөрөө санхүү мөнгөний асуудалтай учир, квот тогтоочихсон. Тухайлбал, нэг суманд сардаа 10 хүн эмчлүүлнэ гэх жишээний. 11 дэх хүн эмчлүүлж болохгүй, эмчилгээ хийвэл Эрүүл мэндийн даатгалаас мөнгө өгөхгүй гэж жишээлж хэлж байгаа юм.
Ийм хэцүү тогтолцоо, хүнд нөхцөлд манай сум, аймгийн эмнэлгийн ажилчид яаралтай тусламж, үйлчилгээг чадлын чинээгээрээ хүргэж байна.
Гэтэл хувь хүнээс шалтгаалсан өвчлөл гэж байгаа шүү дээ. Жишээ нь, архи согтууруулах ундаа ууж байгаад хордлогод орсон хүн төлбөртэй үйлчилгээ авъя гэж санал тавьдаг. Гэтэл үүнийг хийж болохгүй тогтолцоотой. Миний харж байгаа нэг өнцөг нь анхан шат, лавлагаа шатлалын эмнэлэгт өөрөөс шалтгаалах өвчлөлд өвчтөн хүсвэл эрүүл мэндийн тусламжийг төлбөртэй авах хууль, эрх зүйн зохицуулалт гаргаж өгөх ёстой юм билээ. Үүгээрээ илүү цаг, баяр ёслолын үеэр ажиллаж байгаа эмч, ажилчдынхаа цалинг нэмдэг, эм тариагаа худалдаж авдаг тогтолцоо руу орох ёстой юм байна.
Хоёрдугаар асуудал нь аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламж, хүлээн авах, мэс засал, зүрх судас, мэдрэлийн тасгуудыг чадавхжуулах ёстой. Яагаад гэвэл, хүн хаана явж байна хамгийн ойроос эрүүл мэндийн тусламжийг авах ёстой. Улаанбаатар хот руу цус харвалт, гэмтэл, зүрхний шигдээсийг тээвэрлэх шаардлагагүй. Монгол орон өөрөө уудам газар нутаг, алслагдсан сумуудтай. Тиймээс Ж.Чинбүрэн сайд нэгдүгээрт 21 аймгийнхаа яаралтай тусламжийг сайжруулъя гэдэг бодлого барьж байгаа. Ер нь хүний амь насыг аврах гэж байгаад өөрийнхөө амь насыг алдаж болохгүй. Баянхонгор аймгийн эмч нар маань хүний амь нас аврах гэж яваад осолд орсон харамсалтай жишээ бий.
Гэх мэтчилэн аймгуудаа бүсчлээд “колл центр” буюу яаралтай тусламжийн төвүүд байгуулах төлөвлөгөө гаргасан. Жишээлбэл, Булган аймгийн Дашинчилэн суманд нэг “колл центр” байна. Тэнд аялал жуулчлалын босоо, хэвтээ цэг байдаг. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мөн яаралтай тусламжийн “колл центр” бий болгоно. Тэнд баруун аймгуудын авто замын уулзвар байдаг. Наашлаад Архангай аймгийн Өлзийт суманд шинэ зам ирэх жил тавигдах юм билээ. Тэгэхээр босоо, хэвтээ тэнхлэг дээрээ бид “колл центр” байгуулах ёстой. Дараа нь говийн аймгууд гэвэл Дундговь аймаг байна. Зүүн аймгаас Хэнтий, Сүхбаатар аймгийн яаралтай тусламж, мэс заслын тасгуудаа сайжруулах ёстой юм байна. Дорноговь аймгийнхаа нэгдсэн эмнэлгийг чадавхжуулах ёстой. Замын-Үүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах хэрэгтэй. Яагаад гэвэл, тэнд Монгол Улсын хилийн том боомт байна.
Бид Өмнөговь аймгийн Цагаан хаданд ажилласан. Энд Монгол Улсын 21 аймгийн 330 сумын хүн ард нүүрсний авто тээвэр хийдэг юм байна. Үндсэн багийн иргэд нь 600 орчим боловч 30 мянга орчим хүн амьдардаг. Гэтэл тэнд эмнэлэг алга.
Багийн нэг эмч “путка” дотор сууж байна. Тэгэхээр Эрүүл мэндийн яам энэ асуудлыг анхааралдаа авч, яаралтайгаар Цагаан хаданд эмнэлэг барих ажлыг зохион байгуулж байгаа.
Ер нь маш олон иргэнээ сэргийлж болох өвчлөлөөр амь насыг нь алдаж байна. Тиймээс Эрүүл мэндийн яам сэргийлж болох өвчлөлөөр иргэдийнхээ амь насыг алддаггүй байя л гэж байгаа. Ялангуяа, тэр нүүрс тээвэр дээр аав нар, өрх гэрийн тэргүүн, эцэг хүмүүс ажиллаж байна. Тэр хүмүүс бас хүний эрхээ эдэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Эсрэгээрээ бид сум орон нутагт ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгжид ажилчдынхаа Эрүүл мэндийн даатгалыг нь төл гэдэг ганц л шаардлага тавьж байна. Яагаад гэвэл, яаралтай тусламж үйлчилгээг Монгол Улс үнэ төлбөргүй үзүүлэх үүрэгтэй байдаг. Тиймээс тэнд ажиллаж байгаа гаднын болон дотоодын иргэдийнхээ Эрүүл мэндийн даатгалыг төлөх хүсэлт тавьж байна.
Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүсэлтүүдийг тавьсан. Сая Булган аймагт ажиллаж байхад Эрдэнэт хот дахь хүүхдийн зуслан дээр хоолны хордлого боллоо гэдэг асуудал гарсан. Тэр шөнөдөө Эрдэнэт хотод эмнэлгийн дарга нар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга нартай яаралтай хуралдаж, ХӨСҮТ-ийн хамтарсан багийг шуурхай авчирч ажиллуулсан. ХӨСҮТ-ийнхөн шуурхай ажиллаж, хүүхдийн амь нас эрсэдсэнгүй. Гэхдээ энэ том сургамж болсон. Бид хоол үйлдвэрлэл, гал тогоонд ажиллаж байгаа хүмүүсийн ариун цэврийг маш сайн сахих ёстой юм байна. Ялангуяа, түүхий жимс самар, боловсроогүй хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд идүүлэхгүй байх, түүнийгээ сурталчлах хэрэгтэй.
-Эрүүл мэндийн даатгал дээр квот тогтоосон гэлээ. Энэ квотыг аймаг сумдад ялгаатай тогтоодог уу?
-Квот гэдэг юм огт байж болохгүй. Та бид Эрүүл мэндийн даатгалыг эрсдэлээс сэргийлж, эрсдэлийн өмнө байршуулж байгаа. Тухайлбал, би хэзээ нэгэн цагт өвдөж магадгүй гээд сар бүр цалингаасаа төлдөг. Гэтэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэтэл квот дуусчихсан гэдэг байж болохгүй. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа зүйл. Үүнийг бид яаралтай таслан зогсоож, Эрүүл мэндийг даатгал төлсөн л бол эрүүл мэндийн үйлчилгээг дуртай үедээ, чанартай авдаг байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Энэ онд багтааж эмнэлгүүдйиг улстөрчдийн томилгооноос салгана
-Та сая 70 суманд ажиллалаа гэж байна. Ер нь сумдад анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх хүний нөөц нь хангалттай байгаа гэж үзэж байна уу?
-Сумын эмнэлгийн эмч нарын ур чадвар гологдохооргүй байна. Ер нь сумын эмнэлэгт гурван жил ажилласан хүн нэлээн их дадлага туршлага хуримтлуулдаг гэж ярьдаг. Нэг дутагдал нь цалин хөлс муу байна. Алслагдсан орон нутагт ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг байхгүй байна.
Хоёрт, манай эрүүл мэндийн салбар хэвтээ тогтолцоотой. Суманд үндсэндээ эмнэлэг, цагдаа, сургууль гэсэн төрийн гурван том байгууллага ажилладаг. Сургууль, цагдаагийн удирдлагыг босоо удирдлагаар буюу аймаг нь томилдог. Манай эмнэлгийн дарга нарыг сумын засаг дарга нар томилдог. Эмнэлгээ дэмждэг, хүн ардынхаа эрүүл мэндийг анхаардаг сайн Засаг дарга нар бий. Бас хэт их улстөржсөн, орон нутгийн улс төрд автчихсан нөхдүүд байна. 20 жил эмнэлгийн дарга хийсэн хүнээ эмийн сангийн худалдагчаар сольсон тохиолдол байна ш дээ. Ярихаар хууль дүрэм ярьж, би улстөрч хүн гээд яриад сууж байдаг. Тэгэхээр ийм байж болохгүй. Бид эрүүл мэндийн бодлогыг босоо удирдлагаар хүргэхийн тулд хууль эрх зүйн орчинд нь анхаарах ёстой юм байна. Аймгийн эмнэлгийн дарга нар аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын үзэмжээр, сонгуулийн циклээр солигдоод байж болохгүй.
Эмнэлгүүдээ улстөрчдийн томилгооноос салгахын тулд энэ ондоо багтаж, Эрүүл мэндийн яамныхаа харьяа эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулъя гэдэг бодлогыг сайд барьж байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрөө эмнэлгийнхээ дарга нарыг томилдог болъё. Сонгуулийн үр дүн ямар гарснаас үл шалтгаалж эмнэлгийнхээ даргыг сольдог байдлыг халъя.
Эмчийн төлөөлөл, сувилагчдын төлөөлөл, ажилчдын төлөөлөл гэсэн байгууллагын гурван төлөөлөл бий. Эдгээр эмнэлгийн ажилчид нь өөрсдөө удирдлагаа сонгодог, шаардлага тавьдаг, санхүүгээ хянаж чаддаг хамтын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана. Ингэснээр мөн улстөржсөн, данхайсан захиргааны бүтцээс сална. Эмч, сувилагчдынхаа өдөр, шөнөгүй ажиллаж олсон мөнгийг ажил хийдэггүй, мөнгө олдоггүй захиргааны нэртэй албан хаагч нь идээд сууж байж болохгүй.
-Яаралтай тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулна гэж байна. Гэтэл суманд рентген зураг авахаас эхлээд яаралтай тусламж үзүүлэх техник хэрэгсэл нь хүртээмжтэй байгаа юу?
-Сумдыг техник нөхцөлөөр нь хангая гэж байгаа. Гэхдээ зарим алдаатай бодлого байна. Тухайлбал, хоёр мянга хүрэхгүй хүн амтай суманд 1000 метр квадрат эмнэлэг барьж байна. Сумын эмнэлгийг эдийн засгийн хувьд дампууруулах хүчин зүйл нь өөрөө том барилга байшин болж байна. Мөн шаардлагагүй олон техник төхөөрөмж авдаг. Гэтэл үүний ард суугаад ажиллах хүний нөөц нь байхгүй байна. Тэгэхээр илүү чадварлаг, туршлагатай эмч нар суманд ажилладаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ахмад эмч тэтгэвэрт гарахаасаа өмнө сум, орон нутгийн анхан шатны эмнэлгүүдэд очиж ажилладаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Тэр утгаараа манай Эрүүл мэндийн сайд анхан шатны хувьсах зардал буюу нэг иргэнд оногдох зардлыг 2022 онд өөрөө санаачлаад хоёр дахин өсгөж байсан. Ирэх жилүүдэд тодорхой хэмжээгээр нэмье гэж байгаа. Мэдээж санхүүжилт нэмэгдэхийн хэрээр төрийн зүгээс хяналт, стандартаа тавина. Анхан шатандаа илүү туршлагатай эмч нар ажиллаж иргэдээ өвдөхөөс сэргийлдэг, өвдлөө гэхэд богино хугацаанд оношилж, шаардлагагүй тохиолдолд аймаг, нийслэлийг зорьдоггүй болмоор байна. Зарим тохиолдолд оношоо батлуулах гэж явж байна. Энийг болъё. Дүрш оношилгоо, рентген зургийг анхан шатанд нь сайжруулъя гэж байгаа. Мөн анхан шатанд хийсэн шинжилгээг Улаанбаатар хотод хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын цахимжилтыг энэ ондоо багтааж хийнэ.
-Төрийн өмчит компаниудын захирлуудын цалингийн асуудал сөхөгдөхөд эмч ажилчдын цалингийн асуудал хөндөгдсөн. Ер нь байнга л яригдаж байдаг ч дорвитой нэмэгддэггүй. Та ч бас орон нутгийн эмч ажилчдын цалин хангалтгүй байгаа гэдгийг хэллээ. Цалинг, хангамжийг нэмэх асуудал дээр ямар бодлого барих юм бол?
-Тухайлбал, аймгийн эрүүл мэндийн газар ажиллаж байгаа алба хаагчид туслах сувилагчийн цалин авч байна. Өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь нэгдсэн эмнэлгийнхээ эмчээс бага цалинтай. Тэгэхээр Эрүүл мэндийн сайд бодлогоор аймгийн эрүүл мэндийн газар ажиллаж байгаа ажилчдынхаа зэрэг дэвийн асуудлыг хөндөж байна. Жишээлбэл, аймгийн Боловсролын газар ажиллаж байгаа ажилтан ахлах зэргээр цалинждаг. Энэ хэрээр өндөр цалинтай гэсэн үг. Манай эмч нар мэргэжилтэн гэж явж байна. Тэгэхээр цалин нь бага байна. Иймээс аймагт ажиллаж байгаа Эрүүл мэндийн ажилтнаа ядаж ахлах зэргийн цалингаар цалинжуулах шаардлагатай. Үгүй бол энд ажиллах хүн алга. Аймгийн Эрүүл мэндийн газар ажиллах сонирхолтой хүн байхгүй боллоо. Үнэхээр хүсэл зорилго, салбар, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс л ажиллаж байна.
-Улаанбурхан өвчний халдвар маш их болсон. Тиймээс ч улаанбурхны дархлаажуулалтыг эрчимжүүлж байна. Удахгүй хичээл сургууль эхлэхээр бусад халдварт өвчний дэгдэлт мөн нэмэгддэг. Халдварт өвчний тархалтыг бууруулахад хэр анхаарч байгаа вэ?
-Биднийг ажил авахад улаанбурхан өвчний дархлаажуулалтын хувь 20 гаруй байсан бол одоо улсын хэмжээнд 70 гаруй хувьтай болсон. ХӨСҮТ-д хүнд өвчтэй буюу эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй. Сум, орон нутагт ч харьцангүй бага байна. Гэхдээ бид тайвширч болохгүй. Томуугийн улирал эхлэх гэж байна. Хүүхэд, зорилтод бүлгийнхнийг яаралтай дархлаажуулалтад хамруулах шаардлагатай. Манай монголчууд өргөн дэлгэр наадамлаж, хөдөө орон нутагт, сувилал амралтад явж байна. Хүүхдүүд маань ерөнхийдөө байгалийн дархлаа авчихсан. Энэ үед нь томуугийн вакцин хийвэл илүү үр дүнтэй. Мөн бидний санаа зовж байгаа зүйл нь тарваган тахал байна. Зарим аймгууд тарвага агнахгүй байх шийдвэрээ цуцалсан гэдэг мэдээлэл бий. Тэгэхээр Монгол Улс даяар тээвэрлэгдэж болзошгүй. Үүнээс сэргийлэх шаардлагатай байна. Түүнчлэн олныг хамарсан хоолны хордлого гарч байна. Ер нь хувь хүний ариун цэвэр, ниймгийн эрүүл мэндийн боловсрол чухал байна. Нийгмийн эрүүл мэндийн хууль батлагдсантай холбоотойгоор нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн, соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байгаа. Гаднын улс орнуудыг туршлагыг судлахад хүүхэд байхаас нь заадаг юм байна. Нэг жишээ хэлэхэд ээж, аавынхаа хумсны хутгаар хумсаар авч болхгүй гэж заадаг. Гэр бүлийн гишүүн бүр шүдний сойзтой байдагтай адил хумсны хутгатай байх ёстой. Энэ нь өөрөө маш олон халдвар авахаас сэргийлдэг. Түүхий зүйлд хүрч болохгүй, хүрсэн бол гараа угааж байхыг зааж өгөх хэрэгтэй. Гэх мэтчилэн Эрүүл мэнийн яам нийгмийн эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийн боловсролд анхаарч ажиллаж байна.