Засгийн газраас эрчим хүч, зам, тээвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, харилцаа холбооны чиглэлийн 44 компанийг нэг малгайн дор нэгтгэж “Эрчист Монгол”-ын харьяанд авчрах бодлого гараад хагас жил гаруй болж байна. Төрийн өмчит компаниудын нэр хүнд тааруу, шүүмжлэлтэйн дээр өнгөрсөн хугацаанд дур зоргоороо явж ирсэн олон “толгой”-той, амбицтай компаниудыг нэгтгэж удирдах, засаглал, үр өгөөжийг сайжруулах төлөвлөгөөгөө эцэслэж, томоохон реформыг эхлүүлээд буй “Эрчист Монгол” компанийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшинг “Mongoliapress” агентлаг “Монтажгүй яриа” буландаа урилаа.
-Олон жил "үнэнч" явсан боломж, сорилтынхоо өмнө ирлээ. Айх, эргэлзэх зүйлгүйгээр зоригтой өөрчлөлт хийхэд маш тодорхой төлөвлөгөө, зорилго бий-
-“Эрчист Монгол” компанийг нэгдлийн зохион байгуулалтад оруулах, нээлттэй, үр ашигтай болгоход цаасан дээрх төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлэх үүрэг танд оногдлоо. Хагас жил хэдийгээр богино хугацаа байж мэдэх ч зорьсон, төлөвлөснөө хийж хэрэгжүүлэх итгэл найдвар төрөв үү?
-Бүх зүйл сайхан байна гэж хэлж чадахгүй. Мэдээж нөхцөл байдал төсөөлснөөс жаахан хэцүү байна уу гэж харж байгаа. Гэхдээ төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулах маш том боломж байна гэдгийг олж харлаа. Энэ өөрчлөлтийг хийнэ гэдэг итгэл төрсөн учраас бүхий л хичээл зүтгэлээ зориулж ажиллахаар зориг шулуудчихаад зорилго, төлөвлөгөөгөө цаасан дээр буулгаад Засгийн газраар батлуулчихаад сууж байна. Ний нуугүй хэлэхэд, хэрэв би хувийн компанийн захирал байсан бол яг одоогийн төрийн өмчит компаниудынх шиг санхүүгийн үзүүлэлттэй байхаас ичнэ. Өөрийн хөрөнгө нь хоёрхон хувийн өгөөжтэй байх жишээний. Гэтэл Монголбанкны бодлогын хүү 12 хувьтай байна шүү дээ. Арилжааны банкуудын хадгаламжийн хүү ямар хэмжээнд байгаа билээ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчдэдээ инфляцаас давсан өгөөжийг ч өгч чадахгүй байна гэдэг ичгэвтэр зүйл биз дээ. Мөн “Эрчист Монгол”-ын харьяа компаниудад 30 гаруй мянган хүн ажиллаж, долоо их наядын борлуулалт хийж байгаа ч цэвэр ашиг дөнгөж 100 тэрбум давж байна. Ийм бага цэвэр ашгийн маржинтай ажиллах нь зохимжгүй. Тиймээс энэ бүхнийг өөрчлөх ёстой. Энэ хэвээрээ үргэлжилж яавч болохгүй. Эхний ээлжинд итгэл найдвар төрж буй зүйл бол Ерөнхий сайдаас эхлээд Засгийн газрын түвшинд нэгдлийг бүрэн дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах хүсэл эрмэлзэл улс төрийн түвшинд байна гэдэг маш том дэмжлэг, хүч гэж харж байгаа.
Нөгөө талаас миний хувьд “Эрчист Монгол” компанийн захирлаар томилогдчихоод өөрчилнө, шинэчилнэ гээд байгаа зүйл биш. УИХ-ын гишүүн байхдаа ч төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулъя, ТУЗ нь улс төрөөс хараат бус ажиллах ёстой. Ийм боломж бүрэн бий гэдгийг хөндөж шүүмжлэлтэй ханддаг байсан. Нэг ёсондоо, төрийн өмч хэрнээ маш олон хүн ажилладаг, нүсэр бүтэц үйл ажиллагаатай байна гэдэг эдийн засагт ямар ч үр нөлөөгүй.
Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийг хөгжүүлэхгүй байх сөрөг талтай гэдэг зарчим, үзэл бодол маань хэвээрээ. Харин олон жил "үнэнч" явсан явсан боломж, сорилтынхоо өмнө ирлээ. Шинэ сорилт, шинэ ажил маань надад сонирхолтой, итгэл үнэмшил төрүүлж байгаа.
-Өөрчлөлт реформыг эсэргүүцэх юм бол хүссэн хүсээгүй шигшигдээд үлдэнэ-
-Та ер нь өнгөрсөн хугацаанд хувийн хэвшилд, тэр дундаа банк санхүүгийн чиглэлээр түлхүү ажилласан. Харин одоо төрийн өмчийг удирдах арай өөр онцлогтой ажилд томилогдлоо. Хоёрдугаарт, төрийн өмчит компаниудын шахаа, эрх ашиг ил цагаан яригддаг, нэгэнт бодит болсон зүйл. Өөрчлөлт хийе гэхэд янз бүрийн дарамт шахалт мэдрэгдэх юм уу. Ер нь “Тоглоомын дүрэм”-ээ тодорхой болгосон уу?
-Яахав, орон тооны цомхотгол, томилгоо, бүтцийн өөрчлөлт, урт хугацааны томоохон шинэчлэл хийгээд эхлэхээр янз бүрийн дарамт шахалт ирэхийг үгүйсгэхгүй. Эхнээсээ ийм хандлага ч гарч байгаа.
Гэхдээ надад айх, эмээх, эргэлзэх зүйл алга. Би ямар хулгай хийж, хууль бус томилгоо хийсэн биш. Харин ч төрд олон жил ажиллаагүй нь миний давуу тал болно гэж бодож байгаа. Яг л цэвэр хувийн хэвшлийн эрүүл соёл, өрсөлдөөн дунд эдийн засаг бизнесийн чиглэлээр цөөнгүй жил удирдах алба хашиж ирлээ. Тэр төлөвшил, туршлага, арга барил маань “болохгүй” зүйл дээр чанга хатуу зогсох зарчим суулгасан гэж боддог.
Айх зүйлгүйгээр зоригтой өөрчлөлт хийхэд надад маш тодорхой тооцоо судалгаатай төлөвлөгөө, зорилго бий. Түүндээ ч хүрнэ. Нөгөө талаас айж эмээх зүйл байхгүй гээд албан тушаалтай зууралдах хүсэл сонирхол алга. Гагцхүү удирдлага хэн байхаас үл хамаараад өнөөгийн энэ нөхцөл байдлыг өөрчилж, засаж залруулах зайлшгүй шаардлагатай.
“Эрчист Монгол” нэгдлийн харьяанд ирж байгаа 44 компанийнхаа удирдлагатай уулзаад хамтрах төлөвлөгөө ярилцахад олонх нь л ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэр дунд манайх онцлогтой гэдэг ч юм уу арай өөр тайлбар тавьж байгаа нь ч бий. Ерөнхий хандлага бол нэгдлийг дэмжинэ, бүрэн оролцоно гэж ойлгосон. Хэрэв энэ өөрчлөлт реформыг эсэргүүцэх юм бол хүссэн хүсээгүй шигшигдээд үлдэнэ. Хэн нь хэн бэ, ямар санаа зорилготой вэ гэдэг нь надаас үл хамаарч тодроод ирнэ. Тиймээс хэн эсэргүүцэх бол яах бол гэдэгт санаа зовохгүй байгаа.
Төрийн өмчийн компанийн засаглал, үр ашгийг хэрхэн сайжруулах талаар дүгнэлтээ гаргаж, 100 хоногийн төлөвлөгөө боловсруулаад Засгийн газарт танилцуулж, батлууллаа. 100 хоногийн хугацаанд 5-6 компанийг сонгож тодорхой өөрчлөлтийг хийнэ. Тухайлбал, МИАТ, мэдээлэл холбооны сүлжээ, ТОСК, ТЭЦ-IV компаниуд дээр захиргааны орон тоог тодорхой хэмжээгээр багасгах, бүтцийг өөрчлөх, зардал хэмнэх бодлогыг хэрэгжүүлнэ. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, орон тооны цомхотгол инженер техникийн ажилтнууд биш илүү удирдлага тал руу чиглэнэ. Түүнчлэн компани болгон 10-20 хүнтэй хуулийн, гадаад харилцааны хэлтэстэй байх шаардлагагүй. Иймэрхүү үйлчилгээг нэгдсэн байдлаар төвлөрүүлж, чиг үүргийг нэгтгэн зохион байгуулж болно. Зөвхөн урсгал зардлаас гадна худалдан авалт дээр онцгой анхаарна. Компаниудын санхүүгийн тайланг харахад их хэмжээний худалдан авалт хийж байгаа нь үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж байна уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Энэ хүрээнд эрчим хүчний компаниудын худалдан авалтад дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлж салбарын яамтай хамтран ажиллаж байна. Худалдан авалт нь стандарттай, хөрөнгө оруулалт бүр үр өгөөжтэй байх ёстой.
Эрчим хүчний компаниуд 25 ТУЗ-тэй байгааг 14 болгох тооцоо хийсэн. Өөрөөр хэлбэл, давхардсан албан тушаалтнуудыг цөөлж, компаниудын зардлыг хэмнэж бүтээмж үр ашгийг нэмэгдүүлнэ. Хоёр жилийн өмнө байгуулагдсан авто замын засвар ашиглалтын компаниудыг нэгтгэдэг АЗЗА-г татан буулгана. Мэдээж зам арчилгаа байх ёстой. Харин ямар тохиолдолд төр нь ямар аль үед хувийн хэвшил ажиллах вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Ялангуяа орлого тал дээр нь тодорхой хэмжээний өөрчлөлт хийхээр салбарын сайдтай ярилцаж байна.
Төрийн өмчийн томоохон компаниудыг нээлттэй болгох давалгаа ирэх жилүүдэд явна. Эхний ээлжинд МИАТ-ийн IPO хийхдээ гадаад, дотоодын аль алиных нь зах зээл дээр гаргах нь зүйтэй гэж үзэж стратегийн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж байна. Бидний төсөөллөөр дор хаяж 34 цаашлаад 49 хувийг олон нийтэд санал болгох нь зөв гэж үзэж байна. Бусад төрийн өмчийн компаниуд дээр жилийн 5-7 хувийн зардлыг танахад л өөрийн хөрөнгийн өгөөж хоёр дахин нугарах тооцоо хийсэн. Энэ мэтээр нээлттэй, ил тод аль болох олон хувьцаа эзэмшигчийн хяналтад байх юм бол төрийн өмчит компаниуд сайжирч эрүүлжинэ. Түүнээс өмнөх шиг худал үнэн хувьчлах компанийн жагсаалтаа УИХ-аар тогтоол гаргуулаад хэрэгжүүлэхгүй хаях юм бол ямар ч үр дүнгүй.
Харин нэгэнт хувьчлахаар шийдсэн бол зоригтой. 5-10 хувь биш 49-51 хувийг нь хувьчлах хэрэгтэй. Ийм хэмжээний өөрчлөлт хийж байж компанийн засаглал сайжирна, бүрэн хяналтад орно. Мөн нээлттэй хувьцаат компани болгохдоо ажилчдын хувьцаа эзэмших хөтөлбөртэй болгох ёстой.
Ажиллаж байгаа компанийнхаа тодорхой хувийг эзэмших юм бол хамт олноороо нэг зорилгын төлөө хичээнэ, бүтээмж нэмэгдэнэ. Хулгай, хууль бус үйлдэл арилна. Энгийнээр бодоход хувьцаа эзэмшигч өөрийнхөө халааснаас хулгай хийхгүй биз дээ. Энэ зарчим руу зоригтой явах хэрэгтэй.
Энэ реформыг хэрэгжүүлж чадвал хоёр жилийн дотор цэвэр ашиг 700 тэрбум хүрэх боломжтой гэж харж байгаа.
-Нээлттэй харилцаж, хамтын шийдвэрт илүү итгэдэг-

-Таны ярианаас өөрчлөлтийг эдийн засгийн “нүд”ээр, цомхон хэр нь үр ашигтай байх талаас нэлээн харах нь гэж ойлголоо. Удирдлагын арга барилыг сонирхвол үүрэг өгдөг төрлийнх үү, аль эсвэл өөрөө манлайлж гар бие оролцдог зарчмаар ажилладаг уу. Ажилчидтайгаа хамт хаалгаа хаагаад гардаг онцлогтой дарга нар ч байдаг юм билээ?
-Ажлын арга барилын хувьд дарга, цэргийн харилцаанд дургүй. Мэдээж удирдах, удирдуулах зарчмаа баримтлах ёстой. Гэхдээ ямар албан тушаалтай, хэн байхаас үл хамаараад саналыг нь сонсох, үзэл бодлоо солилцох байдлаар аль болох нээлттэй, харилцааны энгийн түвшинд ажиллахыг илүүд үздэг. Аль ч үед удирдагч хүн өөрөө манлайлах учиртай. Ингэж байж оновчтой шийдэл, үр дүн гардаг юм шиг санагдаж хамтын шийдвэрт илүү итгэдэг. Энэ арга барил онцлог маань магадгүй цөөнгүй жил хувийн хэвшилд ажилласантай холбоотой байх. Ажлын туршлага маань ч энэ зарчмыг зөв гэдгийг харуулж ирсэн.
- “Эрдэнэс Монгол” нэгдлийг нэлээн үр дүнтэй, амжилттай байгааг Засгийн газрын түвшинд үнэллээ. Хэдийгээр салбар онцлог өөр ч гэсэн танайхаас өмнө үйл ажиллагаа явуулж эхлээд нэгдлийн зовлон, жаргалыг туулаад явж байгаа туршлагыг судалж, сайныг нь хэрэгжүүлэхэд хэр анхаарч байна вэ?
-“Эрдэнэс Монгол” нэгдлийн туршлага бол маш том давуу тал. ТУЗ, салбарын онцлогоос эхлээд “Эрчист Монгол”-той харьцуулахад ялгаатай зүйл байгаа ч гэлээ нэгдлийн загвар, алдаа оноо талаасаа зайлшгүй судлах, хамтарч ажиллах ёстой. Ялангуяа, засаглал, бүтэц, дотоод дүрэм журам талаас нь суралцах, асууж зөвлөөд явж байна.
-Дулааны станцууд бүгд нэгдлийн харьяанд ирсэн. Гэтэл таныг ажил авснаас хойш ДЦС-III дээр хоёр удаа осол гарлаа. Хэн нэгэн хариуцлага хүлээсэнгүй. IPO хийх жагсаалтад эрчим хүчний компаниуд орж байгаа юу?
-Осолтой холбоотойгоор ажлын хэсэг шалгалт хийж байна. Эцсийн дүгнэлт одоохондоо тодорхой болоогүй учраас уралдаж янз бүрийн зүйл ярих нь зохимжгүй гэж бодож байна. Ер нь бол хоёр талтай. ДЦС-III-ын технологи хуучирсан. Үнэхээр хэцүү нөхцөл байдалд орсон. Нөгөө талаас удирдлагын түвшинд алдаа гарсныг үгүйсгэхгүй. Албан ёсны дүгнэлт гарсны дараа хариуцлагын асуудал ярихад оройтохгүй байх.
ТЭЦ-3, ТЭЦ-4-ийг дангаар нь IPO хийхэд хүндрэлтэй. Хөрөнгийн бирж тодорхой шаардлага тавьдаг учраас эрчим хүчний компаниудыг нэгтгэж үр ашгийг нэмэгдүүлсний дараа хувьцаа гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Та бодлого шийдвэр гаргахдаа салбарын яамдтай хамтарна гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэтэл нэгдэл ЗГХЭГ-ын харьяанд байдаг. Яамдаас “асууна” гэхээр эрх мэдэл, эрх ашиг талаасаа зоригтой өөрчлөлт хийх боломж сулрах уу?
-Миний зарчим бол салбарын яамтайгаа зөвшилцөөд явах нь зөв гэж бодож байгаа. Харьяа компаниудын онцлогийг харсан ч өнөөгийн нөхцөл байдалд яах аргагүй бодлогын яамдтай хамтрахаас аргагүй. Эхний алхмуудаа зөв хийх юм бол цаашаа энерциэрээ явчихна гэж харж байгаа.
Таны хэлснээр зарим талаараа сул тал болж магадгүй. Цаашид төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг мэргэжлийн болгох ёстой. Одоо бол есөн ТУЗ-ийн гишүүний гурав нь хараат бус, зургаа нь төрийн төлөөлөл байгаа.
Төрийн төлөөлөлд ТӨБЗГ, салбарын яамд ордог. Бидний санал болгож буйгаар хараат бус гишүүд нь байх ёстой. Харин төрийн төлөөллөө гаднаас буюу мэргэжлийн хүмүүсээс шалгаруулж оруулъя гэж байгаа. IPO хийх гэж байгаа компаниуд дээр стратегийн хөрөнгө оруулагч орж ирэх юм бол өөрсдийнхөө төлөөллийг томилно. Эдгээр өөрчлөлтийн дүнд засаглал сайжирна, олон улсын жишиг рүү дөхнө.
-Манай харьяа компаниуд дунд 30 саяын цалин авдаг захирал байхгүй-
-Сүүлийн өдрүүдэд зарим төрийн өмчит компанийн захирал сард 30 сая төгрөгийн цалин авч байгаад олон нийт дургүйцэж байна. Танай нэгдэлд ийм хэмжээний цалин авдаг захирал хэд байгаа вэ. Мөн цаашид цалин мөнгөний асуудалд ямар бодлого баримтлах вэ?
-Манай харьяа компаниуд дунд 30 саяын цалин авдаг захирал байхгүй. Засгийн газраас гүйцэтгэх захирлуудын цалин урамшууллын системийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэл өгсөн. Олон улсад бол тогтмол цалин авахаас гадна компанийн цэвэр ашиг, өгөөжөөс шалтгаалсан урамшууллын системтэй байдаг. Энэ дагуу судалгаа хийж, анхны загвараа гаргасан. Удахгүй Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна.
Миний бодлоор захирлуудын цалинг хэт багасгавал нэгдүгээрт өндөр боловсролтой, мэдлэг чадвартай боловсон хүчин ирэхгүй. Хоёрдугаарт, хууль бус үйлдэл хулгай зэлгий нь улам далд хэлбэрт орох эрсдэлтэй. Тиймээс алтан дунджийг олж хамгийн оновчтой хувилбарыг олох ёстой.
Төрийн өмчит компанийн удирдлагууд өндөр цалин авч болно. Гэхдээ компанийнхаа үйл ажиллагаа, борлуулалтыг сайжруулах ёстой гэдгийг л маш сайн ойлгож системээ зөв гаргаж ирэх хэрэгтэй. Энэ бол дэлхий даяар туршигдаад үр дүнгээ өгч байгаа систем. Жишээлбэл, мэдээлэл холбооны сүлжээ компани 1300 хүний орон тоотой ажиллаж байна. Мэдээж алслагдсан бүс нутгийг холбодог шилэн кабелийн сүлжээг арчилж торддог инженер техникийн ажилтан байх нь зүй. Гэхдээ 1300 хүний хэд нь төв оффис захиргаанд ажиллаж, хэр бүтээмжтэй байна вэ гэдгийг нарийн тооцож судлах шаардлагатай.
-“Эрчист Монгол” нэгдэл менежментийн зөвлөгөө үзүүлсэн харьяа компаниудаасаа менежментийн төлбөр авах хэлбэрээр санхүүжих юм байна. Компани бүрээс 0.3- 0.5 хувийн хооронд төлбөр авна гэж ойлгосон. Энэ хувилбар хэр зөв бэ. Танай үзүүлсэн зөвлөх үйлчилгээ үр дүнгүй бол төлбөр авахгүй, гэрээгээ үргэлжлүүлэхгүй гэсэн үг үү. Менежмент хийх багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Нэгдлийн баримталж буй менежментийн төлбөрийн зарчим бол Казахстан, Сингапур, арабын орнууд гээд манайхтай ижил төстэй компаниуд дээр олон улсад туршигдсан загвар. Хамгийн чухал нь менежментийн төлбөр бидний үзүүлж байгаа зөвлөх үйлчилгээ буюу тухайн компаниудын үр ашгийг сайжруулсан, түүнд нийцсэн байх ёстой. Түүнээс хэтэрхий их хэмжээтэй юм уу дарамт болох зүйл биш. “Эрчист Монгол” нэгдлийн хувьд компаниудтай зөвшилцөөд ойлголцоод явж байна. Ямар нэг байдлаар эсэргүүцсэн зүйл одоогоор алга. Жилийн дараа дүнгээ тавиулна. Тэр үед үнэхээр үр дүнтэй байсан эсэхийг хоёр талаасаа ярилцаад үргэлжлүүлэн сунгах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн үг. Багийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас компаниудын тоон үзүүлэлтийг судалж шинжлээд ажиллаж байна. Гол нь төлөвлөгөөний дагуу ажиллах, хэрэгжүүлэх шүү дээ.