Монголын анхны мультимедиа агентлаг Mongoliapress.mn “Монтажгүй яриа” буландаа УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг урьж ярилцлаа.
ЗОРИГТОЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ЭДИЙН ЗАСГИЙН БҮСЧЛЭЛЭЭР ЗАСАГ ЗАХИРГААГАА ТОМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Монгол Улс томсгосон тойргоор сонгууль явуулж 126 гишүүнтэй боллоо. Тойрог томсох, олон гишүүнтэй хууль батлахын давуу болоод сул талыг та хэрхэн харж байна вэ. Парламентын нэг жилийн бүрэн эрх дуусах шатандаа орж байна шүү дээ?
-Томсгосон тойргийн нэг онцлог бол өмнө нь зөвхөн аймгаараа харж төсөөлөх гэдэг байсан бол одоо бусад газруудаар явж онцлог, давуу сул талыг хооронд нь харьцуулах боломж гарч ирж байна. Товчхондоо, олон талын харьцуулалт хийх боломж нээгдсэн. Харин Засгийн газраас эдийн засгийн бүсчлэл хийж байгаа нь буруу гэж харж байгаа. Ер нь бол эдийн засгийн биш улс төрийн бүсчлэл.
Ний нуугүй хэлэхэд эрх барьж байсан МАН сонгуульд ялахын тулд хүмүүсээ тооцоолж байгаад бүсчлэл зурсан. Өөрөөр хэлбэл, сонгуульд ялахад зориулж зурсан улс төрийн бүсчлэлээ эдийн засагтай хольж болохгүй.
Эдийн засгийн бүсчлэл бол огт өөр шүү дээ. Хойд, урд хоёр хөршөө холбосон буюу хуучин Засагт хан, Сайн ноён хан, Түшээт хан гэж бүсчилсэн нь их зөв байсан. Иймэрхүү байдлаар хийхгүй бол сонгуулийн тойргийн бүсчлэлээр эдийн засгийг хөгжүүлнэ гэж байхгүй.
Хоёрдугаарт, парламент 126 гишүүнтэй болсонд мэдээж давуу болоод сул тал бий. Уг нь бол 126 гишүүнийг Монголын ард түмэн хүсээгүй. Тухайн үед УИХ-ын гишүүд 21 аймаг есөн дүүргээр явж Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өрнүүлэхэд нийт иргэдийн 99 хувь нь гишүүдийн тоог нэмж болохгүй, төр данхайх нь буруу, цомхон төртэй байя гэдгийг хэлсэн. Гэтэл өнөөдөр ард иргэдийн дуу хоолойг үл тоон гишүүдийн тоог 40 хувиар нэмчихлээ. Мөн миний хувьд Засгийн газар бүтээмжийн менежер, хяналтын менежер тавьж байгаа нь маш буруу гэж үзэж Монголд яг хэдэн дарга, төрийн албан хаагч байдаг вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа. Монголчууд малаа тоолж болдог юм чинь яагаад дарга нараа тоолж болохгүй гэж. Сар гаруйн хугацаанд дарга нараа тоолоод тоо гарахгүй байх жишээтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр төрөөс цалин авч байгаа хүмүүсийн тоо хэрээс хэтэрлээ. Манай улс 250 мянган малчин өрхтэй бол бараг 300-400 мянган хүн төрөөс цалин авч байх жишээтэй. Хоёр хүний нэг нь төрөөс цалинжих нөхцөл байдал руу орчихсон учраас маш нухацтай бодож суурь эмчилгээгээ хийхгүй бол болохоо болилоо. 10-20 жилийн өмнөхтэй харьцуулахад төрд ажиллагсад хэд дахин нэмэгдсэн ч сайжирсан зүйл байна уу. Ард түмний амьдрал улам л хэцүүдлээ.Тиймээс төр өөрөөсөө эхэлж УИХ-ын гишүүд, яамдын тоог цөөлөх ёстой. Энэ чигээрээ сонгуулийн амлалтаар сандал ширээ бөглөх хүмүүс нэмээд байх юм бол энэ улс орон юу болох вэ, хаашаа явах вэ.
-Тэгвэл эдийн засгийн бүсчлэлийг хэрхэн хийх ёстой вэ. Танд ямар тооцоо судалгаа гарц гаргалгаа байна вэ?
-Бүсийн зөвлөлийн дарга гэж томилоод байгаа хүн нь санхүүгийн ямар ч эрх мэдэлгүй. Өмнө нь ч гэсэн Бүсийн зөвлөлийн даргаар Ховдын засаг ажиллаж л байсан. 20 жил болоход олигтой үр дүн гараагүй, хөгжөөгүй. Яг үүнтэй адил орон нутаг урагшилж хөгжсөн ч юм байхгүй цаасан дээр л үлдэнэ. Тиймээс зоригтой өөрчлөлт хийж эдийн засгийн бүсчлэлээр засаг захиргаагаа томруулахаас өөр арга байхгүй. Жишээлбэл, сумын дээр хошуу, хошууны дээр аймаг, аймгийн дээр бүс зэргээр таван шатлалтай байхаар хийж өгвөл жинхэнэ утгаараа эдийн засгийн бүсчлэл болно. Засаг захиргааны энэ хуваарилалт бол санамсаргүй биш хэдэн зуун жил явчихсан бүсчлэл шүү дээ. Тэгэхгүй өнөөдрийнх шиг ямар ч эрх мэдэлгүй хий хоосон бүтэц зурж улс төрийн бүсчлэл хийгээд ямар нэмэргүй. Дахин хэлэхэд, хойд урд хоёр хилийг холбосон коридоруудыг бий болгож байж эдийн засгийн бүсчлэлийн агуулга гарч ирнэ.
АЙМАГ, СУМЫН ЗАСАГ ДАРГА ГЭЖ МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГ
-Аймаг орон нутаг хөгжихөд эрх мэдлийн босоо тогтолцоо маш их саад болж байна гэдгийг өнгөрсөн намар хөндөж байсан. Энэ асуудал юу болж байна вэ?
-Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхгүй бол үнэхээр болохоо болилоо. Аймаг, сумын Засаг дарга бол морь унасан толгойгүй хүмүүс байдаг. Нэг талаас ажил хий гээд шахаад байдаг, ард иргэдийн хүлээлт ч бий. Гэтэл ажил хийе гэхээр томилгооноос эхлээд санхүүгийн ямар ч эрх мэдэл байхгүй. Яг үнэндээ дарга нэрнээс цаашгүй.
Ганцхан жишээ хэлэхэд, Дундговийн зам дүүрэн нөхөөстэй хэцүү байна. Аймгийн Засаг дарга замаа засаач, ажлаа хийж чадахгүй байна гээд шахаж шаардаад байна. Бодит байдал дээр зам засах асуудал Дундговийн Засаг даргад ямар ч хамаагүй, хариуцах ажил нь ч биш. Зам засах мөнгө нь ч аймагт очихгүй. Хариуцсан хүн тусдаа. Харин зам засах, арчлах шинэчлэх ажлыг аймгийн Засаг дарга мэддэг бол хариуцлага ярих нь зүй.
Дараагийнх нь босоо тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Аймагт байгаа 20 гаруй агентлагийн 4-5-ийг нь л аймгийн Засаг дарга томилдог. Бусад нь яам, ерөнхий газраас томилогддог учраас орон нутгийн хөгжлийн төлөө төрийн байгууллагууд хамтарч ажиллахад үнэхээр хүндрэлтэй. Ний нуугүй хэлэхэд аймаг бараг 20 гаруй Засаг даргатай болчихож байна гэсэн үг. Бодит байдал дээр сумын сургуулийн багшийн томилгоог хүртэл Боловсролын яамнаас удирдаж байна. Энэ утгагүй зүйлээ болих хэрэгтэй. Орон нутагт эрх мэдлийг нь өгөхгүйгээр бүгдийг нь дээш нь булаагаад авчихсан өнөөгийн нөхцөлд бол яагаад ч хөгжихгүй юм билээ.
-Аймгийн Засаг дарга яг хэнийг томилохоос эхлээд ямар эрх мэдэлтэй юм бэ?
-Аймгийн дарга Тамгын газрын даргаа Төрийн албаны зөвлөлтэй зөвшилцөж байж томилно. Зарим газарт бол Тамгын даргыг ч томилж чадахгүй нөхцөл байдал бий. Мөн Байгаль орчин, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газрын даргыг л томилдог. Татвар, нийгмийн даатгал, халамж, эрчим хүч, боловсрол гээд бусад нь бүгд босоо томилгоотой учраас аймгийн ажил урагшлах, яах ийх нь бараг хамаагүй. “Дээрээс” томилогддог учраас тийшээ л үйлчилнэ гэдэг хандлагатай. Энэ мэтээр хамтарч ажиллахад маш төвөгтэй байдал нь аймаг орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг, хойш татдаг. Хэнд халамж, туслалцаа хэрэгтэй вэ гэдгийг судалж гаргаж ирээд хамтарч ажиллая гэхээр огт өөр яамны бодлого ярьж, орон нутгийн асуудал цаасан дээр үлддэг. Ийм л байдалтай явж ирсэн. Үүнийг өөрчлөхгүйгээр орон нутгийн хөгжил зөв голдрилдоо орохгүй. Тиймээс зарим нэг гишүүдтэй хамтраад хуулийн төсөл боловсруулж өргөн барихаар ажиллаж байна.
АРД ИРГЭД “ТУС БОЛДОГГҮЙ ЮМ ГЭХЭД БИТГИЙ ГАЙ БОЛООЧ ЭЭ. БИТГИЙ ШИЙДВЭР ГАРГААЧ” ГЭЖ ЯРЬЖ БАЙНА
-Чуулганы завсарлагаанаар тойрогтоо хэдэн удаа очиж ажиллав. Иргэд юу хэлж ярьж байна вэ?
-Баруун аймгуудаар хэд хэдэн удаа очлоо. Иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Үнэнийг хэлэхэд ард иргэд “Та нар тус болдоггүй юм гэхэд битгий гай болооч ээ. Дандаа гай болсон шийдвэр гаргах юм. Битгий шийдвэр гаргаач” гэж ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төр засгийн шийдвэр ард түмэнд хүрэхгүй, хүртэхгүй байгаагийн бодит илрэл шүү дээ.
Нэмж хэлэхэд, аль болох ард иргэдийн амьдралд тус дэм болох хөрсөн дээрээ буусан шийдвэрүүдийг УИХ, Засгийн газар гаргах ёстой. Өнөөдөр энэ байдал учир дутагдалтай байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна шүү дээ.Ер нь ажиглаад байхад аймаг, дүүрэг удирдаж, иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан гишүүд нам харгалзахгүйгээр арай иргэдийн амьдралд ойр асуудлуудыг олж харж гаргаж ирж байна. Гэтэл эдгээр хүмүүс нь цөөнх учраас зөв зүйлийг яриад дэмжигдэхгүй байх магадлалтай. Тиймээс яг хөрсөн дээр бууж ажиллаж байсан хүмүүсээ төрд илгээвэл бодит төлөөлөл болохоор юм уу гэж харлаа.
-Таны санаачилж батлуулсан малчин чоно агнах нь нээлттэй болгосон хууль иргэдийн амьдралд хэр бодитой нэмэр тус болох вэ. Монгол Улс олон улсын өмнө зэрлэг амьтан хамгаалах үүрэг хүлээдэг. Үүнтэй зөрчилдөхгүй юу?
-Малчид мал сүргээ эрсдлээс хамгаалахын тулд чоно агнаж болно. Амь нас, эд хөрөнгөө хамгаалсныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Одоо бол чоно агнах юм бол тухайн газарт байсан бүх хүнийг хоёр сая төгрөгөөр торгодог, машин тэрэг, бууг нь хураадаг. Ер нь Зөрчлийн хууль хотод биш хөдөө орон нутагт л хэрэгждэг шүү дээ.
Яахав, чоныг бараг хүнээсээ, малчны амьдралаас эрхэм гэдэг агуулга ч чуулган дээр яригдаж л байсан. Нөгөө талд орон нутгаас сонгогдсон малчдын амьдрал ахуйг ойлгодог гишүүд дэмжиж баталлаа. Тэр олон улсын конвенц яриад байгаа хүмүүс бол амьдрал мэдэхгүй, асуудлаа эрэмбэлж чадахгүйд байгаа юм. Уг нь хүний амьдрал хамгийн нэгдүгээрт байх ёстой биз дээ. Жишээлбэл, малчдын амьжиргааны хамгийн гол хөшүүрэг болсон ноолуурын асуудал байна. Малчид ноолуурын орлогоороо бүтэн жилийн хугацаанд банкны өр зээл, хүүхдийн сургалтын төлбөр, гурил будаанаас эхлээд бүгдийг төлөвлөдөг. Гэтэл төр засгийн буруу шийдвэрээс болоод ноолуурын үнэ баруун аймагт дөнгөж 90 мянгатай байх жишээтэй. Нэг кг ноолуурын үнийн зөрүүнээс малчид маш их хохирч байна. Энэ мэтээр төр амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаж байгааг шүүмжилж байна.
-Амьтан агнаж зугаацдаг хүмүүс нь хариуцлагаар мултрахаар боллоо гээд хавтгайруулаад агнаад эхлэх вий?
-Одоо цаг үед хавтгайруулж агнахаа больсон. Нэг жишээ хэлье л дээ. Одоогоос 20 гаруй жилийн өмнө гэхэд манай баруун аймагт хар сүүлт зээрийг бараг хүн бүхэн агнадаг байсан. Гэтэл одоо чоно байтугай зээртэй хөөцөлдөөд явдаг хүн байхаа больсон. Нийгмээ дагаад байгаль орчин, ан амьтнаа хайрлах хамгаалах хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдсөнийг хэлэх нь зүйтэй. Таны асууснаар хуулиар далимдуулж хавтгайруулж агнах байдал огт гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
Хоёрдугаарт, өмнө нь бол чоно агнаж Хятадын хилээр зарж борлуулах зүйл байсан юм билээ. Харин одоо хил гааль чангараад чоно агнаж ашиг олдог байдал зогссон. Ер нь хорьж цагдаж торголоо гээд чоно агнахаа больсон ч юм биш. Монголчууд 1000 жилийн турш чоныг дийлэх, дийлэхгүй л яваа. Монгол Улс 1987 оноос хойш бараг 40-өөд жил чоныг бодитоор тоолоогүй. Тэгэхээр чонын тоо толгой төөрсөн гэж яриад байгаа нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг бодох л ёстой. Сүүлд Ховд аймагт л санал гаргаж чонын тооллого хийсэн юм билээ. Байгаль, орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болоод холбогдох байгууллагууд хийх ёстой ажлаа хийгээгүйтэй холбоотой.