Дэлхий даяар чухал ашигт малтмалын гинжин хэлхээ идэвхжиж, хөрөнгө оруулагчид энэ салбарыг ихээхэн сонирхож байна. Геополитикийн гол ярианы сэдэв болж буй энэ гинжин хэлхээнд Монгол Улс нэгдэх бүрэн дүүрэн потенциал бий. Үүний илрэл нь манай улс 1970-аад оноос хойш 60 гаруй жилийн судалгаагаар чухал ашигт малтмалын 20 гаруй төрөл 400-гаад ордыг илрүүлээд байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн нийт нутаг дэвсгэрийн газрын гадаргын өнгөн хэсгийн 40 орчим хувьд хийсэн судалгаа. Орчин үеийн технологиор гүнзгий судлаад үзвэл дахиад ч хэр хэмжээнд нэмэгдэхийг таашгүй.
Монгол Улсын чухал ашигт малтмалын салбар дахь потенциалыг онцолж Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хамтран “Чухал ашигт малтмал боломж ба сорилт” сэдэвт дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа. Гадаад, дотоодын түншүүд, төр, хувийн хэвшлийнхнийг нэг дор цуглаж нээлттэй ярилцаж ойлголцох боломжийг олгосон эл уулзалтад аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 60 орчим хүн оролцож, Монголын чухал ашигт малтмалын судалгаа, инновацын төвийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэв.

Герман-Монголын Ашигт малтмал, технологийн их сургуулийн (GMIT) ректор Б.Батцэнгэл “Монгол Улсын эдийн засгийн 30 хувь нь уул уурхайгаас хамаарч байна. Дэлхий даяар чухал ашигт малтмалын салбар тэлж байгаа энэ цаг үед манай улс ч мөн адил нэгдэх хэрэгтэй. Улс орнууд чухал ашигт малтмалын жагсаалтаа баталж, үндэсний стратегиа тодорхойлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Энэ салбарт гуравдагч хөршийн бодлого бодитоор хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.
Харин ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф “Монгол Герман улс чухал ашигт малтмалын салбарт урт хугацаанд тогтвортой хамтарч ажиллах боломжтой. Бид энэ салбарт Германы хөрөнгө оруулалт илүү их орж ирээсэй гэж хүсэж байна. Тэр дундаа нөөцийг үр дүнтэй төлөвлөхөд судалгаа, инновац маш чухал” гэсэн байр суурийг илэрхийллээ.
“Монгол Улсын стратегийн чухал ашигт малтмал: Европын Холбоо болон дэлхийн өртгийн сүлжээнд нэгдэх нь” илтгэлийнхээ үеэр Монголын Стратегийн чухал ашигт малтмалын ассоциацын ерөнхийлөгч М.Дагва “Монгол Улс чухал ашигт малтмалын өндөр потенциалтай. Дэлхий нийтээр чухал ашигт малтмал гэж үзэж буй ихэнх элементүүд Монголд нээгдсэн, ашиглагдаж байна. Мөн судлагдаж байгаа нь ч бий. Гэхдээ Монголын зарим ордууд тэр бүр ач холбогдол өгч судлагдаагүй байгаа.
Монголд чухал ашигт малтмалын төслүүдийг хөгжүүлэхэд эерэгээр нөлөөлөх хүчин зүйлс, давуу тал хэд хэд бий. Чухал ашигт малтмалын гинжин хэлхээг шинээр бий болгоход Монгол Улсын ардчилсан байдал чухал нөлөөтэй. Мөн олон улсын хамтын ажиллагаа ч эрчимтэй өрнөж, НҮБ-ын төсөлд манай улс сонгогдон идэвхтэй ажиллаж байна. Ер нь бусад улс орнуудыг ажиглавал чухал ашигт малтмалыг тойрсон талцал явагдах гээд байдаг талтай. Харин манай улс талцахгүйн тулд НҮБ-ыг түшиглэсэн байр суурьтай байгаа.
Чухал ашигт малтмалын салбарыг цаашид хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татахын тулд эрх зүйн орчин тэр дундаа татварын орчныг сайжруулах хүлээлт бий. Хууль эрх зүйн шинэчлэл парламентын түвшинд хэлэлцэгдэж байгаа” гэв.

“Чухал ашигт малтмал боломж ба сорилт” сэдэвт дугуй ширээний уулзалтад “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийг төлөөлж, Үйлдвэрлэл, технологийн бодлогын газрын дарга Ч.Төгсбуян “Чухал ашигт малтмалын стратеги” сэдвээр мэдээлэл өглөө. Түүний танилцуулснаар Засгийн газрын 2007 оны 27-р тогтоолоор баталсан 16 стратегийн ордын зургаа нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн эзэмшилд байдаг. Цаашид үнэ цэнийг нь өсгөх, хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын аргачлалын дагуу, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн байдлаар нарийвчилсан хайгуул хийхээр ажиллаж буй аж.
Чухал ашигт малтмал нь эрчим хүчний шилжилт, дэвшилтэт технологи, аж үйлдвэрийн хөгжил болон олон улсын стратегийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзэлж буй энэ үед Монгол Улсын нөөцийг эдийн засгийн бодит боломж, тогтвортой хамтын ажиллагаа болгон хөгжүүлэхэд бодлого, судалгаа, инновацын уялдаа холбоо онцгой ач холбогдолтойг энэхүү хэлэлцүүлгээр талууд онцолж байв.
Хоёр өдрийн арга хэмжээнд төрийн байгууллагууд, аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын түншүүдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарын бодлого, стратеги, олон улсын зах зээлд холбогдох боломж, судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Эхний өдөр Монгол Улсын чухал ашигт малтмалын гадаад бодлого, стратегийн нөөцийн удирдлага, Европын хэтийн төлөв, Герман руу чиглэсэн газрын ховор элементийн нийлүүлэлтийн боломж, салбарын оношилгооны арга хэрэгсэл зэрэг сэдвийг хөндөж, чухал ашигт малтмалын нөөцөөс стратегийн өртгийн сүлжээ бий болгох асуудлаар панел хэлэлцүүлэг өрнүүлсэн бол хоёр дахь өдрийн хамтын ажиллагааны семинар Монголын Чухал ашигт малтмалын судалгаа, инновацын төв (Research and Innovation Hub, R&I Hub)-ийн үзэл баримтлалыг хамтран боловсруулахад чиглэж буй юм. Оролцогчид Герман, Монгол болон бусад орны их сургууль–аж үйлдвэрийн хамтын ажиллагааны туршлагад тулгуурлан судалгаа, инновацын түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцэж байна.
Энэхүү санаачилга нь чухал ашигт малтмалын салбарын тулгамдсан асуудлыг зөвхөн бодлогын түвшинд хэлэлцэхээс гадна судалгааны байгууллага, их сургууль, аж үйлдвэрийн салбар болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг бодитой хөгжүүлэх, цаашдын хамтарсан судалгаа, инновацын төслүүдийн үндэс суурийг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа ач холбогдолтой юм.











.jpg)




