Алхалтын ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таниулах “Алхалт ба хөдөлгөөний эрүүл мэнд” эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурлын талаар мэдээлэл өглөө.

Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ: Алхалтын соёлыг хөгжүүлэхийн тулд зөв арга барилаар, аюулгүй, тогтвортой мэдлэг олгох хэрэгтэй

-Бид явган алхалтын ач тусыг мэддэг, олон нийтийг тогтмол алхахыг уриалдаг. Харин хүн яагаад алхах ёстой, тогтмол алхсанаар хүний бие махбод, эрүүл мэнд, амьдралын чанарт ямар бодит өөрчлөлт гардаг, тэдгээр нь шинжлэх ухааны судалгаагаар хэрхэн нотлогдсоныг илүү гүнзгий ойлгох шаардлагатай байна.

Алхалтын соёлыг хөгжүүлэхийн тулд зөвхөн олон хүнийг алхуулахад яарах бус, тэднийг зөв арга барилаар, өөрийн биеийн онцлог, чадавхид тохируулан, аюулгүй, тогтвортой алхах мэдлэгтэй болгох нь чухал. Иймээс алхалтын практик туршлагыг спортын шинжлэх ухаан, эрүүл мэндийн судалгаатай холбох зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа санаачлан зохион байгуулж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Сургалт, судалгааны албаны дарга Б.Ганзориг: Иргэдийн биеийн онцлогт тохирсон алхалтын арга зүйг хөгжүүлэх шаардлагатай

-Манай байгууллагын үндсэн чиг үүргийн нэг нь спортын шинжлэх ухааны чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, тэр дундаа нийтийн биеийн тамир, хөдөлгөөний эрүүл мэндэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх явдал юм.

Алхалт бол эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх хамгийн энгийн, хүртээмжтэй хөдөлгөөний нэг хэлбэр.

Гэхдээ хүн бүрийн нас, бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн байдал, хөдөлгөөний чадавх харилцан адилгүй. Иймээс иргэдийг бие бялдрын үнэлгээнд тулгуурлан өөрт тохирсон ачаалал, эрчимтэй алхах, дасгал хөдөлгөөнөө зөв төлөвлөхөд шинжлэх ухааны мэдлэг, арга зүй шаардлагатай.

Энэ удаагийн хурлаар спортын шинжлэх ухаанд суурилсан судалгааны үр дүн, практикт хэрэгжүүлэх боломжтой арга зүйг танилцуулж, иргэд болон туршлагатай алхагчдад хөдөлгөөнийг эрүүл амьдралынхаа хэв маягт зөв төлөвшүүлэхэд хэрэгтэй мэдлэг олгохыг зорьж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стратеги, удирдлагын албаны мэргэжилтэн Х.Бямбасүрэн хүн амын биеийн идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, явган алхах дадлыг хэвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхдөө Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлсэн уртын зайн явган алхалтын хөтөлбөрт 2017 онд 62,705 иргэн хамрагдаж байсан бол 2023 онд 271,014 иргэн хамрагдсан үзүүлэлтийг онцлов. Энэ нь тухайн хөтөлбөрийн оролцоо зургаан жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдсэнийг харуулж байна.

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан алхалтын талаарх судалгааны мэдээлэлд хүн амын 29.2 хувь нь өдөрт 3,000–10,000 алхам, 25 орчим хувь нь 3,000-аас цөөн, 4.9 хувь нь 10,000-аас дээш алхдаг гэсэн үзүүлэлтийг дурдлаа.

Монголын явган алхалтын холбоо нь Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй сүүлийн долоон жилийн хугацаанд хамтран ажиллаж, иргэдийн биеийн идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж иржээ.

Судалгаа, практик туршлагыг нэгтгэсэн хамтын ажиллагааны шинэ эхлэл

“Алхалт ба хөдөлгөөний эрүүл мэнд” эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хуралд эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, спортын анагаах ухаан, биеийн тамир, боловсролын салбарын эрдэмтэн, судлаачид, багш, оюутнууд болон явган алхалтын холбоо, клубүүдийн төлөөлөл оролцоно.

Хурлын үеэр алхалт, биеийн идэвхтэй хөдөлгөөний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, хөдөлгөөний ачааллын зохистой хэмжээ, алхалтын арга зүй, бодит туршлага, судалгааны үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцох юм.

Энэхүү бага хурал нь иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн судалгаа, сургалт, практик үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ цаашид үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал эхлэл болж байна.

Хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 28-нд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 1 дүгээр байрны 312 тоот танхимд зохион байгуулах бөгөөд явган алхалт, биеийн идэвхтэй хөдөлгөөний хүний эрүүл мэнд, амьдралын чанарт үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны нотолгоо, судалгааны үр дүн, бодит туршлагад тулгуурлан хэлэлцэх зорилготой юм.

‍