Герман улсын Берлин хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 6–9-ний өдрүүдэд Falling Walls Science Summit 2026 олон улсын шинжлэх ухаан, инновацын дээд хэмжээний уулзалт боллоо. Тус уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Falling Walls Lab Ulaanbaatar, Mongolia 2026 үндэсний ялагч, залуу инженер Өлзийбаяр овогтой Сумъяажид оролцлоо. Тэрээр дэлхийн 66 орны 91 үндэсний лабораториос шалгарсан 100 залуу судлаач, инновац бүтээгчийн нэгээр тодорч, өөрийн технологийн шинэ санааг олон улсын тавцанд танилцуулав. Герман-Монголын Ашигт малтмал, технологийн их сургуулийн (GMIT) төгсөгч, эрчим хүч, цахилгааны инженер Ө.Сумъяажид хог хаягдлыг автоматжуулсан системээр ангилан ялгах ухаалаг хогийн савны загвар, технологийн шийдлээрээ үндэсний шалгаруулалтад тэргүүлсэн юм. Монголын залуу инженер ийнхүү судалгааны санаагаа дэлхийн судлаач, мэргэжилтнүүдэд танилцуулж, олон улсын туршлага солилцоо, хамтын ажиллагааны боломжийг нээсэн нь онцлох үйл явдал боллоо. Энэ жилийн Falling Walls Lab хөтөлбөрт дэлхийн 136 орноос 3,100 гаруй хүсэлт иржээ. Берлин хотноо болсон дэлхийн финалд 100 оролцогч шалгарснаас 55 нь эмэгтэй судлаач байв.
МОНГОЛ УЛС 2019 ОНООС FALLING WALLS-ИЙН ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭНД
Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ (AMPMC) нь 2019 оноос Falling Walls Foundation-тай хамтран ажиллаж, Falling Walls Lab Mongolia хөтөлбөрийг GMIT-тэй хамтран Монгол Улсад зохион байгуулж ирсэн.
2026 оны үндэсний шалгаруулалтыг AMPMC, GMIT, Монгол дахь Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) хамтран зохион байгуулж, Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Их Сургууль, Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан болон бусад байгууллага дэмжин ажиллав.
Энэ жилийн шалгаруулалтад шинжлэх ухаан, технологийн олон салбарыг төлөөлсөн есөн залуу судлаач, инновац бүтээгч оролцож, хиймэл дагуулын IoT сүлжээ, бохир ус цэвэршүүлэлт, хог хаягдлын ангилан ялгалт, генетик, ховор өвчин, макро эдийн засаг, цөмийн физик, батарейн материал, хиймэл эрхтэн, эмийн аюулгүй байдал зэрэг сэдвээр санаа, судалгаагаа гурван минутын илтгэлээр танилцуулсан юм.
Мөн Монгол, Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан ENGAGEx Science Communication – 100 Years of Mongolian-German Educational Cooperation тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж, шинжлэх ухааны харилцаа холбоо, олон нийтийн оролцоо, Герман улсад суралцах болон судалгаа хийх боломж, хоёр орны академик хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН УУЛЗАЛТ
Falling Walls Science Summit 2026 нь шинжлэх ухаан, технологи, бизнес, төрийн бодлого, иргэний нийгмийн төлөөллийг нэгтгэсэн олон улсын томоохон арга хэмжээ боллоо. Дөрвөн өдрийн турш 92 улс, нутаг дэвсгэрээс 2,600 гаруй оролцогч, 885 илтгэгч оролцож, 180 гаруй хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
Хөтөлбөрөөр хиймэл оюун ухаан, анагаах ухаан, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний шилжилт, шинэ материал, шинжлэх ухааны дипломат харилцаа, судалгааны санхүүжилт болон инновацыг бодит хэрэглээнд нэвтрүүлэх асуудлыг хөндлөө.
Мөн 2026 оны Falling Walls Science Breakthroughs of the Year шагналын эздийг тодруулсан бөгөөд Science Engagement ангилалд Африкийн эко түгшүүрийн асуудлыг олон нийтийн оролцоотой шийдвэрлэхэд чиглэсэн Svetlana Onye-ийн Eco-Anxiety Africa Project, Science Start-Ups ангилалд агааржуулалтын эрчим хүчний хэрэглээг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой технологи хөгжүүлсэн АНУ-ын Helix Earth стартапын баг шалгарсан юм.
Summit-тай зэрэгцэн 11 дүгээр сарын 5–9-нд болсон Berlin Science Week нь шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, судлаачид болон иргэдийн харилцаа, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.


“БИДНИЙ ДАРААГИЙН НУРААХ ХАНА ЮУ ВЭ?”
Falling Walls Science Summit-ийн хаалтын ёслол арваннэгдүгээр сарын 9-нд буюу Берлиний хана нурсны түүхэн ойн өдөр боллоо. Энэ нь шинжлэх ухаан, инновацын хүчээр хүн төрөлхтний өмнө тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, салбар хоорондын хамтын ажиллагаагаар шинэ боломж нээхийг уриалсан бэлгэдэлт үйл явдал байв.
Монголын залуу инженер дэлхийн 100 финалистын нэгээр оролцсон нь үндэсний түвшний судалгаа, инновацын санааг олон улсын тавцанд хүргэх бодит боломжийг харууллаа. Цаашид Falling Walls-ийн Science Engagement болон Science Start-Ups / Venture чиглэлийн хөтөлбөрүүдийг Монголд хөгжүүлж, залуу судлаач, инновац бүтээгчдийн оролцоог нэмэгдүүлэх нь Монгол-Германы шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааны чухал чиглэл юм. Шинжлэх ухааны хил хязгаарыг давж, шинэ санааг бодит өөрчлөлт болгон хөгжүүлэхэд Монголын залуу үеийн оролцоо чухал юм.















