Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнгөрсөн мягмар гарагт болж өндөрлөлөө. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын гарди М.Лхагвагэрэл долоо даван түрүүлсэн бол Улсын даян аварга Б.Орхонбаяр үзүүрлэж, их шөвөгт Улсын аварга О.Хангай, Улсын заан Д.Алтанцоож нар шалгарав. Б.Орхонбаяр Даян аваргаа анхлан цоллуулж, О.Хангай аваргыг амлаж даван бөх сонирхогчдын урмыг сэргээлээ. Тавын даваанд М.Лхагвагэрэл гарди Улсын арслан Э.Батмагнайтай наадмын “тооцоогоо” бодож үзэгчдийг шуугиулаад амжсан. Үзүүштэй учраануудтай, үзэгчдийг өндөлзүүлсэн сайхан барилдаан боллоо.

Гэвч эцэс сүүлд нь ихэс, дээдсүүд маань үнэн хүчийг үзэж, түмэн олноо баясгасан бөхчүүдээсээ цээрлэж олны дургүйцлийг хүргэлээ. Түрүү бөхчүүд барилдаж дуусаад шагналаа авахаар индэр дээр гарах гэтэл Төрийн ёслолын албаны нэг нөхөр хааж зогсоод л гараа ариутгаж, арчиж зүлгэхийг шаардав.

Анаж зогссон эмэгтэй түмпэнд ус хийчихсэн, усыг нь дуслуулсан алчуураа түрүү бөхчүүдэд атгуулчих юм. Амьсгаагаа ч дарж амжаагүй бөхчүүд учрыг нь ойлгож ядан гараа арчаад зогсохыг нь үзэгч түмэн бүгдээрээ л харлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн түшээд хөлстэй гар атгахгүй гэсэндээ ийм “ёслол” үйлдэхэд хүргэсэн аж. Индэр дээр гарахаас нь урьтаж гар угаах нойтон даавуу бэлдээд зогсож байсныг бодоход бөхчүүдийг ариутгах чиглэл эрт ирсэн бололтой.

Товчхондоо өв соёлоосоо Монгол төр маань цэрвэжээ. Бид чинь түрүү бөх, соёолонгийнхоо хөлс, тоосыг хүртэх гэж наадмаа зорьдог.  Тэр хөлснөөс цээрлэх бус хийморь лундаа сэрээнэ гэж итгэдэг, билэгддэг өв соёлтой ард түмэн.

Атал Их эзэн Чингисийн мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр түрүүлсэн бөхчүүдээсээ цээрлэж, цэрвэж суугаа нь ямар учиртай вэ. Бидний ондоошил, өвөрмөц зан заншил юу болж хувираа вэ.

Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Өв соёлоо унагааж яваа бөхчүүдтэй хатуу тэмцэнэ” гэж амны уншлага мэт хэлдэг. Гэтэл өв соёлоо үгүйсгэж байгаа төрийн түшээддээ тэр юу ч хэлж зүрхэлсэнгүй. Харин ч "Үндэсний бөхийн барилдаан 6-8 цаг завсарлагагүй үргэлжилж бөхчүүд хүчийг шавхан барилдаж байгаа энэ үед ариун цэвэрт зайлшгүй анхаарах шаардлагатай” гэж ам ангайх нь тэр. Бас болоогүй “Монгол бөхийн өргөө болон бусад зал танхимын бүх шатны барилдаанд гар арчих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана” гэжээ.

Хэдэн бөхчүүдээ гараа ч угааж, арчиж тэвдээгүй, тийм хэмжээний соёл боловсролгүй гээд тэргүүн нь дүгнэчхэж болж байгаа хэрэг үү.

Үнэхээр ийм л дүрэм, журам хэрэгжиж байгаа юм бол бүхий л барилдаан дээр хэрэгжүүл. Үзэгчдэд боорцог тараахаас нь өмнө гарыг нь ариутга л даа. Нойтон даавуугаар бус гар ариутгагчаар ч ариутгах боломжтой биш үү. Эсвэл энэ дүрэм бөхчүүд зөвхөн төрийн түшээдтэй гар барихаас өмнө үйлчлээд байгаа хэрэг үү. Тийм биш бол Төрийн ёслолын алба нь сүр дуулиан болж үйл ажиллагаанд нь оролцоод байх шаардлагагүй. Ер нь түрүү бөхчүүд төрийн түшээдтэй заавал гар барих ёсгүй. О.Хангай аварга ч үүнийг хэлсэн. Цаашид ч энэ жишгээрээ явах нь зөв.