Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Золтуяа нар хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжиж буйгаа ил тод илэрхийлжээ. Ил гарч дуугарч буй нь л энэ хоёр болохоос биш, хөшигний ард уг хуулийг батлагдчихаасай хэмээн алга хавсран хүлээж суугаа төлөөлөгчид цөөнгүй биз.
Учир нь өнөө цагийн хурдан морины уралдаан эгэл жирийн малчдын уламжлалт баяр гэхээсээ илүүтэй зиндаархаж, бэл бэнчингээрээ гайхуулсан чинээлэг давхаргын зугаа цэнгэл болж хувирсан. Тэдний эгнээнд төрийн түшээд олноороо багтдаг нь нууц биш юм.
Уг нь Монгол Улсын Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаараа “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” түүхэн тогтоолыг баталж байв. Засгийн газрын 2016–2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.6-д тусгасан “Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлж, хүүхдийн осол, эндэгдлийн түвшнийг хоёр дахин бууруулна” гэх зорилтын хүрээнд жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан,сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хатуу хориглосон билээ.
Гэвч хүүхдийн эрхийг хамгаалсан энэхүү шийдвэрийг сөрөн, хаврын морин уралдааныг дахин сэргээхээр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Хэрэв энэ хууль батлагдвал хэчнээн бяцхан үрс эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдэхийг таашгүй. Өмнөх жилүүдэд хурдан мориноос унаж эндсэн хүүхдүүдийн гашуун түүх, хүнд бэртэл авсны улмаас насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болж хоцорсон хүүхдүүдийн тоо өнөөдөр цагаан дээр хараар дурайсан хэвээр байна.
Морин уралдааны тарьсан балаг бидэнд олдсон уу гэхээс багадаагүй. Атал УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, тэр дундаа эх хүн, эмэгтэй улстөрчид нь хүртэл хаврын уралдааныг сэргээхээр уухайлан дэмжиж байгаа нь туйлын харамсалтай.
















-p-500.jpg)
