Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдааны эхэнд 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 573 арга хэмжээний биелэлтийг танилцуулав. Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 95.1 хувьтай байна. Тухайлбал, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын ажил 86.6 хувь, цэвэрлэгээ, засвар, нөхөн сэргээлтийн ажил 96 хувь, үерийн далан, сувгийн цэвэрлэгээ, засвар шинэчлэл 84 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл 98 хувь, эрүүл мэндийн салбарын бэлтгэл 93 хувьд хүрчээ.

Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгч Т.Батцогт гэр хорооллын төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй сургууль, цэцэрлэгийн дулааны хангамж, хийн түлшээр ажиллаж буй боловсролын байгууллагуудын тоон мэдээллийг тодруулав. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалтын хүртээмж болон ханиад, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл хэр хангагдсан талаар асуулаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 446 цэгээр борлуулахаар бэлтгэл хангасан гэв. Тухайлбал, Зүүн бүсийн үйлдвэр өдөрт 1400 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадлын хүрээнд батлагдсан графикийн дагуу ажиллаж байна. Мөн энэ жил 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлсэн бөгөөд агаарын чанарын үзүүлэлт өмнөх үеэс 10-15 хувиар буурсан гэдгийг онцоллоо.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 мянган хүүхдийг вакцинжуулж, нийт хамрагдалт 90 гаруй хувьд хүрсэн байна. Түүнчлэн эмнэлгийн ид ачааллын үед, өвчтөнг коридорт хэвтүүлэхгүйн тулд 1600 гаруй ор нэмж бэлтгэжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд арваннэгдүгээр сарын 8-наас арванхоёрдугаар сарын дуустал уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн талаар холбогдох албаны төлөөлөл мэдээллээ.

Төлөөлөгч Ү.Оюунзул 2026 онд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаас дэд бүтэцтэй холбоотой, хугацаа нь удааширсан төсөл, арга хэмжээ байгаа эсэхийг тодруулав. Мөн өнгөрсөн өвлийн агаарын чанарын үзүүлэлтийг энэ жил хадгалах болон сайжруулахад чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаа, алслагдсан хороодын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хэрхэн хүртээмжтэй хангах, 446 борлуулалтын цэг хангалттай эсэх, нийслэлийн хэмжээнд камержуулах ажлын явцын талаар асуув.

Холбогдох албаны төлөөллийн мэдээлснээр, энэ жил есөн дүүргийн хэмжээнд нийт 2100 камер нэмж байршуулахаар төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.

Төлөөлөгч Ж.Сандагсүрэн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, автобусны хүрэлцээ, чиглэлийн ачааллын асуудлыг хөндлөө. Тэрбээр өглөө, оройн оргил ачааллын үеэр иргэд автобус хүлээх, багтаамж хүрэлцэхгүй байх нөхцөл үүсэж байгааг дурдаад, автобусны тоо, гаралтыг нэмэгдүүлэх боломж болон нийтийн тээврийн чиглэл, цагийн мэдээлэл өгдөг аппликейшны үйл ажиллагааг сайжруулах шаардлагатайг хэлэв.

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 1173 автобус үйлчилгээнд гарсныг мэдээллээ. Мөн зорчигчдын ачаалал ихтэй 13 чиглэлд 20 автобус нэмж, цаашид ачаалал үүсэж буй чиглэлүүдэд нөхцөл байдалтай уялдуулан автобусны гаралтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX  хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.