Тэрбишийн Отгонболд Багануур дүүргээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хоёр удаа сонгогджээ. Зургаан жилийн турш нийслэлийн 45 төлөөлөгчийн нэгээр ажилласан түүнийг таних хүн ховор гэхэд хилсдэхгүй болов уу. Хэл ам таталдаггүйн дээр хийж гийгүүлсэн зүйл ховортой учраас тэр биз ээ.

Тэрээр Завхан аймгийн уугуул, Багануур дүүргийн суугуул нэгэн аж. Завхан аймагт суурь боловсролоо эзэмшиж, 2001-2005 онд "Улаанбаатар Эрдэм-Оюу" дээд сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр суралцаж төгсжээ. Үргэлжлүүлэн Удирдлагын академид суралцаж магистрын зэрэг хамгаалсан байна.

Ажлын гараагаа Багануур дүүргийн "Монгол Шуудан" банкинд нягтлан бодогчоор эхлүүлж, тус дүүрэгтэй салшгүй холбогджээ. Улмаар 2008-2012 онд Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга, 2013 оноос Багануур дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, 2016 оноос Багануур дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан байна. Харин 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Энэ хугацаандаа буюу 2020-2024 он хүртэл Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албыг ч хашжээ.

Мөн 2025 оны долдугаар сараас “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгааг онцлох нь зүйтэй.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид төрийн өмчит компаниудыг удирдаж байгаа нь ил болсон. Энэ жишгээр Т.Отгонболд ч төрийн өмчит компани удирдаад жил тойржээ. Саяхан тус компани энэ оны гүйцэтгэлийн явцаа танилцуулсан. Тэгэхдээ ирэх оны зардал долоон хувиар өснө хэмээн мэдэгдсэн нь түүний ажлыг тод тодруун дүгнэчихэж байна. Томилсон ажлаа сайн хийж онцгойрдоггүй юм аа гэхэд сонгуульт ажилдаа хариуцлагатай байж, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах нь түүний үүрэг баймаар сан.

Багануур дүүрэг НИТХ-д ердөө хоёрхон мандаттай. Энэ нь тус дүүргийг төлөөлж буй төлөөлөгчдөд маш өндөр хариуцлага, хүлээлтийг үүрүүлдэг.

Алслагдсан мэт боловч 30 гаруй мянган хүн амтай том дүүрэг. Дээрээс нь стратегийн том уурхайтай. Тиймдээ ч Багануур дүүргийг хурдацтай хөгжих нөөц, бололцоотой гэж үздэг. Энэ утгаараа НИТХ-д 6 жил төлөөлөн суусан Т.Отгонболдын татсан хөрөнгө оруулалт, хийсэн бодит бүтээн байгуулалт нь чамлагдаж байна.