Эх орны минь зүүн хязгаар шатаж байна. Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэдэг газарт хээрийн түймэр гарсан дуудлага энэ сарын 8-ны 11.55 цагт ирснээс хойш өнөө өглөөний байдлаар дөнгөж цурманд оруулаад буйг албаныхан дуулгалаа.

Ийнхүү таван өдөр тасралтгүй дүрэлзсэн улаан галд Нөмрөгийн дархан цаазат газар бараг бүхэлдээ, амьтай бүхэнтэйгээ хамт өртлөө гэх мэдээ сонсож, зураг сэлтийг нь харах нь ээ өр зүрх минь өөрийн эрхгүй эмтэрч байна.

Хэн хүн хөл тавьж үзээгүй ч нэрнээсээ нөмөр нөөлөг мэдрүүлдэг энэ газар үнэхээр л Их Хянганы нурууны баруун салбар уулсын дунд, өтгөн ой шугуй, өндөр сүрлэг уулсаар хүрээлэгдсэн байдаг тул тал хээрийн хүчтэй салхи, шуурганаас халхлагдсан, дулаан, нөмөр нөөлөгтэй баянбүрд болдог гэнэм.

Товчхондоо, Нөмрөг голын сав газраас олон жижиг гол, горхи эх аван урсдаг, ан амьтан хоргодон амьдрахад таатай нөмөр дулаан орчин учраас Хар мөрний хандгай (Уссурийн хандгай), илбэнх, зэгсний гахай, монгол хясаа, дагуурын сувдан хясаа, алтан гургуул, дорнодын мэлхий, хар мөрний цагариг могой гэхчлэн Монгол орны өөр хаана ч байхгүй, эсвэл зөвхөн энэ бүс нутагт л маш ховорхон харагддаг өвөрмөц ан амьтад энд идээшин нутагшжээ. 1992 онд Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, байгаль орчноо дэлхийн жишигт нийцүүлэн хамгаалах шийдвэр гаргахад Нөмрөгийг хамгийн түрүүнд улсын тусгай хамгаалалтад авч, дархалснаар өнгөрсөн 34 жилийн турш хүн амын суурьшил, аялал жуулчлалаас ангид, хилийн чанга дэглэм дор байсан тул байгалийн уугуул төрхөө хамгийн сайн хадгалж үлдсэн газруудын нэг гэгдэж байлаа.

Гэвч энэ түймэр “Мобиком” компанийн монгол, гадаад удирдлагуудын унаж явсан машин шатсанаас үүдэлтэйг орон нутгийн зарим эх сурвалж өгүүлж буй.

Үүнтэй холбоотойгоор тус компаниас мэдэгдэл гаргасан бөгөөд “2026 онд Халхголын хилийн отрядын бүх заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлэн, сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулсан. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцох, одоо байгаа сүлжээний ажиллагааг шалгаж, сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон. Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно. Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн хамт зорчоогүйг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн онцлов.

Гэхдээ эл мэдэгдэл нь олон нийтэд олон сэжиг бүхий сэжүүр атгуулж байна. Албан ажлын томилолттой хүмүүс дархан цаазат газарт юуны учир нэвтрэв, тэднийг яагаад ганцхан хилийн цэргийн байгууллагын зөвшөөрлөөр оруулав, Нөмрөгт хөл тавихын тулд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, эсвэл харьяа Хамгаалалтын захиргаанаас олгодог тусгай зөвшөөрөл, хураамж төлсөн баримт нь хаана байна, орон нутгийн болон хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн “Мобиком”-ынхонтой хамт зорчоогүй нь үнэн үү гэхчилэн эргэлзээ дагуулж, хариулт ээрсэн олон асуулт урган гарч байна.

Учир нь Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр алдсан “Мобиком”ынхны унаж явсан машины эзэмшил нь төрийн байгууллагынх болохыг улсын дугаар, серээс нь төвөггүйхэн харж болно.

Чухам төрийн аль байгууллагын, ямар дарга тус машиныг унадаг нь хэзээ мөдгүй ил болох биз.

Түүнчлэн тус компанийнхантай хамт УИХ-ын гишүүн У.Отгонбаяр явж байж болзошгүй. Яг таван өдрийн өмнө “Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр боомт “Мобиком”-ын хөрөнгө оруулалтаар өндөр хурдны шилэн кабелиар холбогдлоо” гэх мэдээлэл зураг хөрөгтэйгөө олон нийтэд цацагдсан бөгөөд У.Отгонбаяр гишүүн тухайн үйл явдалд тус компанийн түймэр тавьсан гэгдэж буй захирлуудын хамт оролцож, үг хэлсэн байдаг. Хачирхалтай нь, эрхэм гишүүн өнөөдрийг хүртэл ганц үг ган хийсэнгүй.

Түмэн олон, тойргийнхон нь “Түймэр тавьчихсан юм биш биз” гэж тээнэгэлзэн чих тавьж байхад үгүйсгэсэнгүй, таг чиг.

Хэрэв тэнд байгаагүй бол “Би байгаагүй ээ” гээд хамгийн түрүүнд мэдэгдмээр сэн.  

Цаашлаад дархан цаазат газар луу нисдэг тэрэг хөлөглөж ирээд дураараа нэвтэрч ан ав хийж, загасчилдаг хил хамгаалах байгууллагын дарга нарыг ч буруутган, хардаж байна. Нөмрөгийг нөмөрсөн аюулыг хэн тарив. “Мобиком”-ын захирлууд уу, тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн У.Отгонбаяр байсан уу гэдэг нь их удахгүй ил тод болох биз ээ.