Өнөөдөр \2026.06.29\ Налайх дүүрэгт шинэ дулааны станц барих барилгын суурь тавих ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, болон Налайх дүүргийн Засаг дарга, дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Налайх дүүрэгт Улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ дулааны станц барина. Дулааны станц нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бөгөөд 79 МВт-ын хүчин чадалтай, 7,900 өрх, 13,000-19,000 айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангана.

Төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд нийт 256 МВТ-ын хүчин чадалтай, 1.4км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, 0.5км шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан төслийг нээж үг хэллээ. Тэрээр Налайхын шинэ дулааны станц нь зөвхөн шинэ дулааны эх үүсвэр байгуулах төдий бус, Налайх дүүргийн урт хугацааны хөгжил, орон сууцжуулалт, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалт гэдгийг онцоллоо.  

Шинэ дулааны станц ашиглалтад орсноор орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Дулааны эх үүсвэрийн хүрэлцээ сайжирснаар хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүдээ ч төвлөрсөн дулаанд хангах боломжтой болж байгааг дүүргийн удирдлагууд дурдав.

Налайх дүүрэг Улаанбаатар хоттой хамгийн ойрхон дүүрэг учраас жилээс жилд хүн ам нь өсөн нэмэгдэж байна. Тус дүүрэг нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аялал жуулчлал, аж үйлдвэржсэн ХОТ болон хөгжиж, бүтээн байгуулалт ид өрнөж байгаа юм.

Налайх дүүргийг нэгдсэн стандарттай, ногоон орчинтой, амьдралын чанар, аюулгүй байдлын баталгаа болсон жишиг ХОТ болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийг хийж эхэлсэн.

Улаанбаатар хотын алдааг давтахгүйн тулд Япон, Солонгос, Хятад, Орос, Азербайжан, Америк, Сингапур зэрэг хотын ерөнхий төлөвлөлтийг гаргасан олон улсын шилдэг инженерүүдтэй хамтран Налайх хотын шинэ төлөвлөлтийг хийж дууссанаа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан онцлов.

Тодруулбал 7,850 га талбайд “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулж, Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болжээ.

Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэрийн барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна.