Шинэ оны эхний өдөр төрийн өмчит компаниудын ТУЗ, гүйцэтгэх захирлуудыг чөлөөлнө. Учир нь өнгөрсөн долдугаар сард баталсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль ирэх оны эхний өдрөөс хэрэгжих юм. Хууль хэрэгжиж эхэлснээр төрийн өмчит компаниудын удирдлагуудыг шинэчилнэ. Хуульд төрийн өмчит компаниудын удирдлага улс төрөөс ангид, мэргэшсэн байхаар тусгасан. Мөн удирдлагуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож байхаар болсон. Тэгэхээр хэн нэгэн улстөрчийн сонгуульд сайн ажилласныхаа хариуд төрийн өмчийн даргын суудлаар шагнуулдаг цаг ард хоцрох нь ээ.
Ерөнхий сайд энэ тухайд “Чадалтай, мэдлэгтэй, боловсролтой залуучууд төрийн өмчийн компаниудыг удирдах ёстой. Хууль хэрэгжсэнээр манай улсад ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд, нийтийн үйлчилгээний компаниуд л үлдэнэ. Орон нутгийн өмчит компани байгуулах бол заавал УИХ-аас зөвшөөрөл авдаг байх хуулийг баталж чадсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэгвэл шинэ оны эхний өдөр чөлөөлөгдөх төрийн өмчит компаниудын захирлуудыг дурдъя.
Эрдэнэс Монгол ХХК буюу Чингис хаан Баялгийн сан нэгдэл ХХК – Б.Даваадалай
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ – Г.Ёндон
Эрдэнэс Тавантолгой ХК – Б.Чагнаадорж
Эрдэнэс Оюу толгой – Б.Тэлмүүн
Эрдэнэс Алт Ресурс ХХК – Э.Ууганбаяр
“Цемент Шохой” ХХК – Гүйцэтгэх захирал Ч.Баяраа
Эрдэнэс Метан ХХК – Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Үнэнбат
“Монголросцветмет” ТӨҮГ – Захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхсайхан
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК – Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг
“Эрдэнэс Үйлдвэрлэл, технологийн парк” ХХК – Н.Мөнх-Идэр
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК – Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх
“Мон-Атом” ХХК – Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал
Шивээ-Овоо ХК – Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Батсуурь
Багануур ХК – Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд
Монголын төмөр зам ТӨХК – О.Батчулуун
Хөгжлийн банк – С.Баатарсүрэн















