Монголын байгалийн баялгаас орж ирж буй Оюутолгойн ногдол ашиг эрх баригч намын сонгуулиар санал худалдаж авах хэрэгсэл болох нь нэгэнт тодорхой боллоо. Н.Учралын Засгийн газар нүүрэн дээрээ Оюутолгойн ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараахгүй гэж байвч цаагуураа ард түмний 100 мянган гарын үсгээр халхавчилж эрчим хүчний төслүүдээ эргүүлэн татсан.
Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудаж уулзаад “Оюутолгойн ногдол ашгийг орж ирэх болгонд нь иргэдийн дансанд олгох нь зөв. Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно” гэж хэлсэн үгээ гоёмсог рийлээрээ олон нийтэд зарлалаа. Ийн эрх баригч нам Ерөнхийлөгч, УИХ-ын айсуй сонгуулиудыг угтан бэлэн мөнгө тараах нь.
Товчхондоо, Оюутолгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгаар МАН санал худалдаж авч, яг сонгуулийн өмнөхөн иргэдийн данс руу шилжүүлнэ гэдэг албан бусаар зарлачихлаа.
Энэ Засгийн газар эхэндээ бэлэн мөнгө тараахгүй гэсэн боловч 100 гаруй мянган иргэний гарын үсэг дээр нь төрийн тэргүүний шахалт шаардлагаар аргагүй байдалд орлоо гэсэн үгээр ард түмний амыг таглана. Уг нь долоо хоногийн өмнө л Ерөнхий сайд Н.Учрал “Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах санал асуулгад 106,000 иргэн санал өгсөн байна. Ингээд иргэдийн саналыг хүндэтгэж Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгөөр тараахгүй, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулахаар болж байна” хэмээж байв.
Одоогийн өндөр инфляц дээр бэлэн мөнгө тараавал улам бүр гаарна. Иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндэрнэ.
Хэрэв энэ бүхнийг бодож үздэг бол Н.Учралын Засгийн газар бэлэн мөнгө тараахгүй гэх байр суурин дээрээ бат зогсож, Ерөнхийлөгчийн популист саналыг сөрөх учиртай. Гэхдээ өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас харахад Н.Учралд тийм зүрх, зориг байх уу гэдэг асуулт гарч ирнэ.
Сөрөг хүчний зүгээс ч Оюутолгойн ногдол ашгийг МАН-ынхан сонгуулийн өмнө бэлнээр тараах гэж байна гэж мэдэгдэж байсан нь ёсоор болж байна. УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн “Байгалийн баялгийн орлого зөвхөн өнөөгийн Засгийн газрын зарцуулах мөнгө биш.
Ирээдүйд залууст хуримтлал үүсэх, ирээдүйд үүсэх асуудалд зарцуулах, уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой орлого. Гэтэл төсвийн төсөөлөлд тэрхүү 3 их наяд төгрөгийн хоёр их наяд төгрөгийг зарцуулна. Нэг их наяд төгрөгийг нь баялгийн санд хуваарилахаар оруулж ирсэн. Ноцтой зүйл нь төсвийн төсөөлөлд нэг их наяд төгрөгийг орлого гэж оруулж ирж байгаа ч 2027 онд зарлага гээд юунд зарцуулах нь тодорхойгүй байдлаар оруулж ирсэн. Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараахаар Засгийн газар төлөвлөж байна уу гэж хардаж байна. Иргэдэд өнөөдөр инфляц, үнийн өсөлт хамгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед бэлэн мөнгө тараах нь улам үнийн өсөлтийг өдөөсөн зүйл болно” гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Гэхдээ алаагүй баавгайн арьсыг булаацалдана гэгчээр Оюутолгойн ногдол ашиг яг хэзээ орж ирэх, тэр бүү хэл орж ирэх эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.















