Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-ийн гүйцэтгэх захирал Д.Баянмөнхтэй ярилцлаа.
-Юун түрүүнд “MOSCAP” гэх байгууллагаа уншигчдадаа танилцуулах нь зүйтэй болов уу. Хэдэн жилийн түүхтэй, ямар чиг үүрэгтэй байгууллага вэ?
-Mongolian Society of Composers, Authors and Publishers (MOSCAP) буюу Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг нь 2011 оноос хойш Оюуны өмчийн газартай гэрээ байгуулан ажиллаж буй хамтын удирдлагын байгууллага юм. Хамтын удирдлагын байгууллага нь хуулийн хүрээнд зохиогчийн бүтээл ашиглалтын төлбөрийг цуглуулж гишүүддээ хуваарилах үүрэгтэй.
-2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэлээ. Энэ хугацаанд гишүүддээ бүтээл ашиглалтын төлбөр хуваарилж байв уу?
-Зохиогчийн эрх, оюуны өмчийн хамтын удирдлагын байгууллагуудын дэлхийн нэгдсэн холбоог “CISAC” гэдэг. Тус холбоонд бид 2011 онд элссэн. 20 гаруй оронтой гэрээтэй ажилладаг. Энэ хугацаанд бид гишүүддээ төлбөр хуваарилж өгч байсан. Харин 2021 оноос хойш Зохиогчийн эрхийн тухай хууль шинэчлэгдэж, батлагдсан тарифын дагуу бүтээл ашиглагч байгууллагуудаас төлбөр цуглуулах ёстой болсон. Түүнээс хойш бизнес эрхлэгч, хөгжмийн бүтээл ашиглаж байгаа хүмүүс “Тариф чинь батлагдаагүй” гэдэг шалтгаанаар төлбөр төлөхөө больсон. Сүүлийн тав орчим жил MOSCAP-ийн орлого эрс буурсан. Миний хувьд ажлаа аваад нэг жил болж байна. Энэ хугацаанд манай Удирдах зөвлөл болон бусад хамаарах эрхийн байгууллагууд Оюуны өмчийн газар болон Зохиогчийн эрхийн зөвлөлөөр тарифаа хэсэгчлэн батлуулаад байна. Тарифтай болсноор бид бүтээл ашиглагчдаас төлбөр цуглуулах хууль эрх зүйн баримт бичигтэй болж байна гэсэн үг.
-Тарифаа яаж тооцсон бэ?
-Тариф ангилал бүрээр өөр байгаа. Тоглолтоос гэхэд борлуулсан тасалбарын гурван хувийг зохиогчийн эрхийн төлбөрт авч байгаа. Бид нийт багтаамжийн 70 хувийг борлуулсан гэж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, 10 мянган суудалтай танхимын 7000 билет борлогдсон гэж үзнэ. Үүнийг суудалгүй, босоо тоглолтууд дээр тооцно. Суудалтай тоглолтуудын тасалбарыг ticket.mn, portal.mn, shoppy.mn-ээс харчихдаг учир түүгээр нь тооцно. Бусад оронд бүтээл ашигласан л бол тоглолтын хэдэн тасалбар борлуулснаа мэдээлдэг хууль журамтай. Харин манай Монголд тасалбарын орлогоо мэдүүлэхгүй гэж маш олон хэрэглэгч татгалзаж байгаа.
Тоглолтын орлогоос авч буй гурван хувийг бид нийт бүтээлд нь хуваана. Тодруулбал, тоглолтоор 40 бүтээл дуулсан байлаа гэхэд гурван хувиа 40 бүтээлд хуваачих нь. Тэдгээр 40 бүтээлийн тал нь манай гишүүдийн уран бүтээл бол бид тэр 20 бүтээлийнхээ л төлбөрийг авна. Манай байгууллагын гишүүн биш бол тэр үлдсэн 20 бүтээлийн төлбөрийг бид авахгүй гэсэн үг. Тэгэхээр хөгжмийн зохиолч, яруу найрагчид амьд хөгжмийн шоу, арга хэмжээнээс зохиогчийн эрхийн төлбөр авахыг хүсвэл манайд гишүүнээр элсэх боломжтой. Нээлттэй, ил тод, шударгаар төлбөрөө цуглуулж, хуваарилж байгаа.
-Караокеноос зохиогчийн эрхийн төлбөр авахаар болжээ. Сард хэдэн төгрөг авах вэ?
-Караокены өрөөний түрээс бол хүн зөвхөн дуу дуулахдаа төлж байгаа мөнгө. Тэрхүү өрөөг түрээсэлж дуулахад л зориулж байгаа. Энэ ч утгаараа цэвэр дуу ашигласны орлого байдаг. Иймд бид хотын төвийн караокены нэг өрөөнөөс 30 мянган төгрөг, орон нутгийн болон гэр хорооллынх бол 20 мянган төгрөг авна. Караоке, баарууд долоо хоногийн таван өдөр ажилладаг. Зарим нь ямар ч амралтгүй байх нь бий.
Тэгэхээр бид тухайн караоке барны 30 хувийн ашиглалтаас 2-3 хувийг нь л авч байгаа. Нэг өрөөг сардаа 40 цаг ашиглаад 1.2 сая төгрөг олдог гэж үзвэл бид 20-30 мянган төгрөгийг нь л авах юм.
Гэхдээ бид бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс энэ тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа. Олон өрөөтэй караокетэй бол нэг дор бүх төлбөрөө төлөхөд амаргүй. Иймд 5-8 өрөөтэй бол 10 хувь, есөөс дээш өрөөтэй бол 20 хувь, гурван сараас дээш хугацаагаар төлбөл 20 хувиар хөнгөлнө. Нийтдээ үндсэн үнээсээ 30-50 хувь хөнгөлж байгаа. Нэн тэргүүнд бүтээл ашиглаж байгаа хүмүүс зохиогчийн эрхийн төлбөр төлдөг соёлыг сурах нь чухал. Иймд бид эхний нэг жилд баталсан тарифаас хөнгөлөлт үзүүлж байгаа.
-Аль караокед хэний, ямар дууг хэдэн удаа дуулсныг яаж мэдэх вэ?
-Улаанбаатар хотод цөөн тооны тоолууртай караоке байдаг. Монгол Улсад ашиглаж байгаа солонгос караокенуудад таарч тохирох тоолуур хийсэн компаниуд ч бидэнтэй хамтарч ажиллая гэж байгаа. Бид түүнийг караоке бааруудад түүвэр маягаар суулгана.
Хотын төвд, хөдөө орон нутагт, дүүрэг бүрд караокенуудыг сонгож түүвэр байдлаар тоолууртай төхөөрөмж суулгана. Үр дүнд нь түүврийн аргаар статистик тоо гаргана.
Түүнээс гадна М, VOO, ORI, DUUL зэрэг онлайн караокенууд Монголд бий. Тэд бидэнд тайлангаа ирүүлдэг. Тэр тайланг мөн харгалзан авч үзнэ. Тухайн сард тоглолтоо хийсэн дуучны дууг караокенуудад илүү их дуулсан байдаг. Тэгэхээр тухайн сарынх нь төлбөрийг тоолууртай машины тайланд үндэслээд хамгийн их хандалттай дуунд хувааж өгнө. Караоке, баарнаас авах 20 мянган төгрөгийг хэрхэн, яаж хуваарилах вэ гэдэг нь хуваарилалтын дотоод журмаар явж байгаа.
-Тэгвэл телевизийн сувгаар хэний дуу, хэдэн удаа эгшиглэснийг яаж тоолох вэ?
-Манай Монголд телевиз өөрөө бүтээл ашиглалтын тайлангаа ирүүлдэггүй. Гадны орнуудад эфирийн систем нь өөрөө бүх тайлангаа гаргадаг. Улмаар ийм бүтээлийг тэдэн минут, секунд ашигласан гэх тайлангаа хамтын удирдлагын байгууллагадаа явуулдаг. Манайд телевизүүд тайлан гаргадаг системгүй юм байна лээ. Харин бид гадны орнуудаас телевиз, радио хянадаг үйлчилгээг төлбөрөө төлөөд авч болно. Лицензийн төлбөрийн орлого маань сайжрах юм бол радио, телевизээр яг хэний бүтээл, хэдэн минут, секунд явсныг мониторинг хийж гаргах боломжтой.
-Телевиз, радиогийн тарифыг нь хэрхэн тооцох вэ?
-Ихэнхдээ орлогод суурилсан буюу рекламны орлогын тэдэн хувийг зохиогчийн эрхийн төлбөрт тооцно гэж явдаг. Жишээ нь, БНХАУ-д ийм байдаг. Харин бусад оронд телевизийн нийт орлогын нэг хувь гэж заасан байдаг. Ихэвчлэн нэгээс дээш хувь байдаг. Одоо бол бид тогтмол үнэ тавьж өгсөн. Тухайн тогтоосон үнээсээ гадны мониторинг системийн төлбөртэй үйлчилгээг нь аваад бүх радио, телевизүүдийн тайланг гаргах юм. Бид телевиз, радиогийн тарифаа батлуулах юм бол тэрхүү тогтсон төлбөрөө хэний бүтээл, хэдэн удаа явсан байна вэ гэдгийг хараад хувь тэнцүүлэн хуваарилна.
-Тэд хэрхэн хүлээн авдаг бол?
-Би жилийн өмнө орлогод суурилсан тарифын үнэ телевизүүдэд танилцуулсан. Тэгэхэд “Бид орлогоо мэдүүлэх боломжгүй. Бидний орлого маш олон төрлийн үйл ажиллагаанаас орж ирдэг. Орлогоос хувь тооцохыг татгалзана” гэх байр суурийг илэрхийлсэн. Тиймээс би тогтсон үнэ тавьсан. Монголд өргөн нэвтрүүлгийн 18, арилжааны 50 гаруй суваг байдаг. Арилжааны телевиз бол 350 мянган төгрөг, өргөн нэвтрүүлгийнх бол нэг сая гаруйг өгч болно гэдэг зүйлийг хэлсэн. Тэд энэ мөнгөө яаж мэдэж хуваарилах вэ гэж асуусан.
Бид “CISAC”-ийн санал болгосны дагуу мониторингийн үйлчилгээ авна. Хөгжмийн нэгдсэн тайлан гаргадаг энэхүү үйлчилгээний хөлс нь телевизийн нэг суваг бол 60 ам.доллар, радио 40 ам.доллар гэдэг. Энэ хөлсөө өгч чадвал суваг болгоны хөгжим ашиглалтын тайланг бид шууд тэрхүү гадны компаниас авна гэсэн үг.
14 хоног туршиж үзэхэд телевизийн нэг сувгаар цацагдсан гадаад, монгол маш олон дуу дуучныхаа нэр, бичлэгийн код, зарим нь үг, ая зохиогчдынхоо нэртэй гарч ирсэн. Гадаад дуун дээр бол хувь эзэмшдэг компанийнх нэр хүртэл гарч ирж байсан.
Бусад орнууд дууны бүртгэлийн сан, эрх эзэмшигчдийн мэдээллийг маш нарийн цуглуулдаг. Манай монгол дуунуудыг мониторинг хийхэд хамтлаг, дуучин, бичлэгийн код л гарч ирж байгаа. Түүнийг нь бид гишүүдийнхээ урын сантай тулгаад энэ гишүүний тийм уран бүтээлүүд, тэдэн удаа цацагджээ гээд хуваарилалтаа хийнэ.
Бид телевиз, радиогоос авсан төлбөрийнхөө 25 хувийг үйл ажиллагаандаа зарцуулна. 13 хувь нь мониторинг системд, 12 хувь нь тэрхүү тайланг боловсруулж, гишүүддээ хуваарилахад зарцуулагдах юм. Энэхүү тарифыг бид дөрөвдүгээр сард бүх гишүүдийн чуулганаараа батлуулсан. Одоо телевиз, радиогийнхонд танилцуулж, хэлэлцүүлэг хийнэ.
-Дуучин Лосолын Болдбаатар тоглолтоосоо анх удаа зохиогчийн эрхийн төлбөр төлжээ. Сайн жишиг тогтож байгаа нь сайшаалтай.
-Бид дуучин Л.Болдбаатарын тоглолт дээр тарифаараа тооцож гэрээ хийсэн. Анх удаа тоглолтоос зохиогчийн эрхийн төлбөр авах гэрээ хийсэн нь энэ. Нийт борлуулалтын 60 хувиар тооцож, түүний гурван хувийг нь авсан. Тухайн тоглолтод 40 гаруй дуу дуулснаас 38 нь манай гишүүдийн дуу байсан. 38 бүтээлдээ бид тодорхой хэмжээний төлбөр авахаар гэрээ хийсэн. Энэ мэтчилэн маш олон тоглолт болж байгаа. Ticket.mn сайтаас статистикаас харахад жилд 2000 гаруй тоглолт болж байгаа.
Бусад порталуудыг нэмэх юм бол Монгол Улсад жилд том, жижиг 5000-6000 орчим тоглолт болж байгаа болов уу. Тэр бүрээс бид гурван хувийн зохиогчийн эрхийн төлбөр аваад явбал манай зохиогч, уран бүтээлчид бүтээлээ ашигласныхаа үр шимийг хүртэж эхэлнэ гэсэн үг. Энэ утгаараа тарифаа батлуулсан нь маш чухал үйл явдал болсон.
-Үргэлж хөгжим эгшиглэж байдаг нийтийн үйлчилгээний байгууллагууд тариф төлөх үү?
-Бид хамгийн эхлээд 100 хувь хөгжмөөс хамааралтай бизнесүүдийн тарифыг батлуулсан. Караоке бол 100 хувь дуу хөгжимд суурилсан бизнес. Тоглолт, шоу арга хэмжээ, хөгжмийн наадам ч мөн адил. Онлайн платформууд ч ялгаагүй. Үүний дараа хоёрдогч байдлаар хөгжим ашигладаг бизнесүүд бол нийтийн үйлчилгээний газрууд юм. “Номин” супермаркетад ороход болж буй баяруудтай холбоотой дуунууд эгшиглэдэг. Энэ мэтчилэн ресторан, кофе шоп, дэлгүүрүүдэд бизнесээ явуулах уур амьсгалыг бүрдүүлж, үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг зүйл нь хөгжим байдаг.
Энэ утгаараа бид тариф тогтоосон.
Гадны орны жишгээр бид м²-аар нь үнэлгээг гаргасан. Жишээ нь, 200 м² хүртэлх хэмжээтэй дэлгүүр жилдээ 360 мянган төгрөг төлнө. Ресторануудад амьд хөгжмийн тоглолтууд ихэвчлэн болдог учир сард 60 мянган төгрөг төлөх юм.
Бид рестораны холбоо, сүлжээ дэлгүүрүүдийнхэнтэй зөвшилцөх ёстой. Тухайн дуучны дуу дэлгүүр, ресторанд бичлэгээр явлаа гэхэд хамаарах эрхийн төлбөрийг дуучин, хамтлаг нь авна. Зохиогчийн эрхийн төлбөрийг манай гишүүд болох үг, ая зохиогч нь авна. Энэ хоёр эрхийн төлбөрийг бизнес эрхлэгч хоёуланг нь төлөх ёстой. Энэ бүхнийг бизнес эрхлэгчидтэйгээ ярилцаж, хэлэлцээр хийж, зөвшилцөх нь бидний үүрэг.
-Ресторан, сүлжээ дэлгүүрүүд зэрэгт тоглогдсон дууны тайланг тухайн байгууллага нь өгөх ёстой юу?
-Бусад оронд бүхий л газар аудио чагнах төхөөрөмж суурилуулчихдаг. Шангри Ла-ийн эвент холлд гэхэд нэг төхөөрөмж байх нь байна. Тэр нь бүхий л дууны тайланг хамтын удирдлагын байгууллагын сервер рүү өгнө. Энэ дэд бүтцийн өртөг өндөр учраас Монголд оруулж ирэхэд хүндрэлтэй. Монголд хийж байгаа стартап компаниуд гарч ирж байна л даа. Бидэнтэй хэдэн компани ирж уулзсан. Телевиз, радиог хянах боломжтой, зарим нь баар, ресторанд төхөөрөмж тавих боломжтой ч гэж хэлж байна.
Үүний сацуу бид мөн л гадны жишгийн дагуу вебсайт дээрээ гишүүддээ зориулаад нэг шинэ цэс нээсэн. Тэр нь “Миний бүтээл тэр газар дуулагдлаа. Ийм газар зохион байгуулжээ” гэх мэдээлэл оруулах боломжтой цэс юм. Телевиз, радиогоо хянах боломжгүй бусад орнууд ийм байдлаар явдаг юм билээ. Мониторинг систем байхгүй үед тэр их нэмэртэй юм билээ.
-Тэгвэл манай уран бүтээлчид YouTube, Meta-аас зохиогчийн эрхийн төлбөр авах боломжтой юу?
-Манай байгууллага Meta компанитай гэрээтэй. Гэхдээ зохиогчийн эрхийн төлбөр авахын тулд бид монгол дууны бүхий л санг Meta компанийн шаардсан форматаар явуулах ёстой. Meta дата буюу ая зохиогч, үг зохиогч, найруулагчийн овог, нэр хэрэгтэй. Мөн зохиогчийн олон улсын таних дугаар, хөгжмийн бүтээлийн олон улсын код, тухайн дууны бичлэгийн олон улсын код зэрэг шаардлагатай. Иж бүрэн мэдээллийн сангаа явуулах дээрээ манай улс гацчихсан. Аль нэг нь дутуу учраас тэр. Хамаарах эрхийн болон Зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллага датагаа олон жил бүрдүүлж яваагүй улмаас ийм нөхцөл байдал үүссэн.
Уран бүтээлчийн мэдээлэл бүрэн байж гэмээнэ таны уран бүтээлийн зохиогчийн эрхийн төлбөрийг бид YouTube, TikTok-оос авах эрх үүснэ. Дээрээс нь манай байгууллагын бүртгэлтэй гишүүн уран бүтээлч байх ёстой. Олон улсын таних кодыг зөвхөн манай байгууллагын гишүүн хүнд олгоно.
Сүүлийн үеийн уран бүтээлчид дууны үг, аяаа өөрсдөө зохиодог болсон. Тэд олон улсын платформоос төлбөр авч чадахгүй байна гэдэг. Тэд эхлээд манайд бүртгүүлж байж, уран бүтээлчийн олон улсын кодоо авна. Энэ кодтой байж Meta, YouTube, TikTok-оос төлбөр авна.
Монголд 17-18 мянган дуу байгаагаас 6000 дуу л бүрэн кодтой байна. Аль нэг хамтын удирдлагын компанийн гишүүн байж л энэ эрхийг эдэлнэ.
















