“Оземпик”, “Мунжаро”, “Вегови”, “Зепбаунд” зэрэг жин хасахад өндөр нөлөө үзүүлдэг “GLP-1” төрлийн эм гэнэт хараагаа алдах ховор эмгэгт хүргэж болзошгүй гэх анхааруулгыг шошгондоо нэмэхийг АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA)-наас үйлдвэрлэгч нарт нь анхааруулжээ. Учир нь энэ төрлийн эм хэрэглэгчдийн дунд харааны мэдрэлийг цусаар хангадаг судаснууд бөглөрч, хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас гэнэт харахаа байх, цаашлаад бүрмөсөн сохрох эрсдэл үүссэн тохиолдлын талаарх мэдээллүүд болон бусад судалгаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийснийхээ эцэст дээрх дүгнэлтэд хүрсэн байна.
Гэхдээ “GLP-1” төрлийн эм хэрэглэж буй хүмүүст нүдний энэхүү эмгэг үүсэх эрсдэл яагаад өндөр байж болох шалтгаан тодорхойгүй байгааг АНУ-ын Хүнс, эмийн захиргааны мэдэгдэлд дурдаж.
Иймд тухайн эм болон нүдний эмгэгийн хоорондын хамаарлыг илүү олон янзын хүн амын дунд судлах шаардлагатайг тус судалгааны багийн зарим гишүүн онцолсон байна.
Энгийнээр “нүдний цус харвалт” ч гэгддэг энэ эмгэгийн улмаас алдсан харааг сэргээх эмчилгээ одоогоор гараагүй бөгөөд 50-иас дээш насныхны дунд тохиолддог харааны мэдрэлийн цочмог гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаан болж байна.














