Хуульч Б.Гүнбилэг Ерөнхий прокурорын томилгоо нь хууль зөрчиж байна хэмээн үзэж байгаа талаар цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр:

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд

2025.10.16

Ерөнхий прокурорын хууль бус томилгооны талаарх дараах дүгнэлтийг уншина уу.
1.Тавигдах шаардлага, бүрэн эрхийн хугацаа
Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, 35 насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно. (Прокурорын тухай хуулийн §45.4)
Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн 6 жилийн хугацаагаар томилно гэсэн хуулийн заалттай (Прокурорын тухай хуулийн §46.2). Энэ хугацааг сунгах, эсхүл улируулан томилох талаар хуульд заагаагүй боловч Цэцийн дүгнэлт бий.
Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын орлогчийг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилдог. Ингэхдээ Ерөнхий прокурор орлогчийнхоо нэрийг санал болгодог.
2.Бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл
2019.3.28-нд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг албан тушаалаас нь огцруулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байдаг.
2019.4.4-нд Ерөнхийлөгч Б.Жаргалсайханыг Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлаар зөвшилцөх албан бичгийг УИХ-ын даргад ирүүлсэн.
2019.4.5-нд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж 94.6 хувийн саналаар нэр дэвшигчийг дэмжсэн байдаг.
2019.4.5-нд Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
Хуульд зааснаар түүний бүрэн эрхийн хугацаа 6 жил бөгөөд 2025.4.5-нд дуусгавар болсон.
3.Томилгооны процесс
Ерөнхийлөгч зөвшилцөхөөр санал ирүүлсэн тохиолдолд дараах үе шатаар УИХ хэлэлцэхээр УИХ ЧХДтХ, Нийтийн сонсголын тухай, Прокурорын тухай хуульд заасан:
1) Нийтийн сонсгол явагдана.
2) Нийтийн сонсгол дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор Хууль зүйн байнгын хороо хуралдаж санал хурааж, санал дүгнэлт гаргана.
3) Нэгдсэн хуралдаан хуралдаж ил санал хураалт явуулж, УИХ-ын дарга дүнг Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ.
4) Хэрэв нэр дэвшигч олонхийн санал аваагүй бол Ерөнхийлөгч өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
Прокурорын тухай хуульд нэр дэвшигчийн сонсгол явуулах тухай заалт 2021 онд шинээр нэмэлтээр орсон тул өмнө нь Улсын ерөнхий прокурорын нэр дэвшигчийн сонсгол хийгдэж байгаагүй. Зөвшилцөх асуудал орж ирэхэд Ерөнхий прокурорт нэр дэвшигчийн сонсгол хийгдэх ёстой байсан. Учир нь Ерөнхий прокурор урд нь сонсголоор огт орж байгаагүй.
Прокурорын тухай хуулийн 46.1-т “Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно”, 46.8-д “Энэ хуулийн 46.1, 46.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо зохион байгуулна”.
Энэ утгаараа сонсгол хийгдээгүй учир ерөнхий прокурорын томилгоо хууль зөрчсөн томилгоо юм.
4. Прокурорын тэтгэвэрт гарах насны тухай
Прокурорын тэтгэвэрт гарах нас нь 60 байна. Прокурорын тухай хуулийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан.
Ерөнхий прокурор Б. Жаргалсайхан 61 настайдаа дахин 6 жилээр томилогдсон. Харин бусад прокурорууд ажиллая гэсэн ч 60 нас хүрээд тэтгэвэртээ гардаг. Хэдэн прокурор 60 хүрсэн гэх үндэслэлээр тэтгэвэрт гарсныг лавлах нь зүйтэй.
61 настай хүн 6 жилээр томилогдсон учир 67 настай тэтгэвэрт гарна. Энэ нь Төрийн албаны насны тэтгэвэрт гарах наснаас өнгөрнө гэсэн үг.
Ерөнхийлөгчид энэ асуудлаар Үндсэн хууль зөрчиж Та Ерөнхий прокурорыг томилжээ гэдгийг МУИС-ХЗС-ийн оюутнууд бичгээр мэдэгдсэн боловч, тэдэнд судалж байна гэхээс өөр хариу өгөөгүй байна.
Энэ асуудлаа цааш шийдэхгүй бол Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчдөг, хууль засаглахгүй, Хүрэлсүх засагладаг гэдэг ойлголт газар авахаар байна.