Хэн ямар мэдээллээ хэзээ, хэдэн доллароор бүүст хийж, ямар хүмүүст хүргэснийг Метагийн “Advertising Library Report” цэсээс харах боломжтой.

Харин Монгол Улсын Засгийн газрын сайд нар Метад хэдэн ам.доллар төлж, ямар мэдээллээ бүүст хийснийг уг цэсээс шүүлээ.

Ингэхдээ Засгийн газрын сайд нар сүүлийн гурван сар буюу 2025 оны долоодугаар сарын 26-наас аравдугаар сарын 23-ныг хүртэлх, албан ёсны хаягаараа хамгийн их төлбөр төлж, бүүст хийсэн сайд нарыг онцлон хайлт хийв. Хамгийн их дүнгээр бүүст хийсэн зургаан сайд нийтдээ 3297 ам.долларыг гурван сарын хугацаанд зарцуулжээ. Энэ нь 11 сая 800 мянган төгрөгтэй тэнцэж байна.


Метад хамгийн их төлбөр төлсөн сайд Ж.Энхбаяр


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнгөрсөн гурван сарын хугацаанд хамгийн өндөр дүнгээр буюу 996 ам.доллароор бүүст хийжээ.

996 ам.долларыг хөрвүүлж бодвол 3.5 сая төгрөг болж байна.

Ингэхдээ салбартаа хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа түгээхэд голлон анхаарчээ. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 19-нөөс 22-ны хооронд УИХ-ын чуулганы хуралдаанд хөдөө аж ахуйн салбарын экспортын мэдээлэл өгсөн талаарх постоо бүүстэлсэн байна.


Бүүсттэй “Бямбын урилга”


Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт гурван сарын хугацаанд 888 ам.долларыг метад өгчээ.

Түүний бүүстүүдийг шүүж үзвэл хувь хүний байр суурь, үзэл бодол бүхий постуудаа түлхүү бүүст хийсэн байв.
Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Бямбын урилга” хэмээх  ярилцлага, нэвтрүүлгийг хийж буй. Одоогоор зургаан дугаар үзэгчдэд хүрч, хамгийн сүүлийн дугаарт УИХ-ын гишүүн С.Цэнгүүн оролцоод буй. Тэгвэл уг нэвтрүүлгийнхээ нэг болон гуравдугаар дугаараас бусдыг бүүст хийж, олон нийтэд хүргэжээ.

Төрийн албан хаагчийн хоёр сарын цалинтай тэнцэх дүнгээр бүүст хийв


Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 2025 оны долоодугаар сарын 26-наас аравдугаар сарын 23-ныг хүртэл хугацаанд 617 ам.доллар зарцуулж, өөрийн цахим хаяг дахь постоо бүүст хийжээ. Сүүлийн үеийн сурталчилгаануудыг шүүж үзвэл Асуудал-Шийдэл-Үр дүн буюу Засгийн газрын 100 хоногт хийсэн тайлангаа түгээхэд зориулсан байна.


617 ам.долларыг төгрөг рүү хөрвүүлж бодвол 2.2 сая төгрөгтэй тэнцэж байна. Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай ярьж байгаа энэ үед зарим ажилтны хоёр сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.

Бүүст хийж сурталчилгаа явуулан тодорхой зорилтод бүлэгт мэдээллээ хүргэх нь хэн бүхэнд нээлттэй. Ялангуяа бизнесийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, худалдан авагчдынхаа тоог нэмэх, брэндийн нэр хүндээ өсгөх, цахим хуудасныхаа дагагчийн тоог өсгөх зэрэг олон давуу талтай. Харин Засгийн газрын сайд гэдэг салбарынхаа бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргах, гүйцэтгэх эрх мэдэл бүхий албан тушаалтан юм. Тэдний гаргасан бодлого, шийдвэр иргэдэд шууд нөлөөлдөг. Энэ шийдвэр иргэдийн эдийн засаг, амьдралын чанарыг дээшлүүлсэн байх учиртай.

Товчхондоо Засгийн газрын гишүүдийн гаргасан бодлого, шийдвэр үнэн зөв бол мөнгө төлж, “хүчээр” харуулах шаардлага байхгүй.

Тиймээс сайд нар бүүстдээ биш бодлогодоо илүү анхаарья.