Монгол Улсад мөдхөн 10 мянган зочин онгоцоор бууна. Тэр дундаа төр засгийн өндөр дээд хэмжээний төлөөлөгч, ханхүү, хунтайжаас эхлээд хөрөнгө оруулагч, иргэний нийгэм, хүний эрхийн зүтгэлтнүүд олноороо зорьж ирж оролцдог дэлхийн байгаль орчны томоохон хурлыг эх орондоо зохион байгуулахад 20 хоног л үлдлээ. Гэвч харамсалтай нь бид бэлэн биш байна. Бид ч гэж ажил хийхээр хариуцаж авсан сайд, дарга нарынх нь ярианаас харахад тун бүрхэг байгаа нь илт. Юу юугүй 10 мянган зочин угтаж авах гэж байхад хурлын хөтөлбөрөө эцэслээгүй. Байр сав, унаа тэрэгнээс эхлээд ядахнаа түгжрэлээ хэрхэн шийдэх ч тодорхой шийдэл ярьсангүй. Атал оюутнуудыг 9-р сарын 15-наас өмнө хот руу ирээд хэрэггүй гэсэн захирамж гаргах нь холгүй байх шиг. Эсвэл товчоогоо хаах юм болов уу.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “COP17-г зохион байгуулах бэлтгэл ажил 83 хувьтай байна. 4127 оролцогч бүртгүүлсэн” гэлээ. Эндээс харвал төлөвлөсөн зочдоос тал нь ч бүрдээгүй байгаа бололтой. Ханхүү, хунтайж нар ирэхээр яригдаж байсан нь больсон юм болов уу.

Угтаа улс орнууд ийм хэмжээний хурлыг зохион байгуулах эрхээ авангуутаа буюу багадаа 2-3 жилийн өмнө бэлтгэл ажлаа хангаж эхэлдэг. Гэтэл Монгол Улс COP17 хурлыг хийх эрхээ авсан ч алгуурласаар, ойлголцохгүй явсаар сүүлийн хагас жилийн хугацаанд жаахан идэвхижлээ.
Арга ч үгүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд манай улсад гурван Засгийн газар огцорч, солигдлоо. Түүнийг нь дагаад COP17 хурлыг гардан хариуцах үүрэгтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд гурав өөрчлөгдлөө. Тэр болгонд ажилтайгаа танилцаж хугацаа алдаж, НҮБ-аас эхлээд гадаад улс орнууд руу илгээх албан бичиг шинэчлэгдсээр, хүлээгдсээр байв. Мөн Монгол төрийн сайд, дарга нарын “уламжлал”-аар өмнөх хүмүүсийнхээ санаачилсан, эхлүүлсэн, бүхнийг буруутгаж баллуурдсаар COP17 хурлын талаар монголчууд ч олигтой мэдлэг, мэдээлэлтэй болж амжихгүй байсаар хурлын өдөртэй золгох нь. Сайдыг дагаад хурал зохион байгуулах ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ 5-6 удаа солигдож дахиад л шинээр эхэлсэн. Тэр дунд мэргэжлийн бус хүмүүст ажил хариуцуулж салбараар нь хэрхэн самарч, баллаж буйг бүх нийтээрээ харж байна.
Ямар сайндаа Засгийн газар, салбарын яам, COP17 хурлыг зохион байгуулах Ажлын алба нь хурал юу юугүй тулж ирчихээд 20 хоног үлдчихээд байхад COP17 гэж юу вэ гэсэн мэдээлэл түгээгээд сууж байх вэ дээ. Зүй нь бол өдийд Монгол Улс дэлхийн төр засгийн удирдагчдын өмнө юу ярих, ямар гарц шийдэл санал болгож хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт татах, аль орноос хэн гэдэг сайд дарга оролцож ямар агуулгаар илтгэл тавих гээд өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж байх учиртай.
Тэр дагуу нь төр, хувийн хэвшлийнхэн нь мөнгө босгох төслөө чамбайруулж баймаар. Гэтэл Засгийн газрынхаа түвшинд бүтэн 1-2 жилээр ухарсан анхан шатны мэдээлэл түгээгээд сууж байх жишээтэй. Оролцогчид нь бүртгүүлэх учраа ч олохгүй сууна. Бүр өчигдөрхөн л гэхэд COP17 хурлын хөтөлбөрөө эцэслээгүй. Гадны зочид онгоцны тийзээ хэзээ захиалахаа мэдэхгүй толгой сэгсэрч суугаа талаар ярьж байна.
2025 онд COP17 хурлыг зохион байгуулах ажлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хариуцаж нэлээн эрчимжүүлж эхэлсэн. Гэвч төд удалгүй Засгийн газар огцорч Г.Занданшатарын кабинетад ИЗНН-аас УИХ-д сонгогдсон Б.Батбаатар байгаль орчны салбарыг хариуцав. Б.Батбаатар сайдын үед гадаад томилолт хэслээ гэсэн шүүмжлэлд өртсөн. Яам, агентлагаараа гадна дотны баахан хурал хэсэж явтал дахиад л Засгийн газар, салбарын сайдыг нь огцруулж Н.Учралын багт Ц.Сандаг-Очир орж ирэв. Эндээс олон улсын хурал ойртож, хариуцлагатай мөч эхэлсэн ч ажил олигтой урагшилсангүй. Өдөр шөнөгүй хуралдсаар үр дүн муутай байсаар өнөөдөртэй золгож байна.
Товчхондоо, Засгийн газар, Ерөнхий сайд солигдох болгонд хамгийн чухал салбар болох байгаль орчны яамаараа туг тахиж, нам, фракц хоорондын бэлэг болгосоор байсныхаа горыг улс орноороо дэлхийн өмнө амсаж, ичгэвтэр байдалд орж сууна.
Ер нь COP17-гийн бэлтгэл ажлыг тааруу хангах бүтэлгүйтлийн гол эхлэл нь улс төрийн тогтворгүй байдал, тэр дундаа гол салбараараа туг тахиж, “бэлэг”-нд явуулдгаас эхлэлтэй юм. Тиймээс улс орноороо хичээж дэлхийн том хурлыг амжилттай зохион байгуулж чадахгүй бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Засгийн газрын тэргүүн, салбарын сайд нь хар толгойгоороо хүлээж танхимаараа огцрох нь лав биз ээ.









.jpg)






