УИХ-аас 2024 онд Органик бүтээгдэхүүний тухай хуулийг баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон. Ингэхдээ тус хуулийн 13.6-д “Бүтээгдэхүүний шошгод монгол болон гадаад хэлээр бичигдсэн "органик", "байгалийн цэвэр", "байгалийн гаралтай цэвэр", "эко", "ногоон", "экологийн гаралтай", "экологийн цэвэр", "экологийн", "био", "биологийн", "биологийн гаралтай", "биологийн цэвэр" гэсэн үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хэрэглэх бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

Харин 13.7.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 13.6-д заасан үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахгүй гэж тусгажээ.

Өөрөөр хэлбэл, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш бүтээгдэхүүний шошгод монгол болон гадаад хэлээр бичигдсэн "органик", "байгалийн цэвэр", "байгалийн гаралтай цэвэр", "эко", "ногоон", "экологийн гаралтай", "экологийн цэвэр", "экологийн", "био", "биологийн", "биологийн гаралтай", "биологийн цэвэр" гэсэн үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хэрэглэхгүй. Хуулийн этгээдийн нэрэнд дээрх үг орсон бол улсын бүртгэлийн байгууллага баталгаажуулахгүй гэсэн үг юм. Гэтэл төрийн байгууллагын хууль хэрэгжүүлэх процессын алдаа, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан хууль хэрэгжиж эхэлснээс хойш бараг хоёр жил шахмын дараа гэнэт дүүргийн улсын бүртгэлийн байгууллагуудад дээрх үгүүдийг төрийн өмч болгосон тул олгохгүй. Хэрэв 2025 оны нэгдүгээр сараас хойш хуулийн этгээдэд "органик", "байгалийн цэвэр", "байгалийн гаралтай цэвэр", "эко", "ногоон", "экологийн гаралтай", "экологийн цэвэр", "экологийн", "био", "биологийн", "биологийн гаралтай", "биологийн цэвэр" гэсэн үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хэрэглэсэн бол нэрийг хүчингүй болгож өөрчил гэсэн чиглэл иржээ.

Хамгийн гол нь 2025 оноос өнөөг хүртэлх хоёр жил орчмын хугацаанд улсын бүртгэлийн байгууллагаас олгосон "органик", "байгалийн цэвэр", "байгалийн гаралтай цэвэр", "эко", "ногоон", "экологийн гаралтай", "экологийн цэвэр", "экологийн", "био", "биологийн", "биологийн гаралтай", "биологийн цэвэр" гэсэн үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх ямар нэг үг орсон хуулийн этгээдийн нэрийг хүчингүй болгож эхэлжээ. Хуулийн этгээдийн нэрийн өөрчлөлттэй холбоотойгоор гэрчилгээ, тамга тэмдэг, банкны данс дугаар гээд бүгд өөрчлөгдөх хэрэг гарах нь.

Зүй нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хуулиа хугацаанд нь хэрэгжүүлээд 2025 оны нэгдүгээр сараас дээрх үг орсон нэрийг хуулийн этгээдэд олгохгүй гэдэг бичгээ цаг тухайд нь улсын бүртгэлийн байгууллагад өгчихсөн бол өнөөдөр хэдэн зуун байгууллага нэр, гэрчилгээ, тамга тэмдэг, банкны данс дугаар гээд бүгдийг өөрчлөх шаардлага гарч цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирохгүй байв.

Бид энэ талаар СХД-ийн улсын бүртгэлийн байцаагчаас лавлахад “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас саяхан л Органик бүтээгдэхүүний хуулиар 2025 оны нэгдүгээр сараас хойш байгаль, ногоон, эко, био зэрэг тодорхой үг орсон хуулийн этгээдийн нэр орсон бол хүчингүй болгож, өөрчил гэсэн бичиг өгсөн. Хуульд заасан аль нэг үг хуулийн этгээдийн нэрэнд ямар нэг байдлаар орсон бол өөрчлөхөөс аргагүй. Өмнө нь ийм хууль гарсныг бид мэдээгүй учраас хуулийн этгээдийн нэрийг олгоод яваад байсан” гэлээ.

Бид энэ талаар үргэлжлүүлэн хөндөх болно

‍