Төрийн ордонд өнөөдөр хөдөө аж ахуйн салбарын 18 жилийн үүр уурхайг уудаллаа. Хэдийгээр үе үеийн сайд, дарга нар луйвар булхайгаа нуух гэж зүтгэхдээ ихэнх тушаал шийдвэрээ гаргаж өгөхгүй гүрийсэн ч мөсөн уулын оройг ил гаргаж чадлаа.
Сонсголын эхэнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, сонсгол даргалагч М.Мандхай “Сүүлийн 18 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд урамшуулал хэлбэрээр 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөг, 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон ч салбарын ажилчдын тоо 31 мянгаар буурч, салбарын бүтээмж улсын дундажтай харьцуулбал 2 дахин бага, салбарын импортын хамаарал 5.6 дахин өссөн байна.
Бид импортын хамаарлыг бууруулах зорилт тавьсан байтал харин бүр урвуу хамааралтайгаар өссөөр ирсний шалтгаан юу вэ, хөнгөлөлттэй зээл, урамшуулал, дэмжлэг очих ёстой хүмүүстээ очиж байна уу, хаанаа алдаж байна гэдгээ эргэн харах цаг болжээ.

Энэ сонсгол хэн нэгнийг яллах, буруутгах гээгүй гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа тасралтгүй ажиллаж, зарим байгууллагууд хойрго хандсан цөөнгүй тохиолдлууд гарсан. Шаардсан бичиг баримтын 63 хувь хариу ирүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан. Гэхдээ манай байнгын хорооны ажлын хэсэг, шинжээчид маань сонсголын хамрах хүрээнд хичээн ажиллалаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, материал баримтын талаас илүү хувийг нь нуусан байхад л ноцтой баримтууд л боллоо.
Шинжээчдийн дүгнэлтээр Засгийн газар улаан буудайн үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын гурилын хангамжийг нэмэгдүүлэхээр 2008-2025 онд 279.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Гэтэл ганцхан өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж 18 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Нэг хүн ийм олон компани байгуулаад ийм хэмжээний урамшууллыг төрөөс авахад яагаад хяналт тавиагүй вэ, ямар үр дүн гарсан бэ, зориулалтын дагуу ашигласан уу гээд нягтлах, тодруулах асуудал дэлгэгдэж олны анхааралд өртөв.
Мөн Засгийн газар улаан буудайн үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын гурилын хангамжийг нэмэгдүүлэхээр 2008-2025 онд 279.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Гэтэл 30 аж ахуйн нэгж хуурамч бичиг баримт бүрдүүлэн 562.2 сая төгрөгийн урамшуулал авсан нь тодорхой болоод байна.

Түүнчлэн төрийн яам, шинжээчдийн дүгнэлт ихээхэн зөрж байгаа юм.
ХХААХҮЯ-наас УИХ-ын ажлын хэсэг, шинжээчид ирүүлсэн баримт материалын дүнг тооцож үзэхэд долоон төрлийн урамшуулалд 630 тэрбум төгрөг олгосон байна. Гэтэл ХХААХҮЯ эдгээр урамшуулалд 979.9 тэрбум төгрөг олгосон гэж мэдээлжээ. Үүний зөрүү 349 тэрбум төгрөг гарсан бөгөөд шинжээч ХХААХҮЯ-наас мэдээллээ бүрэн ирүүлээгүй гэж дүгнэжээ.
Тэр бүү хэл тариагүй манжинг тарьсан гэж худал мэдүүлж 1.2 тэрбумын урамшуулал авсан асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг Сангийн яамны газрын дарга Ж.Цогтбаяр хэлсэн. Энэ мэтээр эхний өдрүүдэд ноцтой мэдээлэл, тоо баримт олон яригдлаа.

Их хурлын гишүүд ч шүүмжлэлтэй хандаж байв. Дэмжлэгээр дамжуулж УИХ-ын гишүүд өвлийн өвгөн шиг тойргоо усалдаг юм биш биз гэсэн агуулгыг ч Х.Баасанжаргал гишүүн хөндлөө.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Материалаа гаргаж өгөөгүй төрийн албан хаагчдад ямар арга хэмжээ авах юм бэ? Хулгай луйвраа нуух гээд байдаг юм уу? Улаан буудайн урамшуулал гэж 30 аж ахуйн нэгж хуурамч материал бүрдүүлээд 562 сая 200 төгрөг авсан байна. Ажлын хэсгээс шаардсан мэдээлэл, материалын 63 хувийг төрийн холбогдох байгууллагууд ирүүлээгүй байна. Ийм хэмжээнд, мэдээлэл дутуу байхад сонсгол явж болох юмуу, эндээс тогтоол гаргаж УИХ-д оруулна, хариуцлагын асуудал хөндөгдөнө. Үүнийг сонсголын эхэнд ярих ёстой. Мэдээлэл гаргаж өгөөгүй албан тушаалтнуудад хариуцлагын арга хэмжээ авах ёстой. Материал ирүүлээгүй нөхдүүдэд хариуцлага тооцьё. Материал ирүүлээгүй хүмүүсийн нэрсийг гаргаж, шууд үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй.
Энэ хугацаанд 6 орчим их наяд төгрөгийн дэмжлэг, зээл, татаас олгосон гэж байгаа ч малчид аваагүй гэдгээ энэ сонсгол дээр ярьцгааж байна. Төр мөнгө гаргаж дэмжээд байгаа ч үр дүн байна уу” гэсэн бол УИХ-ын гишүүн М.Ганхүлэг “Төрийн тодорхой дэмжлэгүүд яаж олгогдож, яаж олгосноо илүү нарийвчлах хэрэгтэй байна. Үүнийг задлаад харвал ямар компани байгаа, эргэн төлөлт хэр явагдаж байгаа, буцаагаад төлж чадахгүй байгаа нь хэд юм бэ. Асуудлууд тодорхой болгох хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Өнөөдөр шинийн 17-ны билэгт сайн өдөр. Хулгайг илрүүлэх өдөр. 6 их наядын асуудал яригдаж байна. Мэдээллийг дутуу цуглуулсан гээд шинжээч нарыг буруутгаад байх хэрэггүй. Үндэсний олон хөтөлбөрүүдийн хувьд сайдын тушаал, холбогдох талуудын гэрээнүүдийг ирүүлээгүй байна. Яагаад сайдын тушаалыг нуугаад байгаа юм. Ажлын хэсэг дээр хэд хэдэн удаа шаардсан. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мафижсан юм биш үү. Төрөөс дэмжлэг үзүүлж байгаа гол зорилго нь импортыг буурулах, экспортыг дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлэх биз дээ. Гэтэл ажиллах хүч 31 мянгаар буурч, бүтээмж уруудсаар байна. Тэгэхээр энэ олон хэрэгжүүлсэн хөтөлбөр нь байгаа онохгүй байна гэсэн үг” гэв.
Шинжээч “Үндэсний 16 хөтөлбөрийн гол материалуудыг огт ирүүлээгүй, материал мэдээлэл дутуу учир дүн шинжилгээ хийхэд ихэд төвөгтэй байна. Ирүүлсэн материалын хүрээнд дүн шинжилгээ хийсэн. Тухайлбал, Атрын 3-р аяны гэхэд л салбарын сайдын тушаал ирээгүй. Дэмжлэг урамшуулал олгосон бол дүрэм, журам гэрээ байх ёстой. Гурван удаа бичиг явуулсан ч ирүүлээгүй. Танилцуулга өгсөн ч баталгаажуулах баримт нь байхгүй” гэлээ. Ийнхүү хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн энэ их санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх “схем” бол жинхэнэ ЖДҮ-чин, жинхэнэ малчин, тариаланч, жинхэнэ энэ салбарынханд бүрэн дэмжээгүй бөгөөд зүгээр л танил талтай, мөнгөтэй, мафижсан, хөрөнгөтнүүдийн хөлжих татаас болжээ гэдгийг сонсголд оролцогчид хөндлөө.
Тэгвэл яг дэмжлэг очих ёстой хүмүүс нь юу гэж хэлснийг хүргэе.

Малчин М.Бямбаахүү: Би Дорноговь аймгийн Айраг сумаас ирсэн. Энэ сонсголоор хөдөө аж ахуйн салбарт ямар их мөнгө зарцуулдгийг сонслоо. Дэмжээд байгаа ч энэ салбар ерөнхий агуулгаараа уналтад орсоор байна.Тэр их санхүүгийн дэмжлэг нь малчдын хотонд хүрдэггүй. Залуу малчид бараг байхгүй боллоо. Миний амьдарч байгаа говийн бүсэд л гэхэд төрийн дэмжлэг хүрдэггүй. Тэр дэмжлэгийг хэрхэн хуваарилдаг юм бэ, залуу малчинд хэрхэн хүрсэн гэдгийг тодорхой хэлж өгнө үү?
“Их булаг” ногоочдын холбооны тэргүүн Н.Оюунсувд: Газар тариалангийн салбар их онцлог л доо. Үнэндээ газар, ажиллах хүч хоёр л Монголд байна. Тоног төхөөрөмж, бордоо гээд бусад бүх зүйлийг гадаадаас оруулж ирдэг. Энэ дэмжлэг зөвхөн мөнгөн хэлбэрээр олгогдоггүй. Газар тариалангийн салбарт зээл, дэмжлэг олгодог ч хяналт сул байгаа учир үр дүн тааруу болж, ажиллах хүч 31 мянгаар буурсан байна. Газар тариалангийн салбарт анхаарах шаардлагатай нэг зүйл нь даатгалын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх. Сангийн яам, УИХ оролцоод ч энэ даатгалын тогтолцоонд ахиц гарахгүй байна.
Малчин Н.Баярсайхан: Ийм нээлттэй сонсгол хийж малчдын төлөөллийн байр суурийг сонсч байгаад баяртай байна. Дорноговь аймгийн 13 сумын малчид цахимаар хуралдаж намайг төлөөлөл болгож илгээсэн юм. Миний хувьд малаа маллахаас гадна багийнхаа хурлын даргаар ажиллаж байгаа хүн. Хөдөө аж ахуйн салбарт төрөөс дэмжлэг их үзүүлдэг гэж байгаа ч малчдад очдоггүй. Ноос, мах, сүүний урамшлуулал л гэхэд 2015 оноос хойш олгохоо больсон, Малын генетикийн тухай хуультай холбоотой дэмжлэг өгөхийг зогсоосон. Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч эрсдэлийг давахын тулд эрчимжсан мал аж ахуй хөгжүүлэх тухай ярьж байгаа ч говийн бүсэд нутагшсан малыг өөрчилж болдоггүй юм байна гэдгийг цаг хугацаа, бодит нөхцөл байдал бидэнд харууллаа. Төрөөс газар тариалангийн салбарт дэмждэг үзүүлдэг ч мал аж ахуйн салбарыг бол хаясан, энэ бол бодит үнэн.
Алтан цацал хоршооны тэргүүн Л. Халтар: Энэ салбарт төрөөс анхаарч байгаа гэдэг ч эргэх холбоогүй, хариуцлага тооцдоггүй учир үр дүн тааруу байна. Очих ёстой аж ахуйн нэгж, хоршоо, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг, зээл олддоггүй. Үнэндээ эрх мэдэлтэй хүмүүс, УИХ-ын гишүүн асан хүмүүс нөлөөлж танил талын хаалгаар олгогддог асуудал байгаа гэж хардаж байна. Банкууд тариаланчдын газрыг барьцаалдаггүй, эзэмшлийнх гээд авч хэлэлцдэггүй. Цаашид газар барьцаалж зээл олгох нөхцөлийг бүрдүүлбэл газар тариалангийн салбарт ахиц гарна.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Батчимэг: Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн дээр ногоогоо борлуулж байгаад ирлээ. Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг сайд нь сайн, шинжээчид нь уналтанд орсон гэж ярьж байна. Би өрхийн үйлдвэрлэл эрхлэгч бас судлаач хүний хувьд бодит байдлыг хэлье. Үнэндээ дамын наймаачдын сүлжээ ноёрхсон. Энэ асуудал дээр бодлогын яам ажиллаач ээ. 1400 аж ахуйн нэгж, 17000 өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэдхэн борлуулагчид сүлжээ үүсгэж, үнэ тогтоож, үнэлж байна шүү дээ. Мөн хөдөө аж ахуйн салбар тодорхой дэмжлэг төрөөс авдаг ч буцаад татвар төлөлт муу, далд эдийн засгийг бүрдүүлж байна
Малчин Ц.Бийбат: Өнөөдөр энэ сонсголоор үнэнээ ярих хэрэгтэй. Энэ салбар уналтанд орсон гэдгээ хүлээн зөвшөөр. Хангалттай их мөнгө төрөөс гаргажээ. Танилцуулгын чанартай уянгын зүйл яриад яваад байж болохгүй. Малчдад энэ дэмжлэг очоогүй. Миний хувьд хотоо харлуулсан ч дэмжлэг аваагүй. Олон их наяд төгрөгийг тэгээд хэн авсныг зарлах хэрэгтэй. Нөгөө Хөгжлийн банк, Боловсролын сангийн зээл шиг замналаар замнасан юм биш үү. Авсан зээлүүд дээр аудит хий. Мөнхийн юм шиг төрөөс тэжээлгэдэг цөөн аж ахуйн нэгж, хүмүүс бий. Ингээд яваад байвал цаашид Монгол Улс бэлчээргүй, малчингүй болох нь. Яг үнэндээ улстөр бизнесийн бүлэглэлүүд л энэ олон жил төрөөс угжаастай явж ирлээ шүү дээ.







.jpg)

.jpg)







