ЭМДҮЗ өчигдөр хуралдаж ЭМДС-ийн 2025 оны төсвийн нарийвчилсан хуваарьт өөрчлөлт оруулах болон цаг үеийн шаардлагатай зохицуулалтыг тусгаж баталлаа.
Тодруулбал,
• Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд квотын хязгаар тавихгүй
• Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс 8 тэрбум төгрөгийг татаж хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд он дуустал зарцуулахаар шийдвэрлэв.
ЭМДҮЗ -ийн шийдвэрлэсэн 8 тэрбум төгрөгөөр ЭХЭМҮТ-д 8-р сараас 2025 оныг дуустал архаг ангиллын улмаас тусламж авахаар хүлээгдэж буй 1250 орчим хүүхдийн мэс заслын тусламж, 1100 орчим хүүхдийн дотрын эмчилгээний тусламжийг үзүүлэх санхүүжилт хүрэлцээтэй боллоо. ЭХЭМҮТ -д жилдээ 40 гаран оношийн хамааралтай бүлгээр архаг ангиллаар 4,400 орчим мэс засал хийгдэж, 4,100 орчим хүүхэд эмэн эмчилгээнд эмчлүүлдэг.
0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төр хариуцах хуулийн хүрээнд 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 хувиар тооцож 137.7 тэрбум төгрөг даатгалын санд шилжүүлсэн ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нь 211.8 тэрбум төгрөгт хүрч 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Харин 2025 оноос эхлэн 1 биш 2 хувь болгож нэг хүүхдэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд улсын төсвөөс Хөдөлмөр хөлсны доод хэмжээ буюу 660,000 төгрөгийн 2% иар тооцохоор 13200 төгрөг болж байгаа ба үүнийг 12 сараар үржүүлэхээр 158,400 төгрөг төлж байна.
2025 оны эхний 6 сарын байдлаар 105,2 тэрбум төгрөгийг шимтгэлийн орлогод улсын төсвөөс олгосон бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхдийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний зардалд 173,7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тодруулбал, оны эхний хагасын байдлаар хүүхдийн тусламж үйлчилгээний улмаас ЭМД сан 73 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж ойлгож болно. Ийм нөхцөл байгаа учраас л хүүхдүүдэд квот тогтоох, хүлээгдэл үүсэх гэх мэт хүндрэл үүсч байна гэж үзжээ.