Монголд байхгүй мэргэжлээр Фулбрайтын тэтгэлгээр суралцсан Гэрэлт цох ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгстэй ярилцлаа.
-Таныг Фулбрайтын тэтгэлгээр гадаадад сурч байсан гэдгийг сонсоод олон хүн сонирхож байсан. Тиймээс ярилцлагаа үүнээс эхэлье. Ер нь Фулбрайтын тэтгэлэгт хамрагдах боломж танд яаж бүрдсэн бэ?
- Фулбрайтын тэтгэлэг бол АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй, дэлхийд нэр хүндтэй, өрсөлдөөн өндөр тэтгэлэгт хөтөлбөр. Ялангуяа хоёр жилийн магистрын хөтөлбөр нь шалгуур өндөртэй, олон улсын хэмжээнд престижтэйд тооцогддог. Миний хувьд энэ тэтгэлэгт өрсөлдөнө гэсэн шийдвэр амьдралын нэлээд хүнд үеэс төрсөн.
- Тэр хүнд үе гэдгээсээ жаахан дэлгэрүүлж хуваалцвал?
-Би 22 настайгаасаа харааны асуудалтай болж, “нүдний даралт” гэсэн оноштойгоор долоон жилийн хугацаанд хараагаа аажмаар алдсан.
29 настайдаа гэхэд унших, орчуулах, мэдээлэл авах битгий хэл гэрээсээ ганцаараа гарч дэлгүүр орох ч боломжгүй болсон.
Тэр үед би нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, “ингээд л байж байя” гэж шийдсэн. Би дөрвөн жилийг гэртээ өнгөрүүлсэн. Уншиж чадахгүй болохоор ихэвчлэн радио, телевиз, FM-ээр оюунлаг яриа, нэвтрүүлэг, дуу шүлэг сонсдог байсан. Сонсох аргаар өөрийгөө авч явж байсан гэсэн үг.
- Таны амьдралд эргэлт болсон мөч хэзээ тохиосон бэ?
- Дөрвөн жилийн дараа хараагүй массажистуудын үйлчилгээ авч байхдаа тэднээс маш их мэдээлэл авсан. Ингээд Хараагүйчүүдийн үндэсний холбоонд бүртгүүлж, сургалтад хамрагдаж, улмаар тэндээ ажилд орсон. Ажиллаж эхэлснээр миний амьдрал дахин хөдөлж эхэлсэн. Холбоонд ажиллаж байхдаа би 33 настай байсан. Нас залуу байна, цаашдаа яах вэ гэдэг бодол их төрсөн. Мөн би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ангилалд орж байгаагаа бодитоор ойлгосон. Холбоонд ирдэг харааны бэрхшээлтэй хүмүүсийн дийлэнх нь амьдралын маш хүнд нөхцөлд байдаг. Таяг бариад орж ирээд бичиг баримт асуугаад л буцаад гардаг хүмүүсийг харахад сэтгэл өвддөг.
Тэгээд би энэ хөгжлийн бэрхшээл надаас салахгүй юм бол энэ чиглэлээрээ л бодитой ажиллая гэж шийдсэн.
- Фулбрайтын тэтгэлэгт өргөдөл өгөх зоригийг танд хэн өгсөн бэ?
- Намайг зоригжуулсан хүмүүс олон бий. Тухайлбал, Хараагүйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан Гэрэл эгч, мөн АНУ-д ажиллаж байсан Уянгаа нар “чи чадна” гэж итгэл өгсөн. Тэдний дэмжлэг надад маш их урам болсон. Би материалаа өгч, эхний шатанд тэнцээд, хоёрдугаар шатны ярилцлагад орсон. Дараа нь сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцэж, улмаар Фулбрайтын тэтгэлэгт хамрагдах боломж бүрдсэн.
- Та аль сургуульд, хаана суралцсан бэ?
- Би АНУ-ын Арканзас мужийн их сургуулийг төгссөн. Сурсан хотын маань нэр бол Фейетвилл. Энэ хот бол Арканзас мужийн нийслэл биш ч хоёрдогч том төв хотын нэг. Би энэ хотыг онцолж ярих дуртай, учир нь тайван, түүхэн, жижгэвтэр хэрнээ нийтийн тээвэр, дэд бүтэц маш сайн хөгжсөн хот байсан. Одоо бол их томорсон гэж сонссон. Би 2016–2018 онд суралцаж, 2018 оны намар Монголдоо буцаж ирсэн.
- Америкт сурч байх хугацаанд таны өдөр тутмын амьдрал, ямар байсан бэ?
- Би сургууль руугаа явах, буцах бүх унаагаа захиалгын системээр авч хэрэглэдэг байлаа. Бороо орсон ч, хүйтэн байсан ч, өглөө эрт харанхуй байсан ч автобус маань ирээд, сургуульд хүргэж өгөөд, хичээлээ тараад гэрт маань буцааж хүргэнэ. Хоол хүнс цуглуулах, дадлага ажил, нийгмийн бусад үйл ажиллагаанд явахад ч энэ үйлчилгээ адилхан үйлчилнэ. Учир нь энэ бүхэн миний суралцах үйл явцтай шууд холбоотой. Харин зүгээр найз нөхдөөрөө зочлох, хувийн уулзалтад бол энэ үйлчилгээ үйлчлэхгүй.
- Эх орондоо ирээд шууд ТББ байгуулсан уу?
-Анхандаа бол ТББ байгуулна гэж ирээгүй. Би мэргэжлээрээ төрийн байгууллага, ялангуяа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд орж ажиллана гэж бодоод ирсэн. Яараад ирсэн шалтгаан маань гэр бүлийн нөхцөл байдал, ялангуяа ээжийгээ дагуулж явахаар төлөвлөсөнтэй холбоотой байсан. Миний хувьд ажлын байр олоход маш хэцүү байсан. Материалаа өгөөд хүлээгээд, уулзаад, дахиад хүлээгээд бараг жил гаруй болсон. Сонсоход дандаа доктор, профессор хүмүүсийг л авчихсан байдаг. Миний сурсан мэргэжил Монголд байгаагүй, төсөв ч, ажлын байр ч тодорхой байгаагүй. Тэгээд нэлээн шантарч эхэлсэн.
- Тэр үед танд хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
- Америкт миний мэргэжлээр ажилладаг нэг Монгол эгч байдаг. Тэр хүн залуугаараа АНУ-д очоод, бараг 40 жил тэнд амьдарч, яг энэ нөхөн сэргээлтийн зөвлөхийн ажлыг хийж ирсэн. Нэг өдөр надад “Чи яагаад өөрийн төрийн бус байгууллагаа байгуулахгүй байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэр үг надад их хүч өгсөн. Ингээд 2019 онд “Гэрэлт цох байшин” ТББ-ыг байгуулсан. Гэхдээ байгуулсан даруйдаа идэвхтэй ажиллаж чадаагүй. Тэр жил би жирэмсэн байсан, дараа нь ковид эхэлсэн. Харин 2022 оноос хойш үйл ажиллагаа маань тогтмол, тасралтгүй идэвхжсэн.
- Танай байгууллага одоогоор хэдэн төсөл хэрэгжүүлж байна вэ?
- Одоогоор хоёр богино хугацааны төсөл хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх гэдэг өөрөө маш хэцүү ажил л даа. Ялангуяа өмнө нь ийм чиглэлийн төсөл авч байгаагүй үед бүр ч амар биш. Албан ёсоор хэрэгжсэн төслүүд 2022 оноос эхэлсэн. Гэхдээ анхны төсөл маань 2019 онд батлагдсан байсан юм. Ковидын улмаас хил хаагдаж, хэрэгжилт нь хойшилсоор байгаад 2022 оны сүүлээр хэрэгжиж эхэлсэн. Энэ бол Fulbright Specialist буюу Фулбрайтын Мэргэжилтэн хөтөлбөр. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр. Манай талаас төслийн хэрэгцээг тодорхойлж өгөөд, АНУ-аас мэргэжилтнүүдийн CV ирдэг. Тэднээс бид сонголт хийдэг.
Ингээд миний яг өөрийн мэргэжлийн, Америкийн Нөхөн сэргээлтийн зөвлөхүүдийн үндэсний зөвлөлийн гишүүн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй олон жил ажилласан туршлагатай профессор хүнийг урьж авчирсан.
Миний хувьд энэ төсөлд сайн дурын үндсэн дээр ажилласан. Төсөл маань үйл ажиллагааны зардалгүй, зөвхөн урьж авчирсан мэргэжилтний зардлыг л даасан. Би орчуулга, зохион байгуулалт, хөтөлбөрийн бэлтгэл ажлыг хийж, МУИС байр, хоол, унаа зэрэг логистикийг зохицуулсан. Нөлөөллийн ажлын том танхим, орчны дэмжлэгийг мөн МУИС хариуцсан.
- Эхний төслийн гол зорилго юу байсан бэ?
- Эхний төсөл маань боловсролын орчин дахь боломжит хичээлийн тохируулга-ын талаарх нөлөөлөл, мэдлэг дээшлүүлэхэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, их дээд сургуулиудад хичээлийн тохируулгыг хэрхэн эхлүүлэх, хэрэгжүүлэх, газар дээр нь зөвлөгөө өгөх зорилготой байсан.
- Хоёр дахь төсөл ямар чиглэлтэй байсан бэ?
- Хоёр дахь төсөл 2023 онд Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн. Энэ нь ажлын байрны тохируулгын цахим нэг цэгийн платформ юм. Өөрөөр хэлбэл, ажлын байрны тохируулгатай холбоотой бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой цахим хуудас. Каритас Чех, МОНЭС болон хувь хүмүүсийн хандив бас оролцсон. Өөрсдөө хөгжлийн бэрхшээлгүй хэрнээ ач холбогдлыг нь ойлгон ингэж дэмжсэн нь надад их урам хайрласан.
- Тэр цахим хуудас ямар агуулгатай вэ?
- Сайт дээр хөгжлийн бэрхшээлийн төрлүүдийг үйлдлийн чадвар алдалтаар нь ангилж, 100 гаруй төрлийн нөхцөл байдлыг тайлбарласан.
Жишээлбэл, аутизм гэж юу вэ гэдгийг эхлээд товч, ойлгомжтой тайлбарлана. Дараа нь тухайн нөхцөлд ямар тохируулга хэрэгтэй вэ гэдгийг мэдээллийн хүртээмж, унаа тээвэр, харилцаа, ажлын орчин гэх мэтээр багцлан харуулдаг. Мөн тохируулга бүрийн ард бодит кейс буюу нөхцөл ба шийдлийн жишээнүүд бий. Тухайн үйлдлийн чадвар алдалт бүр дээр хамгийн багадаа таван бодит кейс оруулсан. Аутизмтай хүнийг ажлын байранд тохируулгаар хангаад амжилттай ажиллуулсан туршлагууд ч багтсан.
– Хүртээмжтэй цахим хуудас хийх тал дээр ямар бэрхшээл тулгарсан бэ?
– Монголын ихэнх цахим платформууд хүртээмжгүй. Зургаар мэдээлэл оруулчихдаг, тайлбар текст байдаггүй. Дэлгэц уншигч хэрэглэдэг хараагүй хүмүүсийн хувьд унших боломжгүй. Товчлуурууд нь хаана байгааг хэлдэггүй, “download”, “send” гэх мэт нь ойлгомжгүй. Тиймээс бид веб хөгжүүлэгчдээ хүртээмжийн стандартын дагуу хийх, дэлгэц уншигчтай нийцүүлэх талаар сургаж, дадлагажуулсан. Ингэснээр дор хаяж нэг хүн, нэг компани хүртээмжийн мэдлэгтэй болсон гэсэн үг.
– МУИС дээр хийж буй ажлын талаар дурдвал?
– 2023 онд МУИС-тай хамтраад хичээлийн тохируулгын ажлыг үргэлжлүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудтай ганцаарчилсан ярилцлага хийж, хэрэгцээтэй тохируулгыг нь тодорхойлоод кэйс боловсруулна. Дараа нь сургуулийн мэргэжилтнээр дамжуулж багш нарт тохируулгын захидал илгээдэг.
– Багш нарт мэдээлэл дамжуулахад юуг анхаардаг вэ?
– Миний бичсэн кэйсийг шууд илгээж болохгүй. Тиймээс “тохируулгын захидал” болон хичээлийн тохируулгын гарын авлага боловсруулсан. Гадаадын загваруудыг харьцуулан эмхэтгэн орчуулж найруулан болосвруулдаг.
– Санхүүгийн хувьд хүндрэл гарсан уу?
– 2025 онд төсөв цомхотголын улмаас МУИС дахь орон тоо байхгүй болсон. Нийгмийн төлөө ажлыг бүрэн сайн дурын үндсэн дээр, хувийн зардлаар хийх хэцүү. Тиймээс үйл ажиллагаа хэсэг хугацаанд саарсан. Бид өнгөрсөн хугацаанд МУИС-ийн дотоод бодлого, журмуудад өөрчлөлт оруулах замаар тогтвортой хэрэгжилтийг дэмжүүлэхээр ажилласан. Шилжилтийн журам, сургалтын үйл ажиллагааны журам, оюутны хөгжлийн хөтөлбөр, түүний дагалдах журам зэрэг 4 баримт бичигт хүртээмж, тохируулгатай холбоотой заалтууд оруулах санал боловсруулж өгсөн.
– Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
– 2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст Канад сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэтгэлэгт тэнцэж, ажлаа үргэлжлүүлсэн. Нэмэлтээр 20 оюутантай ярилцлага хийсэн.
Одоогоор МУИС-д 57 оюутан тохируулгын ярилцлагаа бүрэн хийлгэж, тохируулгаа хэрэглэж байна.
– Нийт хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй оюутан байна вэ?
– Нийт бүртгэлтэй нь 103, идэвхтэй суралцаж байгаа нь 84. Үүнээс 57 нь манай үйлчилгээтэй шууд холбогдсон. Зөвхөн нэг сургуулийн хэмжээнд ийм тоо гарч байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх залуучууд бол залхуу биш харин ч амьдралыг эрүүл саруул ухаанаар харж өөрсдийнхөө төлөө тэмцэж чаддаг, ёстой л залуу насны эрмэг зориг гарган хичээдэг болохыг баталж байна.
– Гэхдээ багш нараас асуулт, эсэргүүцэл ирсэн үү?
– Багш нар цахим шуудангаар тодруулга хүссэн байдаг, утсаар залгаж ярьдаг, биечлэн ирж асуух тохиолдол гардаг ба цөөн хэдэн багш тухайн нэг оюутанд хувийн зүгээс нэмэлт дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлэх тохиолдол мэр сэр бий. Ийм нөхцөлд бид оюутнаас бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр холбож өгч болно гэдэг зөвлөгөөг өгдөг. Сөрөг хандлагатай гэхүү нэг тиймэрхүү тодруулга цахим хариулт гарын таван хурууны дотор багтахаар тоогоор хүлээн авсан. Би үүнд мэргэжлийн талаас хариу тайлбар өгдөг ба ер нь бол ISO стандартыг ханган ажиллахын төлөө үнэлгээ хийлгэсэн боловсролын мэргэжлийн байгууллага бүр удирдлагынхаа системдээ анхааран зохицуулах ёстой асуудал юм билээ. “Ямар журмаар энэ тохируулга нь бидний ажлын үүрэг болоод ирж байна вэ?” гэдэг асуулт. Үнэндээ би дотроо маш их айсан. Монголд шинэ, шинэлэг ажил эхлүүлж байхад соёл болоогүй зүйл дээр эсэргүүцэл хүчтэй ирвэл яах вэ гэж бодсон. Үнэндээ бол мэргэжлийн чиг хандлагаар нь хөгжүүлэхийг хүсэж байгаа тул хийх ажил дэндүү их байна. Ганцаардаж байна. Төрийн бусаараа авсан тэтгэлгийн хүрээнд тэр бүрийг амжуулж чадахгүй л байна.
– Яагаад ингэж их болгоомжилж байсан бэ?
– Энэ бол ганц хүний эсвэл ганц удаагийн ажил биш. Соёл болгох ёстой. Оюутнууд ч өөрсдөө тохируулга гэж юу вэ гэдгийг мэддэг, шаардаж сурсан байх ёстой. Багш нар ч хэрэгжүүлээд эсвэл тохируулгаа хэрэглэж байгаа оюутныг бусдын өмнө эвгүй байдалд оруулахгүйгээр дэмжээд өгдөг байх ёстой. Сургуулийн удирдлага, цаашлаад яам, бодлогын түвшинд төсөв, дэмжлэгээр хангадаг тогтолцоо руу шилжих ёстой. Яг энэ эхлэл дээр багш нараас хүчтэй сөрөг хандлага ирвэл соёл тогтохгүй шүү дээ.
– Тиймээс дотоод журамд тусгах шаардлага гарсан уу?
– Тийм. Тогтвортой байлгахын тулд заавал дотоод журамд шингэх ёстой байсан. Тийм учраас МУИС-ийн журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналуудыг боловсруулсан. Ингэснээр энэ ажил хувь хүний санаачилга биш, байгууллагын удирдлагын систем болон үйл ажиллагааны тогтолцооны нэг хэсэг болж байгаа юм.
–2025 онд шинээр хийгдсэн ажлуудаас онцолвол?
– Огт өмнө нь хийгдээгүй нэг том ажил бол контент бүтээх. Хоёр төслийн хүрээнд нийлээд 13 контент гаргасан. Бүгд хичээлийн тохируулгатай холбоотой. Гэхдээ хичээлийн тохируулгыг дангаараа ярихад хэцүү.
– Яагаад хэцүү гэж?
– Хичээлийн тохируулга гэдэг чинь ганц оюутан зөвхөн сурч байх хугацаандаа л хэрэгтэй зүйл биш. Тухайн хүн төгсөөд гарсныхаа дараа ч тохируулгаа хэрэглээд явна. Надад ямар эргономик хэрэгсэл хэрэгтэй вэ? Яагаад хугацаа сунгах эрхтэй юм бэ? Тохируулгыг яаж тодорхойлох ёстой юм бэ? гэдгийг тэр хүн ойлгож авна.
– Өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалж, тайлбарлаж сурна гэсэн үг үү?
– Тийм. Урьдчилж бэлдсэн жагсаалтаас сонгодог юм биш, надтай ярилцаж, намайг судалж байж тохируулгыг тодорхойлох ёстой гэдгийг ойлгоно. Ингээд тухайн хүн мэдлэгтэй, туршлагатай болоод хөдөлмөрийн зах зээлд гарна. Ажил олгогчтой өөрөө ярьж чадна.
– Тохируулгын бодит үр дүнг та яаж харж байна вэ?
– Оюутан сурч байгаад шантраад алга болчихгүй. Ажилтан ажиллаж байгаад шантраад гэртээ буцаад суучихгүй. Үүнийг дэмжихийн тулд нийгмийн хамгааллын үйлчилгээ гэж ярьж байгаа юм. Халамжтай андуураад байдаг. Үгүй, энэ бол үйлчилгээ. Ер нь хүртээмжийн стандарт хэр их алдагдсан байна тэр хэмжээгээр л тохируулга хэрэглэх шаардлага өндөр байна гэсэн үг шүү дээ. Хүртээмж ба тохируулга хоёр бол шууд харицлан шүтэлцээтэй учраас бие даасан үйл ажиллагааг дэмжсэн бусад нийгмийн хамгааллын үйлчилгээтэй холбогдож байгаа юм.
– Нийгмийн хамгааллын үйлчилгээ гэдэгт юу юу орж байна вэ?
– Тохируулгатай хамт хувийн туслах орж ирж болно. Орчны хүртээмж зайлшгүй орно. Тухайлбал, лифт, налуу зам, стандартын дагуу орц гарц, бариул гэх мэт. Эдгээр нь цогцоороо нийлж байж тохируулга үр дүнтэй болдог. Тэгж байж л хүн шантрахгүй сурна, шантрахгүй ажиллана.
– Контентууд энэ цогц ойлголтыг тусгасан уу?
– Тийм. Нийгмийн хамгааллын үйлчилгээтэй уялдуулсан контентууд бий. Мөн яг мэргэжлийн үйл явцыг харуулсан контентууд байгаа. Жишээ нь “ирцийн тохируулга” гэдэг нь хичээлээ таслаад байж болно гэсэн үг биш. Яаж хэрэглэх вэ, ямар маягт бөглөх вэ, багш–оюутан–сургуулийн мэргэжилтэн яаж уялдах вэ гэдгийг алхам алхмаар тайлбарласан.
–Үр дүн бодитоор харагдаж эхэлсэн үү?
– Тийм. Төгссөн оюутнууд байна. Нэг нь сургуульдаа ажилд орсон. Зарим нь тохируулгаа ажлын орчинд хэрхэн хэрэглэх талаараа аль хэдийн ойлголттой болсон. Энэ өөрөө маш том ахиц. Зарим багш нар тохируулгын нэр хэлээд санал болгодог болсон байна.
Зарим оюутан надтай ярилцлага хийхдээ талархаж байгаагаа илэрхийлээд нэг нэгнээсээ сонссон гэдгээ ч хэлдэг.
– Та байнга “цаг хэмнэнэ” гэж онцолж байна. Энэ платформын гол давуу тал нь яг юу вэ?
– Нийгмээ зөв хөгжүүлчих юм бол үнэндээ маш их цаг хэмнэнэ. Хүртээмж гэдэг чинь зүгээр нэг тохируулга хийгээд орхих биш, түүний хэрэгжилтийг хянах тухай асуудал. Жишээ нь, сурах бичиг хөрвүүлэх тохируулга байлаа гэж бодъё. Тэр хөрвүүлэлт үнэхээр хийгдэж байна уу, сайн дурын эсвэл цагийн ажил хийж байгаа оюутнууд цагтаа хөрвүүлээд, бүлэг бүлгээр нь илгээж байна уу, эсвэл систем дээр гацчихсан байна уу гэдгийг хэн нэгэн заавал хянах ёстой. Тэр бүхнийг энэ платформоор дамжуулаад нэг хүн зохицуулж чадна.
– Бүх үйлчилгээ бүрэн цахим болчихно гэсэн үг үү?
– Үгүй. Үйлчилгээний ихэнх алхам цахимаар хийгдэнэ. Гэхдээ биечилсэн үйлчилгээ зайлшгүй үлдэнэ. Жишээ нь, ганцаарчилсан ярилцлага хийхдээ “биеэр уулзах уу, зайнаас хийх үү” гэдгийг оюутантайгаа тохирно. Цахим ба биечилсэн үйлчилгээ хоёулаа хосолж явна.
– Энэ платформ бүрэн хөгжчихвөл юу өөрчлөгдөх вэ?
– Соёл тогтоно. Одоо бидний боловсруулсан загвар бараг төгс болно. Тэгээд зөвхөн МУИС-д “май” гээд орхиод явахгүй. Дүрст бичлэг, танилцуулга бэлдээд бусад сургуулиудад үзүүлж, таниулж явна.
– Та яагаад МУИС-тай ингэж тууштай хамтарч ажиллаж байгаа юм бэ?
– МУИС бол салбар сургуулиуд олонтой, боловсролын салбартаа тэргүүлэгч. Тийм учраас МУИС дээр загвараа хөгжүүлж байгаа нь зөв гэж боддог. Одоо МУИС дээр хөгжлийн бэрхшээлтэй 103 оюутан хариуцсан ганц мэргэжилтэн байна. Тэр хүнтэй хамтраад, дадлагажуулаад, бодит туршлага дээр загварыг хөгжүүлж байна.
– Бусад их сургуулиудын байдал ямар байна вэ?
– Бусад сургуульд ийм мэргэжилтэн бараг байхгүй. Уг нь хуулиараа хөгжлийн бэрхшээлтэй оюутан хариуцсан орон тооны мэргэжилтэн заавал байх ёстой. Төсөв гаргаад, томилоод ажиллуулах ёстой. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжилт маш сул.
– Та энэ талаар судалгаа хийхээр төлөвлөж байна уу?
– Тийм.
Боловсролын яамнаас гаргасан 2022 оны статистик мэдээллээр Монгол Улсад нийт 48 их сургууль байна гэж гарсан. Гэхдээ тэдгээрийн хэдэд нь хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурч байна, хэдэд нь мэргэжилтэн байна гэдэг нарийвчилсан дата огт байхгүй.
Тиймээс үүнийг дараагийн судалгааны ажил болгохоор төлөвлөж байна.
– Хэрвээ бусад сургууль дээр мэргэжилтэн байвал тэд яаж ажиллаж байна вэ?
– Ихэнх нь тохируулга гэж юу вэ, ямар цогц үйл явц хийгддэг гэдгээ мэдэхгүй байгаа. Тийм учраас тэднийг дахин сургах, дадлагажуулах шаардлага гарна. Тэр үед МУИС дээр боловсруулсан энэ загвар маш хэрэгтэй болно.
– Төрийн байгууллагуудтай хамтрах боломжийн талаар та юу гэж харж байна вэ?
– Манайх чинь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гээд том байгууллагатай. Хандаж үзэхэд, тэнд тодорхой мэргэжилтнүүд бий л байх. Гэхдээ яг “тохируулга” гэдэг ойлголтоор системтэй ажиллаж эхэлсэн нь тодорхой биш.
– Job coach-уудын талаар та их ярьж байсан. Таны байр суурь юу вэ?
– Сонссоноор бол 256 job coach-ийг Хөдөлмөрийн яам, Японы төслийн хүрээнд бэлтгэсэн гэдэг. Гэхдээ би сургалтад нь сууж үзээгүй, сургалтын материалыг нь олж харж чадаагүй. 3 өдрийн эсвэл 7 хоногийн сургалтаар бэлтгэдэг гэж сонссон.
– Та үүнийг хангалттай гэж үзэхгүй байна уу?
– Үгүй. Job coach-ийн ажлын цар хүрээ өргөн. Олон улсад бол job coach нь хэд хэдэн хэлбэрээр ажилладаг. Тухайлбал, холбон зуучлал хийж болно, над шиг ганцаарчилсан ярилцлага хийж, тохируулга тодорхойлж зөвлөх үйлчилгээ үзүүлж болно, эсвэл ур чадварын дадлагажуулалт хийж, ажлын байран дээр нь дадлагажуулж болно. Дадлагажуулах зайгаа холтгож үе үе уулзаж ярилцах, үнэлгээ хийх замаар өөрчлөгдөхөд нь тусалж болно.
- Ямар хүмүүст ийм гүнзгий дэмжлэг илүү хэрэгтэй вэ?
– Хүнд хэлбэрийн сэтгэц, оюун санааны бэрхшээл, бусад төрлийн маш хүнд бэрхшээлтэй хүмүүс зайлшгүй шаардлагатай.
– Та өөрөө энэ чиглэлээр хэрхэн ажиллаж ирсэн бэ?
–Тохируулгаар хангах зөвлөх үйлчилгээг цогцоор мэргэжлийн түвшнд үзүүлдэг болох тогтолцоог хөгжүүлж байна. Тохируулга дээр голчилж байна гэж хэлж болно. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд ур чадварын дадлагажуулалт хийсэн тохиолдол бол байхгүй.
– Анх төрийн байгууллагад очиход ямар байдалтай тулгарсан бэ?
– 2018 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт очиход ажлын байр байхгүй гэж хариулт авсан. Миний мэргэжлийг ойлгож байгаа хүн ерөөсөө байгаагүй. Үнэндээ их хэцүү байсан.
– Зарим хүмүүс “яагаад дээд боловсролоос эхэлсэн юм бэ?” гэж асуудаг гэж байсан?
– Тийм асуулт гардаг. Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролоос эхлэх ёстой биш үү гэж. Энэ бол зүйн хэрэг. Хүүхэд сууриасаа дэмжлэгтэй өсөж байж хөгждөг.
– Та яагаад дээд боловсролыг сонгосон бэ?
– Дээд боловсролд орж ирж байгаа хүмүүс бол эр зоригтой, гэр бүлийн дэмжлэгтэй, өмнөх шатуудаа тодорхой хэмжээнд давчихсан, илүү хэрсүү хүмүүс байдаг. Би үүнийг хүлээн зөвшөөрдөг.
– Энэ загвар зөвхөн дээд боловсролд л хамаарах уу?
– Үгүй. Энэ бол зөвхөн дээд боловсролд гацах загвар биш. Жаахан өөрчлөөд доош нь түвшнүүдэд буулгаж болно. Ярилцлага хийх аргачлал бол ялгаагүй. Бага насны хүүхдийн хувьд эцэг эх, асран хамгаалагчтай нь хамт ярилцана. Оюутны хувьд бол өөртэй нь шууд харилцана.
Манай улс өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээлийг тойрсон хүний эрхийн хэрэгжилт, нэвтрүүлж буй үйлчилгээнүүд нь мэргэлжийн хандлага руугаа орж өгөхгүй их хугацаа алдсан.
Тиймээс би одоогоор суурь болж байгаа эрх зүйн үндэслэлд дөрөөлж бодит ажил хийхийг л хүссэн учир эерэг хандлагаар улузалдаж хамтран ажиллахыг шууд санал болгосон МУИС-д шууд түшиглэсэн бас энэ боловсролын байгууллага, тэднийхийг зорин ирж буй залуустаа мэргэжлийн туслалцаа үзүүлж эхэлсэн юм.


.jpg)












