Ерөнхий сайд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчлөө. Тус хуулийн 10.1.1-т томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25 хувиас, хороонд 30 хувиас доошгүй байх ёстой хэмээн заасан байдаг. Гэвч шинээр бүрдсэн Н.Учралын Засгийн газрын бүрэлдэхүүн болсон 19 сайдаас хоёр нь л эмэгтэй буюу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Чинбатын Номинг, Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэгийг тус тус томиллоо. Нэг үгээр бол Н.Учралын кабинет хоёрхон л эмэгтэй сайдтайгаар ажиллах нь ээ. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ижил тэнцүү "нүд"-ээр харах асуудал эр хүйс рүү хэлбийж, хүүхэд эмэгтэйчүүд, олон эрх ашгийн төлөөлөл хөсөр хаягдаж төрийн бодлогын гадна үлдэх бололтой.
Угтаа Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу Ерөнхий сайд Жендэрийн үндэсний хорооны даргын үүргийг шууд хүлээдэг. Тэр ч утгаараа жендэрийн мэдрэмжтэй ажиллах, салбарт бүр олон эрх ашгийн төлөөллийн дуу хоолойг хүргэхэд манлайлж ажиллах учиртай. Гэтэл Н.Учрал сайд танхимаа эрчүүдээр бүрдүүлсэн нь хүний эрхийн активистуудыг гонсойлгов.
Монгол Улсын хууль журамд Ерөнхий сайдыг Жендэрийн үндэсний хорооны даргаар шууд тохоон томилохоор зохицуулсны учир нь нэн тэргүүнд жендэрийн мэдрэмжтэй байхыг онцгойлон сануулж, үүрэгжүүлж буй хэрэг юм. Атал Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэхдээ “Тугалыг нь турааж, эхийг нь эцээхгүй” гэж мэрийсээр хуулиар хүлээсэн даргынхаа ажлыг умартав бололтой. Тэр хурал уулзалтад олон нийтийн өмнө хэлдэг, ярьдгаасаа тэс өөр үйлдэл гаргаж, хүний эрх жендэрийн тал дээр мэдрэмжгүй, зориггүй хандсан нь олон улсад ч Монгол муу жишээ болох эрсдлийг бий болголоо. Дэлхий нийтээр жендэрийн эрх тэгш байдал руу алхам алхмаар урагшилж байхад манай улс хойшоо алхлаа.
Хэдхэн сарын өмнө болсон Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болсон. Энэ үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Н.Учрал мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн нь бий. Тэрээр хэлсэн үгэндээ “Бид Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахын тулд амжилттай хэрэгжиж буй үйл ажиллагаа, сайн туршлагаа өргөжүүлэн дэлгэрүүлж, батжуулан ажиллахуйц ирээдүйг бүтээгч хамтын хүч байж чадна гэдэгт итгэл төгс байна” гэжээ.
Харин бодит байдал дээр шинэхэн Ерөнхий сайд жендэрийн тухай хуулиа итгэл төгс зөрчиж, эрх тэгшийн мэдрэмжээ гээлээ.











.jpeg)



