“Эрдэнэс Монгол” компани уулзалтын ус, ундаанд 57 сая төгрөг зарцуулсныг олон нийт шүүмжилж буй. Монголын байгалийн баялгийн менежментийг удирдан зохион байгуулж ажилладгийнхаа төлөө өндөр цалин, хангамжтай байдаг энэ мэт компаниуд ус, ундаанд хэдэн арван саяар зарлагадах нь хэвийн үзэгдэл бололтой. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас төв оффистоо зохион байгуулах бүх төрлийн хурал, уулзалт, арга хэмжээнд ашиглах ус, ундаа, шүүсний тендер зарласан байна. Техникийн тодорхойлолтод дурдсан жишиг бараа, бүтээгдэхүүний үнийг тоймлон тооцвол 28 сая төгрөгт хүрэв. Энэ бол зөвхөн ус, ундаа, шүүс худалдан авах багцаа дүн юм.

Бусад буюу цай, чихэр, шоколад, жигнэмэг нь тусдаа тендертэй. Тэдгээрийн үнийг мөн байж болох бага үнээр тооцоход 15 сая төгрөг болж байна.

Үүнээс гадна тус компаниас ТУЗ-ийн болон хороодын хурлын зохион байгуулалтад ашиглагдах хүнсний материалын тендер зарлаж. Техникийн тодорхойлолтод дурдсан жишиг бараа, бүтээгдэхүүний үнийг тоймлон тооцвол таван сая орчим төгрөг болж байна. Энэ бол тус компанийн ТУЗ-ийн хурлын үеэр ашиглах рашаан, жүүс, ундаа, цай, кофе, чихэр авах мөнгөн дүн юм.

ТУЗ нь есөн гишүүнтэй бөгөөд дөрөв нь “хараат бус” тодотголтой. Эдгээрийг нэгтгэвэл хурал, уулзалтын ус, ундаа, тавгийн чихэрт бараг 50 сая төгрөг зарлагадах нь.
Үнэндээ энэ нь төрийн өмчит томоохон компанийн хувьд өчүүхэн зардал байж мэдэх ч асар их баялагтай атлаа арай ядан амь зууж буй ядуу иргэдийн чинь эгдүүцлийг хүргээд байна. Энэ жилийн хувьд цэвэр ашгаасаа иргэдэд ихдээ 63 мянган төгрөг тараахаа мэдэгдэж, түүнийгээ өгнө гэж, өгөх гэж, өгснийхөө дараа ч “шоуддаг” “Эрдэнэс Тавантолгой”-н энэ мэт зардал нь татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж буйгаас өөрцгүй санагдах нь аргагүй.















