АТГ-аас эрчим хүчний салбар дахь албан тушаалтнуудад холбогдох зарим эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлжээ. Тухайлбал, “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нар нь “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийтдээ 100,000,000 төгрөгийн хахууль авсан 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Дээрх нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн, мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхад гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна.
Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “РИ” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50,000,000 төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45,000,000 төгрөг, жолоочийнхоо дансаар 5,000,000 төгрөгийг хахуульд авсан 4 удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоов.
Уг эрүүгийн 3 хэрэгт хахуульд авсан нийт 100,000,000 төгрөгийг Төрийн сангийн Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүллээ.
















