Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг бүүст хийхэд 32,300 ам.доллар буюу 115 сая төгрөг зарцуулжээ. Тодруулбал, түүний мэдээ мэдээллээ нийтэлж, түгээдэг хоёр хаягт анализ хийв. Өнгөрсөн хугацаанд Хассуурийн Ганхуяг хаягийг 28,010 ам.доллароор, Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл хаягыг 4.377 ам.доллароор бүүстэлсэн байна.
Шадар сайд Х.Ганхуяг дээрх хоёр цахим хуудастаа өдөр тутмын мэдээ мэдээллээ яг ижил нийтэлжээ. Ингэхдээ оруулсан өдөр тутам, цаг үе, уулзалтын мэдээ, мэндчилгээ гээд бүх л мэдээллээ boost  хийж олон нийтэд хүргэдэг гэж дүгнэж болохоор байна.

Зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд хийсэн boost-ийг тооцоолж үзэхэд дээрх хоёр хаягаас тус бүр 2400 ам.доллар буюу нийт 4800 ам.долларын бүүст хийжээ. Төгрөгөөр бол 17 сая буюу сард 5.7 сая төгрөг Meta-д өгсөн байна.

2026 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсын нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая төгрөг гэсэн тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Энэ жишгээр Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг хоёр хүний цалинг зөвхөн boost хийхэд зарцуулсан гэсэн үг.

Энэ бүх мэдээллүүд Meta Ad Library дэх Meta Platforms-ийн гаргасан, олон нийтэд нээлттэй зар сурталчилгааны сангийн мэдээлэл юм. Эндээс Facebook, Instagram зэрэг платформ дээрх заруудыг хүн бүр хайж, үзэх боломжтой. Мэдээж зар сурталчилгаагаа энэ платформоор түгээж, олон нийтэд хүргэх нь хүн бүрд нээлттэй төдийгүй бизнесийн байгууллагуудын хувьд харилцагчдаа өсгөх үр дүнтэй арга юм.

Гэвч гамшиг осолтой тэмцэх, улс орны бүх л стандартыг боловсруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зэрэг Монгол Улсын бодлогын чухал асуудлыг хариуцдаг хүний хувьд хоёр хүний цалинтай тэнцэх дүнгээр сар бүр манипуляци хийгээд сууж байгаа нь хэр зохистой вэ.

Үнэхээр бодлого боловсруулагчийн хувьд, чиг үүргийн хэмжээнд хийсэн зүйлтэй бол иргэд түүнийг нь биетээр мэдэрч, амьдрал ахиуд нь ахиц гарах учиртай. Түүнээс сошиалд бүүстэлсэн мэдээний дүнгээр хийсэн ажил нь дүгнэгдэх учиргүй юм. Уулзалтын голдуу мэдээллээр манипуляци хийж, иргэдийг хандалтыг авах нь түүний хийх ёстой ажил бүр биш.

Түүнээс гадна түүний фэйсбүүк бүүстэд зориулж байгаа санхүүжилт хаанаас, хэнээс гарч байгаа вэ. Энэ бол түүнээс зайлшгүй хариулт нэхэх ёстой асуулт юм.