Бүрэн эрхийнх нь хугацаа талдаа ч ороогүй байхад УИХ-ын удирдлага хоёр дахиа солигдлоо. Ингэснээр энэ удаагийн УИХ хамгийн олон Спикер сольсон парламентуудын нэг болох нь.
Тодруулбал, 2004-2008 онд УИХ-ыг Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар даргалсан түүхтэй.
2004 оны сонгуулиар парламентад хамгийн олон буюу 37 суудал авсан МАХН-ын дарга Н.Энхбаяр дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хүртлээ УИХ-ын даргаар ажилласан бөгөөд түүний албыг Ц.Нямдорж үргэлжлүүлсэн. Харамсалтай нь, Ц.Нямдорж “хууль зассан” гэх хэрэгт унаж Спикерээс чөлөөлөгдсөн бол бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэлх жил хүрэхгүй хугацаанд тухайн үеийн дэд дарга Д.Лүндээжанцангаар УИХ-ыг удирдуулахаар сонгосон юм.
Түүнчлэн хоёр ч даргын нүүр үзсэн хоёр парламент бий бөгөөд 2000 оны сонгуулиар МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн парламентыг Л.Энэбиш удирдахаар сонгогдсон ч 2001 онд таалал төгсөж, түүний орыг С.Төмөр-Очир залгасан түүхтэй.
Үүнээс гадна мөн л МАН үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн 2016-2020 онд УИХ-ын даргаар М.Энхболд ажиллаж байсныг “шударга” хэмээх тодотголтой таван гишүүний шаардлага, шахалтаар чөлөөлж байв. Түүнийг 2019 онд чөлөөлж, үлдсэн хугацаанд парламентыг Г.Занданшатар даргалсан билээ.
Уг нь УИХ-ын дарга бол хамгийн тогтвортой хашиж болох албан тушаал юм. Парламентыг тараачихгүй л бол олонх, цөөнхийн харьцаа тухайн сонгуулийн циклд тэгтлээ өөрчлөгддөггүй тул тийм ч олон даргын нүүр үздэггүй. Тэгээд ч хууль тогтоох байгууллагыг удирдана гэдэг нь парламентын үйл ажиллагааг удирдах, нэгдсэн хуралдааныг удирдах, дэг сахиулах үндсэн үүрэгтэй тул улстөржилтөөс хол байдаг гэхэд болно. Есөн удаагийн парламентын тав нь нэг даргатайгаа бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан нь ч үүнийг батлах биз. Харин 2-3 дарга сольсон парламентуудад дандаа МАН (МАХН) олонхыг бүрдүүлж байж. Үхэл хагацлаас болж орон гарсан нэг тохиолдлыг эс тооцвол эрх баригчдын дотоод тэмцэл нь төрийн эрх барих дээд байгууллагын удирдлагад хүртэл нөлөөлснийг өнгөрсөн үйл явдлууд илтгэнэ.
Ялангуяа 2016 оноос хойш буюу гурван сонгууль дараалан үнэмлэхүй засаглаж буй өнөөгийн эрх баригчид ёстой л “олдвол өлдөх”-ийн үлгэр үзүүлж буй гэхэд болно.
Нэгэн цагт М.Энхболдоос л салчихвал МАН мандаж, цэцэглэх гээд байна хэмээж асан “Шударга тав”-аас нэг нь “нүүрсний” хэргээр ял эдлээд, наранд гарчихаад байна. Бас нэг нь одоогийн албан тушаал, бүлэглэлийн байр сууриа тогтоон барихын тулд иргэдийнхээ эсрэг жагсан, дарамталж байгааг харах нь энэ цагийн эмгэнэл гэлтэй. “Төлгөн коммунист” гэгдэж байсан тэр улстөрч “торниж”, дарангуйлагч болохтой зэрэгцэн нөгөөх нь орлогоо нотолж чадаагүйн улмаас огцорч, одоо намдаа цөөнхийн “бүлэг”-ийг албан бусаар байгуулан толгойлж явна. М.Энхболдыг хүчээр хөөж, тууж байх үеийн 32 ба 33-ийн бүлэглэл ийнхүү өдөлж, олонх дотроо олонх ба цөөнх болон бэхжиж. Өнгөрсөн ням гарагт болсон МАН-ын Бага хурлын хаалттай хуралдаанаас гэх тодотголтойгоор хаанаас ч юм гаргасан “Дараагийн УИХ-ын даргыг цөөнхдөө өг” хэмээсэн туршлагатай улстөрчийн үг ч үүнийг илчилнэ.
Д.Амарбаясгалан ч хулгай, бүр хүн амины гэмт хэрэгтэй хутгалдсан тул өөрөө өргөдлөө өгч чөлөөлөгдсөн. Спикерийн суудлыг залгасан хүн нь зарчим алдагдахыг мэдсээр байж зүтгэсэн намын дарга Н.Учрал. Ингээд дөрвөн сарын дараа тэр Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газраа тэргүүлэхийн тулд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын аль алиныг нь хөдөлгөв. Ингэхдээ тэд парламентын дархлаа, парламентат ёс гэж хамгийн их хашхирсан.
Үнэндээ эрх баригчид энэ нийгмийн асуудал, гажуудлыг ярилаа гэх ч бие биенийхээ, намынхныхаа хулгай, луйврыг тойрч ярьсаар арван жилийг үдэв.
Ахин дахин уудалсан ч тэдний булхай, хулгай дундрахгүй дэг ээ.











.jpeg)



