МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж чуулганд оруулсан ч сөрөг хүчин нэг хоногийн завсарлага аваад байна.
Харин УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэснээр яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор АН-ын тавьсан УИХ-ын дарга нам бус байх шаардлагыг хэлэлцэж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар болж байна. АН-ын зүгээс УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх агуулгатай хуулийн төсөлд “Улсын Их Хурлын даргыг гишүүн саналаа илээр гаргаж, нийт гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
Нэр дэвшигч Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.
Улсын Их Хурлын дарга намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.
Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй” гэсэн зохицуулалтыг тусгажээ.
















