Дорноговь аймгийн Өргөн сум нийслэлээс хагас мянган бээрийн зайтай ч барилга байшин, худалдаа үйлчилгээ, хүн зоны амьдралын чанар, аятай таатай орчин нөхцлөөрөө бол Монгол Улсын 330 сумаас нэлээн дээгүүрт бичигдэнэ. Говийн буйдхан сум ч гэлээ хэдэн давхар орон сууцны хороолол эгнэн сүндэрлэж, түүнийг дагасан хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, ажлын байр гээд богино хугацаанд хөгжиж цэцэглэж өнгө засжээ.  

Тус суманд Монцемент үйлдвэрийн “мотор” ассанаас хойш ийнхүү ард иргэд нь ажлын байраар хангагдаж тэр хэрээр зах зээл тэлж, орон нутгийн хөгжил өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байгаа юм. Ийн говийн намар, буйдхан сумыг зорьсон нь ч учиртай.

С.Төгсжаргал: Ирээдүйн инженерүүдийг багаас нь бэлтгэнэ

Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содномын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль аймгийнхаа хэмжээнд боловсролынхоо чанараар нэг алхам түрүүлж багш, сурагчид нь AI судалж хөгжих иж бүрэн цахим ангитайгаар шинэ хичээлийн жилээ угтлаа.

Энэ баярт өдрөөр НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, Монцемент билдинг материалс” ХХК  хамтран  250 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулсан дижитал ангийг нээж, багш сурагчдад хүлээлгэж өгсөн юм. Цахим ангийн туузыг сурагчид өөрсдөө хайчилж сурч хөгжих танхимдаа баяр хөөх, догдлолтойгоор шинэхэн ангидаа орцгоов.

Өргөн сумын сургуулийнхан сурагчдадаа чанартай, хүртээмжтэй боловсрол олгохын тулд хичээлийн хоцрогдлыг нь арилгах зуны сургалтыг Монцементийн инженерүүдтэй хамтран зохион байгуулжээ. Ингэж хичээлийг дан ганц багш заахаас илүү үйлдвэрийн инженерүүдтэй хамтран онол практикыг хослуулах нь үр дүнтэйн дээр хүүхдүүдийн сонирхлыг илүү их татжээ. Тиймээс Монцемент үйлдвэр болоод сургуулийн захиргаа хамтран ирээдүйн инженерүүдийг багаас нь бэлтгэхээр зорьж сургуулийн багш нарыг инженерүүдтэй хамтран хичээл заалгах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ талаар сургуулийн захирал С.Төгсжаргал “Бид цахим дижитал ангитайгаар хичээлийн жилээ угтлаа. Үүнээс гадна НҮБ, Монцемент хамтраад манай 18 багшийг Улаанбаатарт хиймэл оюун ухааны сургалтад бүрэн  хамруулсан. Багш нар эхнээсээ хиймэл оюун ухаанаар бяцхан ном хийх зэргээр сургалтынхаа үр шимийг хүүхдүүддээ заагаад эхэлсэн. Бидний гол зорилго бол ирээдүйн IT инженерүүдийг багаас нь бэлтгэх юм.

Аймгийн хэмжээнд есөн жилийн боловсрол эзэмшиж буй ангиуд дундаа цахим ангитай болсон, мөн иж бүрэн хэрэгсэлтэй гэдгээрээ манай сургууль анхдагч болж байгаа.

Цахим ангид нэг дор 30 хүүхэд хичээллэх нөүтбүүк, чихэвч, сурагч багш нар хоорондоо холбогдох цахим самбартай. Бүх ангийнхан энэ ангид хичээллэх боломжтой.Сурагчид цахим самбарын тусламжтайгаар хиймэл оюун ухаан ашиглаж багш нартайгаа харилцана. Бага ангийнхан давхар таблет ашигладаг учраас бүр илүү давуу талтай. Манай суманд Монцемент үйлдвэр ажиллаж, тэнд гадаад, дотоодын чадварлаг инженер болон бусад нарийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэ давуу тал, онцлогоо ашиглаад багш дангаараа хичээл заахаас илүү практикт ажиллаж буй инженерүүдийг урьж хичээл заалгах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн” гэлээ.

Монцементийн ажилчдын хүүхдүүдийг зуны зугаатай хөтөлбөрт хамруулж бага ангийнхан математик, дунд ангийнхан англи хэлний хичээлийн хоцрогдлыг арилгах хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлжээ.

Хамтарсан хөтөлбөрийн талаар “Монцемент” үйлдвэрийн захирал Б.Болд-Эрдэнэ “Бид сумын сургуультай тасралтгүй олон жил хамтарч, дэмжиж ажиллаж байна. Хотын төвлөрлийг бууруулах, орон нутагт ард иргэд ая тухтай тогтвортой ажиллах хамгийн гол хүчин зүйл нь хүүхдийн боловсрол гэж хардаг. Энэ хүрээндээ боловсролын чанар, хүртээмжийг үргэлж дэмжиж ирсэн. Энэ жил Өргөн сумынхаа сургуульд иж бүрэн цахим анги нээж, хүүхдийн боловсролд хөрөнгө орууллаа. Мөн UNICEF-тэй хамтраад орон нутгийн хүүхдүүдэд чанартай боловсролыг тэгш олгохыг зорьж зуны сургалт хийлээ. Энэ үеэр сурагчдыг мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор хими, физик, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр инженерүүд хичээл заасан. Ер нь хичээлийг онол практик хослуулж, илүү сонирхолтой байдлаар зааж, сүүлийн жилүүдэд элсэлт цөөрөөд байгаа байгалийн шинжлэх ухааны чиглэлээр багаас нь бэлтгэх боломжтой гэж хараад үйлдвэр болон сургууль харилцан ярилцаад инженер болон бусад мэргэжлийн хүмүүсээр практик дээр хичээл заах талаар хамтран ажиллахаар болсон” гэсэн юм.

Дорноговь аймгийн хэмжээнд “Таблеттай багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ур чадварыг сайжруулж, нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, Google Gemini AI зэрэг хиймэл оюун ухааны сургалтад хамруулжээ. Ингэснээр багш нар хичээл төлөвлөлт, сурагчдын түвшинг үнэлэх зэрэг ажил, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлсэн байна. Цахим танхимыг хамгийн сүүлийн үеийн хэрэглээний программ бүхий өндөр хүчин чадалтай компьютер, техник, технологи зэргээр бүрэн тоноглосон тул багш нар сургалтын материал, хэрэглэгдэхүүнээ таблетдаа суулган ашиглах боломжтой болж буйг НҮБ-ын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Ян Му онцоллоо. Мөн салбар яамтай хамтран англи хэлний багш нарыг чадавхжуулах, ур чадварыг нь дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж, алслагдсан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тэгш хүртээмжтэй мэдлэг боловсрол олгох боломжийг бүрдүүлж буйг тодотгов.

Өргөн сумын сурагчид дэлхийн жишигт нийцсэн шинэ сургуультай болно

“Монцемент” үйлдвэрийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутаг руу чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг болжээ. Ялангуяа, боловсролын салбар руу хөрөнгө оруулалтаа чиглүүлэхийг зорьдог байна. Тодруулбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн боловсролын чанар, тэгш хүртээмжид илүү анхаардаг учраас дижитал буюу цахим танхимыг байгуулсан тухай “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан ярилаа. Тэрбээр “НҮБ-ын Хүүхдийн сангийн элч төлөөлөгч болсноор бид “Таблеттай багш” хөтөлбөр зэрэг олон төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Зуныг хэрхэн зугаатай өнгөрүүлэх вэ” хөтөлбөрийн хүрээнд англи хэлний мэргэжлийн багштай сургалтад хүүхэд багачуудыг хамрууллаа. Цаашид бид сургалтын чанарт илүү анхаарч ажиллахаар төлөвлөж, энэ хүрээнд мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлсэн. Ингэснээр манай үйлдвэрийн техник технологийн ажилтан, инженерүүд болон химич, физикчид маань хүүхдүүдэд онолын бус сонирхолтой агуулга, хэлбэрээр хичээл орж байгаа.

Өнөөдөр зөвхөн алслагдсан хөдөө нутаг гэлтгүй цаашид бид Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, тэдний сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор олон улсын стандартад нийцсэн Ерөнхий боловсролын сургууль барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

Монцемент 10 жилийн хугацаанд нийт 82 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлснээс гадна хүүхдийн боловсролыг хэзээ ч орхигдуулж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэйгээр боломж, нөөцөө дайчлан шинэ сургуулийн төслийг эхлүүлж байна” гэж мэдэгдлээ.