Говийн намар налайж байна. Хүүхдүүд сургуульдаа явж, хөдөөд хүн, мал амгалан тайван. Намрын дунд сард яг л өдийд говийг зорьж очихтой зэрэгцэн айлууд унагаа тамгалж, айраг сөгнөж басхүү энд тэндгүй ажил “буцална”. Тэр дундаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Рашаант багийн малчид ажил хөдөлмөр өрнүүн угтлаа. Айл саахалтаараа тариалангийн талбайдаа гарч, бүл хоршоогоороо хамаг л ажлаа хамтдаа илбэж харагдана.

“Хуурай” говийн бяцхан булаг цэнгэг уст цөөрөм болж тэлэв

Эрдэнэдалай сум газар нутаг, малынхаа тоогоор улсдаа дээгүүрт ордог. Түрүү жил хагас сая мал тоолуулсан, 1000 гаруй малчин өрхтэй гээд мал аж ахуй дагнаснаараа онцлог. Тэр хэрээр сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөр зун хур тунадас багасч, өвөл цас их унаж буй байгаль цаг уурын сорилт малчдын уламжлалт ахуй, хэвшмэл сэтгэлгээг “эвдэж” улам их бэлтгэл бэлэн байдал шаардах болсон. Мөн өвс ургамлын гарц багассанаас отор нүүдэл хийх нь элбэг.

Өмнө нь зудын давтамж 10 гаруй жилийн цикльтэй байсан бол сүүлийн үед 2-3 жил болж хугацаа ойртсон. Байгалийн ааш араншин хувьсах хэрээр Эрдэнэдалай сумын малчид хэдэн зуун км зам туулан Дорноговийн Их хэт, Даланжаргалан, Хэнтийн урд сумдаар оторлож байна.

Одоо хүртэл зарим нь отор нүүдлээсээ ирж амжаагүй. Очсон газарт бэлчээр, газар нутгийн маргаанаас эхлээд хүндрэл их байна. Тиймээс орон нутагтаа мал аж ахуйгаа зөв зохистой удирдан авч явах шаардлага тулгарч байна. Үүний нэг нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах жишиг туршлага бүхий хөв цөөрөм байгуулсан явдал. Монголын улаан загалмайн нийгэмлэгээс сумын есөн малчин өрхөд малын тэжээл, хүнсний ногоо тариалах боломж, битүү хороо бууцтай болоход дэмжлэг үзүүлж байна гэдгийг орон нутгийн удирдлагууд бидэнд хэллээ.

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн хүрээнд Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн дөрвөн суманд горхи, булгийг сэргээн хөв цөөрөм байгуулж байна. Энэ төсөл хүн, мал жилийн дөрвөн улирал дамнан худагнаас ундаалдаг говийн онцлогт ихээхэн үр шимээ өгснийг бид газар дээрээс нь буюу төслийн цэг Эрдэнэдалай сумаас сурвалжиллаа.

Төслийн хүрээнд малын хөлд талхлагдаж, эх ундарга нь шавар шавхайндаа дарагдсан жижигхэн булаг шандыг сэргээжээ. Булгийн ундаргыг сэргээж дөрвөн салаа урсаж байсан эх голдрилыг нэг салаа болгох энэ ажилд нутгийн иргэд өөрсдөө хүрз, жоотуугаа барьж ирээд гар бие оролцсоноор хэдхэн хоногт цэвэр тунгалаг устай, цэлийсэн таван “залгаа” цөөрөм байгуулаад буй юм. Ингэхдээ газрын хөрсөнд шингэхээс хамгаалж шаардлагатай хэсгийг хашиж өгчээ. Тус цөөрмөөс мал нь ундаалж буй малчдын хэлснээр өмнө нь зөвхөн ховоогоор нэг айл малаа услахад 3-4 цаг зарцуулдаг, шатахуунаар мотор ажиллуулдаг байсан бол цөөрөмтэй болсноор задгай уснаас 15-20 минут ундаалаад гарч байгаа. Мөн шатахуун хомсдолтой үед мотор ажиллуулахгүй, ховоогоо татаад хэдэн цагаар суухгүй зэрэг цаг хугацаа эдийн засгаа давхар хэмнэж байна. Отроор явж буй айл болон явуулын “эзэнгүй” мал ундаалж илүү хүртээмжтэй, үр ашигтай болсон аж. Цөөрмийг говь талын бүсэд анх удаа хийж буйгаараа жишиг болохуйц шийдэл, малчид өөрсдөө бүтээж буй туршлага болсныг усны зөвлөх инженер хэллээ.

Ш.Баранчулуун: Малчид булгийн эхээ хамгаалж, цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэж чадвал 20-30 жил байтугай ашиглаад явж болно

“Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь” төслийн зөвлөх, Монгол Улсын усны зөвлөх инженер, доктор Ш.Баранчулуун “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны өнцөг булан бүрт гол горхи, булаг шанд ширгэж байна. Байгаа жаахан усан дээрээ хүн малгүй шавснаас болж бэлчээрээ талхалдаг. Хаана ус байна түүнийг тойрч бэлчээрийн даац хэтэрч малчдад усан хангамжийн асуудал хамгийн ихээр тулгамдаж байна. Энэ нөхцөл байдлыг Монголын Улаан загалмайн нийгэмлэг олж харсан нь олзуурхууштай. Төслийн хүрээнд эхний ээлжинд дөрвөн суманд булаг шандыг сэргээж ус хуримтлуулж эхний ээлжинд Өмнөговь аймгийн Баяндалай суманд дөрөв, Дундговийн Эрдэнэдалайд таван цөөрөм байгууллаа

Үндсэндээ маш бага зардлаар богино хугацаанд өндөр үр ашигтай ажил хийлээ. Дээр нь нутгийн иргэд малчид мэргэжлийн хүнээр удирдуулаад өөрсдөө бүтээн байгуулсан нь хамгийн том давуу тал.

Малчид эхний өдөр жаахан итгэл муутай байсан. Маргааш нь ирээд усаар дүүрчихсэн байхыг хараад урам зориг авч маш идэвхтэй ажиллаж эхэлсэн. Цөөрөм маань булгийн эхнээс 800 метр урт урсаж байгаа учраас мал нэг газар шавахгүй дуртай газраасаа богино хугацаанд ундаалаад гарна.

Малчид өөрсдөө бүтээсэн учраас өөриймсөг хандаж, харж хамгаалж байна. Хамгийн гол нь малчид маань булгийн эхээ хашиж хамгаалж, лайдаж байх хэрэгтэй. Ингэж чадвал 20-30 жил байтугай ашиглаад явж болно.  Тиймээс жишиг болсон энэ санаачилга, туршлагыг бусад аймгууд ч түгээн дэлгэрүүлээсэй гэж хүсч байна” гэлээ.

Малчид ховооноос салж, хүн малын нуруу тэнийлээ

Жилийн дөрвөн улирал худаг "сахиж" ховооддог говийг усжуулах жишиг туршлага, шинэлэг шийдэл болжээ. Цөөрмийг хэт гүнзгий хийж болохгүй. Малын өвдгөөр татах хэмжээнд байх хэрэгтэй. Цөөрөм байгалийн тогтоцтой учраас үерт автдаггүй. Цэнгэг байлгахын тулд элс дэвсэж, ус нь дүүрээд халих юм юм бол дараа дараагийн цөөрөм рүүгээ сэлбэгдэж байдаг аж.

Энэ мэтээр малчид мэргэжлийн хүнтэй хамтарч алхам тутамд нь гар бие оролцсоноор дараа дараагийн цөөрмийг өөрсдөө байгуулах хэмжээний мэдлэг, туршлагатай болсныг төслийн багийнхан онцолж байв.

Цөөрмийг 10 тоннын даацтай өөрөө буулгагч машин, унагалдай буюу жижиг трактор, 13-14 хүн хүрз зээтүүгээ барьж очоод гурав хоногт байгуулжээ. Ийн идэвх зүтгэл гаргаж ард нь амжилттай гарсан цөөрмийнхөө үр шимийг бодитоор хүртэж буй талаар Рашаант багийн малчин Ж.Болдбаатар “Анх ямар ч урсгалгүй лаг шавар ихтэй ногоон ус байсан. Харин одоо бол хэдэн зуун мал нэгэн зэрэг ус уугаад гарсан ч шавхагдахгүй арвин, дээр нь маш цэнгэг устай болсон. Малчид бид ховооноос салж, хүн, малгүй гар, сэтгэл амарч нуруу тэнийлээ. Баяртай байна. Одоохондоо арваад айлын мал ууж байгаа ч зуны улиралд отрынхон нэмэгддэг. Явуулын эзэнгүй мал ч задгай ус уугаад гарахад амар боллоо” гэв.

Рашаант багийн малчин Д.Баясгалан “Ажлынхаа зав зайгаар ирээд гар бие оролцсон. Өдөр ирэх тусам цөөрмийн усны түвшин нэмэгдэж, тунгалаг болж байна. Малаа худагнаас ховооддог байхад ус багатай бол бүтэн өдөржин “манах” үе ч бий. Одоо энэ цөөрөмнөөс  намар 5-6 мянга, зундаа арав гаруй мянган мал ус ууж байгаа.

Манай энэ хавийнхан хавар цас хайлж, намар хөлдтөл нь малаа усална. Өмнө бол бохирдол лаг шавар ихтэй учраас мал голоод уудаггүй байсан. Цэвэр ус ууснаар  мал тарга тэвээрэг сайн авна. Үүний тулд бид булгийн эхээ маш сайн хамгаалж, тордох хэрэгтэй юм билээ. Тэгэж байж аль болох удаан ашиглана. Ер нь их хэрэгтэй зүйл боллоо. Өөрсдөдөө хэрэг болж байгаа зүйлийг бол тордолгүй яахав” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч Д.Төгөлдөр: Малчдынхаа бүлэгт түшиглээд хөв цөөрөм байгуулах жишиг боллоо

-МУЗН-ээс хэрэгжүүлж буй хөв цөөрөм байгуулах ажлыг сум орон нутгаас дэмжиж хамтарч ажиллалаа. Бидний зүгээс иргэдээ уриалж зохион байгуулалтад орууллаа. Богино хугацаанд үр ашгаа өгч байна. Цаашид орон нутагт байгаа өөр булаг шандаа сэргээж хөв цөөрөм байгуулах мэдлэг, туршлагатай боллоо. Бидний тооцоолсноор дахиад 2-3 газар хөв цөөрөм байгуулах боломж харагдаж байна. Заавал олон улсын төсөл, их хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй гэж харж суухгүйгээр малчдынхаа бүлэгт түшиглээд хөв цөөрөм байгуулах жишиг боллоо.  Малчдаас ч санал санаачилга гарч байна” гэлээ.

МУЗН-ийн анхан шатны хорооны дарга Ц.Бумангэрэл: МУЗН-ийн талаарх хүмүүсийн хандлага, харах өнцөг өөрчлөгдөж байна

-Улаан загалмайн нийгэмлэгээс Уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох вэ төсөл үе шаттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд гурван бүл байгуулагдсан. Малын хороо барьж байгуулах, хүлэмж, тэжээлийн ургамал тариалахад дэмжлэг үзүүлж байгаа. Мөн ширгэж байгаа булаг шандыг сэргээж хөв цөөрөм байгуулах ажил маш амжилттай боллоо. Анх хоёр цөөрөм байгуулахаар ярьж байсан ч байгалийн тогтоц, голын годрилыг ашиглаад тавыг байгууллаа. Төслийн инженерийн зөвлөснөөр үерийн усыг хуримтлуулна гэж тооцож далан босгосон нь үр дүнгээ өгч байна. Цөөрмөөс зөвхөн мал гэлтгүй хүн ч ундаалах боломжтой. Шинжилгээний багажаар үзэхэд цэвэр, хатуулаг багатай, маш зөөлхөн сайн чанарын ус байна гэсэн дүгнэлт гарсан.

Иргэд МУЗН гэхээр хандив, тусламж гэж харах гээд байдаг талтай. Харин уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад нийгэм, сэтгэл зүйн сургалт мэдээлэл өгсний үр дүнд хүмүүсийн хандлага, харах өнцөг өөрчлөгдөж байна. Байгалийг нөхөн сэргээснээр малчдад өндөр үр ашигтай гэдгийг ойлгож эрдэнэшиш, ногоон тэжээл тарих зэргээр олон санал санаачилга гарч байна” гэлээ.