Олон улсын харилцааны тогтолцоо геополитикийн шинэ нөхцөл байдал, бүтцийн өөрчлөлт бүхий ээдрээтэй цаг үе рүү нэгэнт шилжлээ. Хүйтэн дайнаас хойш өрнөж байгаа өргөн цар хүрээтэй зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хориг, технологийн дайнаас үүдэн дэлхийн засаглалын уламжлалт институцын үйл ажиллагаад томоохон сорилтууд тулгараад байна. Энэхүү эгзэгтэй цаг үед олон улсын тавцанд засаглалын шинэ загвар, шинэ механизмууд хүчтэй яригдаж эхэлсний нэгэн тод жишээ бол БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн "Даян дэлхийн засаглалын санаачилга" (Global Governance Initiative) бөгөөд тус баримт бичиг гарсны нэг жилийн ой маргааш тохиох юм. Уг санаачилга дэлхий нийтэд зарлагдаад ийнхүү нэг он улирч, харин яг өнөөдөр Бишкек хотноо эхэлж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, цаашлаад намар болох Сюн-Анийн анхдугаар форум зэрэг томоохон арга хэмжээнүүдээр дамжуулан хэрэгжилтийн дараагийн шатанд шилжих гэж байна.

2025 оны есдүгээр сарын 1-нд Тяньжин хотноо "ШХАБ+" дээд хэмжээний уулзалтаар зарласан уг санаачилга НҮБ-ын болон Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойтой давхцсанаараа геополитикийн хувьд онцгой ач холбогдолтой байлаа. Хятад улсын өмнө нь дэвшүүлсэн Дэлхийн хөгжил (2021), Аюулгүй байдал (2022), Соёл иргэншлийн (2023) санаачилгуудыг энэхүү алхам залгамжилж, дөрөв дэх тулгуур буюу "институцийн баталгаа" болж буй стратегийн чухал алхам гэж болно. Бүрэн эрхт улсуудын тэгш байдал, олон улсын эрх зүй, олон талт үзэл, хүн төвтэй хандлага болон бодит үр дүнг чухалчилах гэх таван үндсэн зарчимд суурилсан энэхүү баримт бичиг өнгөрсөн нэг жилд олон улсын тавцанд хэрхэн үнэлэгдэв? Түүнчлэн "Бүс ба зам" зэрэг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизмд ямар нөлөө үзүүлж болохыг авч үзэх нь зүйтэй болов уу.

Институцийн бүтээн байгуулалт ба олон улсын хариу үйлдэл: Хоёр өөр өнцөг

Аливаа олон улсын санаачилга цаасан дээрх тунхаглал төдий үлдэх үү, эсвэл бодит механизм болох уу гэдэг нь түүнийг дагалдах институцийн бүтээн байгуулалтаас шууд хамаардаг. Бээжингийн албан ёсны мэдээллээр өнөөдрийн байдлаар дэлхийн 160 гаруй улс орон, олон улсын байгууллага уг санаачилгыг дэмжиж, Нью-Йорк, Женев, Вена хотуудад 60 гаруй гишүүнтэй "Дэлхийн засаглалыг дэмжигч орнуудын бүлэг" байгуулагдан ажиллаж байна [1]. 2026 оны 5 дугаар сарын 28-нд Нью-Йорк хотноо Пакистан, Куба, Казахстан зэрэг орны өндөр түвшний төлөөлөгчид чуулж, уг санаачилгын хүрээн дэх засаглалын шинэчлэлийн асуудлыг онцлон хэлэлцэв [2]. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь шинээр бүрэлдэж буй уг бүтэц "Дэлхийн Өмнөд"-ийн орнуудын дунд улс төрийн бодит нөлөөгөө эрчимтэй тэлж буйн тод илрэл болов.

Энэхүү санаачилга практик түвшинд бодитоор хэрэгжиж буйн нэг илрэл нь 2025 оны 10 дугаар сард Хонконгт үйл ажиллагаагаа эхлүүлсэн Олон улсын эвлэрүүлэн зуучлах байгууллага (IOM) юм. Тус байгууллага нь өдгөө 46 улсыг эгнээндээ багтааж байгаа бөгөөд олон улсын маргааныг уламжлалт арбитрын "ялагч-ялагдагч хандлагаар бус, харилцан ойлголцол, эвлэрэлд тулгуурлан шийдвэрлэх шинэ механизмыг санал болгож буйгаараа онцлогтой. Үүнтэй зэрэгцэн, 2026 оны 7 дугаар сард Шанхайд чуулсан Дэлхийн хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалтын үеэр 29 улс хамтран энэ чиглэлийн шинэ байгууллагыг үндэслэв. Энэхүү үйл явдал нь технологийн хувьсал, дижитал эдийн засгийн зохицуулалтын шинэ стандартыг тогтооход хөгжиж буй орнуудын байр суурийг баталгаажуулсан стратегийн нэн чухал алхам болсон гэж харж байна.

Бүс нутгийн аюулгүй байдал ба "Бүс ба зам"-ын хувьсал

Даян дэлхийн засаглалын санаачилга нь бүс нутгийн хэмжээнд ШХАБ-ын үйл ажиллагаагаар дамжин хамгийн тод томруун биеллээ олж байна. Яг өнөөдөр Бишкек хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь уг санаачилгын бүс нутгийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж, олон талт засаглалын шинэ механизмыг практик хөрсөнд буулгах нөхцөлийг бүрдүүлж буйгаараа судлаачдын анхаарлыг татаж байна.

Тяньжингийн дээд хэмжээний уулзалтаас ШХАБ-ын дэргэд Аюулгүй байдлын сорилт, аюул заналтай тэмцэх, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх болон Хар тамхитай тэмцэх дөрвөн шинэ төвийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр бүс нутгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа нь үг хэлээр уялдах төдийгөөс амьдрал дээр баттай бүтэцжин бэхжих шатандаа орлоо. Түүнчлэн ШХАБ-ын онцолж буй хамтын ажиллагааны гурван том платформ нь эрчим хүч, ногоон аж үйлдвэрлэл, цахим эдийн засаг руу чиглэгдэж байгаа нь тус бүс нутаг прагматик эдийн засгийн шилжилт хийж байгааг харуулж байна. Хятадын Олон улс Судлалын хүрээлэнгийн эрдэмтэд “Өнөөдөр ШХАБ нь дан ганц аюулгүй байдлын механизм байхаа хэдийнэ больж, аюулгүй байдал, эдийн засаг, соёл иргэншил, засаглал гэсэн дөрвөн гол хөдөлгүүр бүхий цогц хэлбэрт шилжсэн нь Даян дэлхийн засаглалын санаачилгын үр дүн болж байна” [3] гэж судалгаандаа бичсэн байна. Тиймээс ч энэ удаагийн Бишкекийн уулзалт нь өмнөх шийдвэрүүдийг баталгаажуулж, гишүүн орнуудын геоэдийн засаг, засаглалын хамтын ажиллагааны дараагийн шатны чиг хандлагыг тодорхойлох байх гэж харж байна.

Энд нэг зүйлийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Гео-эдийн засгийн үүднээс ажвал, "Бүс ба зам" санаачилга нь анхлан хэрэгжиж байсан үеийнх шигээ дан ганц зам харгуй, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг нүсэр хатуу дэд бүтцээр хязгаарлагдахаа больжээ. Өдгөө тус санаачилга иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд шууд тустай ногоон технологи, сэргээгдэх эрчим хүч, батерей үйлдвэрлэл, дижитал эдийн засаг, эрүүл мэндийн салбар зэрэг "овор багатай ч сайхан (өгөөжтэй)" зөөлөн дэд бүтцийн төслүүд рүү хурдтай шилжиж байна. Тухайлбал Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хэлэлцээр, Хятад-Лаос, Хятад-Киргиз-Узбекистаны төмөр зам зэрэг бүс нутгийн эдийн засгийн коридорууд нь зөвхөн дэд бүтцийн бодит холболт төдийгөөр зогсохгүй ногоон, бас дижитал стандартыг давхар нэхэх боллоо. Энэхүү эдийн засгийн бүтцийн шилжилтийн үед Даян дэлхийн засаглалын санаачилга нь худалдааны шинэ журам, ногоон хөгжлийн стандарт, мэдээллийн аюулгүй байдал болон маргаан шийдвэрлэх механизм зэрэг зөөлөн дэд бүтцийн орчныг бүрдүүлж буйгаараа стратегийн үлэмж ач холбогдолтой гэж харагдаж байна.

Монгол Улсын ашиг сонирхол: Олон тулгуурт бодлого ба экологийн засаглал

Хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй Монгол Улсын хувьд "олон тулгуурт, бодит үр дүнг чухалчилсан, энхийг эрхэмлэсэн" байх нь гадаад бодлогын амин сүнс юм. Бид гуравдагч хөршийн бодлогоо идэвхтэй өрнүүлэхийн зэрэгцээ мөнхийн хоёр хөрштэйгөө хийх худалдаа, ногоон хөгжил, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа тэнцвэртэйгээр гүнзгийрүүлэх хэрэгцээ их. Энэхүү дипломат бодлогын орчинд Даян дэлхийн засаглалын санаачилга нь манай улсын язгуур эрх ашигтай хэд хэдэн түвшинд нягт уялдаж байна гэж харж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны есдүгээр сарын 2-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ уг санаачилгыг өндрөөр үнэлээд, НҮБ-д түшиглэсэн, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах ажилд олон улсын тавцанд хамтран зүтгэхээ илэрхийлсэн. Хоёр улсын харилцан ашигтай, сайн хөршийн эдийн засгийн хамтын ажиллагааны үүднээс авч үзвэл, тус санаачилга нь Монгол Улсад стратегийн дараах дөрвөн боломжийг нээж байна:

Нэгдүгээрт, институцийн чадавхжуулалт ба төлөөлөл. Уг санаачилга нь ОУВС, Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн байгууллагуудад хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэх зорилтыг чухалчилж байна. Энэ нь эдийн засгаа солонгоруулахын зэрэгцээ гадаад өрийн дарамтыг бууруулах стратегийн зорилт тавьсан манай улсын эрх ашигт шууд нийцэж буйгаараа онцлог юм.

Хоёрдугаарт, геоэдийн засгийн хоршил ба стратегийн уялдаа. Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцтэй хэдий ч дэд бүтцийн хөгжил сул байгаа нь эдийн засгийн томоохон сорилт болсоор байна. Иймд "Бүс ба зам" санаачилгын сүүлийн үеийн чиг хандлага болох "жижиг боловч сайхан (өгөөжтэй)" төслүүдтэй өөрийн хөгжлийн бодлогыг уялдуулах нь зүйтэй. Үүгээр дамжуулан хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, гаалийн шинэчлэлийг хурдасгах, түүнчлэн Алтай дамнасан дэд бүсийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх бодит боломжтой юм.

Гуравдугаарт, олон талт дипломат орон зай. "Дэлхийн засаглалыг дэмжигч орнуудын бүлэг" зэрэг олон талт платформууд нь манай улсын хувьд дэлхийн тавцанд үндэсний язгуур ашиг сонирхлоо илэрхийлэх, шийдвэр гаргах түвшинд өөрийн дуу хоолойг хүргэх прагматик суваг болох бүрэн боломжтой юм.

Ялангуяа тус санаачилгын ногоон хөгжлийн чиглэл нь манай улсад энэ сарын 28-нд амжилттай өндөрлөсөн НҮБ-ын COP17 хурлын зорилтуудтай шууд таарах юм. Даян дэлхийн засаглалын санаачилгын хүрээн дэх сэргээгдэх эрчим хүч, экологийн хамтын ажиллагаа нь Монгол Улсын "Тэрбум мод" хөдөлгөөн болон хурлын гол үр дүн болох "Талын төлөвлөгөө"-тэй бүрэн нийцнэ. Тиймээс ч  бид энэхүү боломжийг ашиглан бүс нутгийн ногоон санхүүжилт, технологи дамжуулах төв болох гарц эрэлхийлэх нь зүйтэй. Нэмж хэлэхэд Хятадын зүгээс ШХАБ-ын хүрээнд "10 сая киловаттын нар, салхины эрчим хүч"-ний мега төслүүдийг хэрэгжүүлэхээр зарласан нь манай сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт татах, мөн COP17-ийн үр дүнг бодит ажил хэрэг болгох чухал нөлөөтэй гэж харж байна. Үүнийг ч өнөөдөр үргэлжилж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын индрээс Монгол Улс өөрийн прагматик эрх ашигтай уялдуулан хөндөх бүрэн боломжтой юм.

Эцэст нь шинээр бүрэлдэж буй энэхүү засаглалын архитектурт Монгол Улс геополитикийн өрсөлдөөнд автахгүйгээр, гагцхүү өөрийн үндэсний язгуур ашиг сонирхол, эдийн засаг, экологийн прагматик хэрэгцээндээ тулгуурлан, олон тулгуурт бодлогынхоо тэнцвэрийг хадгалан идэвхтэй оролцох нь бидний цорын ганц оновчтой сонголт юм.

Ашигласан эх сурвалж:

[1] https://www.news.cn/20260529/1338a10210234ee991a1600905c9b14d/c.html

[2] https://news.youth.cn/gj/202605/t20260529_16686316.htm

[3] 中国国际问题研究院《相互成就:上海合作组织与四大全球倡议》https://www.ciis.org.cn/gjwtyj/dqqk/202602/P020260202533517344533.pdf