Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий сургуульд "Гэрт ойрхон сургууль" нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор төсвийн тодотгол руу “шургуулсан” нь  нэгэнт нотлогдлоо. УИХ-ын 5-6 гишүүнээс гадна Боловсролын сайд гарч ирж “Үнэн” гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гагцхүү гишүүдэд тараасан тэр олон хуудас “цаас” дундаас заавал Ерөнхий сайдын сургуулийнхыг сугалж аваад улстөржүүллээ гэж эмэгтэй гишүүдийг "Түгжил"-ээр нь дуудаж дөвчигнөснийхөө төлөө Л.Энх-Амгалан сайд нийгэм даяар шүүмжлүүлж байна. Тэрээр туршлагатай улстөрч хэдий ч энэ удаад зангараггүй, мэдрэмжгүй байсны илрэл байх.

Ер нь бол Ерөнхий сайд татвар төлөгчдийн мөнгөнөөс 3.5 тэрбумыг зувчуулах гэж байсан гэх мэдээллийн хамгийн эхний эх сурвалж нь Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир. Тэрбээр төрөөс санхүүжилт авахаар төлөвлөсөн хувийн сургуулиудыг нэрлэхдээ Ерөнхий сайдын ээжийн удирддаг “Их засаг кинг” гэх нэрийг цохсоноороо өнөөдөр улс төрийн хүрээнд маш хүнд нөхцөл байдалд орж байна. Засгийн газрын тэргүүний зальжин аргыг илчилсэн төрийн албан хаагчийг  халчихвал буруудчих гээд түр азнаж буй биз. Үүн дээр л Н.Учралын зангараг гарч ирнэ. Ямартаа ч Т.Ням-Очирын хэлсэн үгийг араас нь УИХ-ын нэр бүхий гишүүд гэрчиллээ.

Ийн салбарын яамны ТНБД-ын асаасан түймэр газар авч сөрөг хүчин шаардлага нэхэхтэй зэрэгцээд Ерөнхий сайд Н.Учрал яаран сандран ганц хоёрхон минутын дотор АТГ-руу гүйж очсон нь бас л сонин. Үнэхээр буруугүй байсан бол үсэрч очиж АН-ын аманд багтаж, түмний доог тохуу болох уу гэдэг эргэлзээ олон нийтийн дунд одоо ч хөвөрч байна.

Энд нэг сонин логик бий. Ерөнхий сайд болоод гэр бүлийнхэн нь “Бид ямар ч хүсэлт гаргаагүй, мөнгө аваагүй” гэж мэдэгдсэн. Гэтэл нөгөө талд Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Их засаг кинг сургууль хамтрахгүй гэсэн” гэв.

Тэгэхээр Ерөнхий сайдын сургууль хүсэлт гаргаагүй ч Боловсролын яам “Мөнгө өгье” гээд хандсан болж таарах нь. Хариуд нь Ерөнхий сайдын ээжийн гарын үсэгтэй “Бид төрөөс мөнгө авахгүй, хамтрахгүй” гэсэн албан бланктай бичиг цаас явуулсан байх учиртай.

Тэгэхээр Засгийн газрын тэргүүн нь сандарч АТГ руу гүйж, салбарын сайд нь бантсандаа улстөржилт хэмээн эмэгтэй гишүүд рүү бухаж байхын оронд зүгээр л Ерөнхий сайдын ээжийн гарын үсэгтэй “Бид татварын төлөгчдийн мөнгөнөөс татгалзаж байна, төртэй хамтрахгүй” гэсэн бичгийг гаргаж ирээд үзүүлчих хэрэгтэй. Тэгвэл бага ч болов итгэл үнэмшил төрнө шүү дээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэр бичиг гарч ирсэнгүй.

Бүр хоржоонтой нь Ерөнхий сайд Н.Учрал гарч ирээд “Нэг муу excel файлаар хүн гүтгэж, төрийн ажил явж болохгүй” гэсэн. Үнэхээр төрийн ажил тооцоо судалгаатай, албан бичиг баримтаар явж байгаа бол татварын мөнгөнөөс “татгалзсан” гэдэг бичиг байх ёстой. Төрийн ажил аман байдлаар тийм, үгүй гээд явсан бол түүн шиг утгагүй зүйл үгүй. зЭсвэл өнөөг хүртэл гаргаж ирж харуулахгүй байгааг бодоход анхнаасаа хулгай хийж, хуйвалдах гэж байсан уу.

Хэрэв байхгүй бол хэн нэгнээр туг тахиж, салбарын сайдынхаа ард арьсаа хамгаалж суухаар шударгаар гарч ирээд хариуцлагаа хүлээ, Ерөнхий сайд аа.

Зөөлөн сандалдаа шигдэж суулгүй дараа дараагийнхаа улстөрчдөд, мянга мянган төрийн албан хаагчдад үлгэр дуурайлал үзүүл. Тэгэж гэмээнэ өөрийн чинь яриад байгаа шударга ёс тогтох бус уу. Ер нь Н.Учралын кабинет тэргүүнийхээ эл асуудлыг эцэслэж мухарлачихаад урагшлах эсэхээ шийдэх ёстой.