COP17-гийн тайзнаа Монголын хувцасны брэндүүд, загвар өмсөгчид, энэ салбарын экспертүүд нэгдэж байгаль ээлтэй хандлага, хэвшилд уриалсан нь сонирхолтой шийдэл байв. Тиймдээ ч тэрхэн зуур нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлж амжлаа. Өөрөөр хэлбэл, загварын ертөнцийнхөн энэ үйлдлээрээ загварын салбарын ирээдүй газрын ирээдүйтэй шууд холбоотой гэдгийг тодорхой харуулав.

Үндсэндээ “Fashion for Land” арга хэмжээ бидний загварын салбарын талаар ойлголт хандлагыг өөрчилж хариуцлагатай, тогтвортой, байгальд ээлтэй худалдан авалтыг санууллаа. Тухайлбал, бидний өмсдөг хувцсыг бүтээх түүхий эд хаанаас бий болдог вэ? Түүнийг үйлдвэрлэхэд газар, ус, хөрс, бэлчээр болон экосистемд ямар нөлөө үзүүлдэг вэ? гэсэн асуултыг дэвшүүллээ.

Загварын салбар байгаль дэлхийтэй хэрхэн холбогддог, яагаад бид хариуцлагатай байх талаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын газрын элч, гурван удаагийн Грэммийн шагналт уран бүтээлч Рики Кеж “Insagramm-ийн зураг болгон дээр өөр хувцастай байх албагүй шүү дээ” гэдгийг тодотгосон нь олон хүний анхаарлыг татав. Тэрбээр “Загварын салбар газрын доройтлоос сэргийлэхийн тулд маш их зүйлийг хийж чадна. Бидний өмсдөг ширхэгт материал, иддэг хүнс бидний тогтвортой байдлыг тодорхойлдог. Учир нь эдгээр түүхий эд хаа нэгтээ ургаж, бий болдог. Миний бодлоор хурдан загварын үйлдвэрлэл хамгийн их бохирдол үүсгэдэг салбаруудын нэг. Учир нь биднийг хувцсыг байнга худалдан авч, ердөө нэг удаа өмсөхөд хүргэдэг.”

Хувцсыг нэгээс олон удаа өмсөж, загварлаг байж болно. Дэлхий бидний сүүлчийн үдэшлэгээр юу өмссөнийг санахгүй. Харин түүнд хэрхэн хандаж байсныг маань гарцаагүй санана.

Тиймээс загварын салбар илүү чанартай хувцас үйлдвэрлэх чиглэлд шилжих нь чухал гэж бодож байна. Ингэснээр бид худалдаж авсан хувцсаа дахин дахин өмсөх боломжтой болно. Мөн хэдэн арван жилийн өмнөх шигээ хувцас худалдан аваад үеэс үед дамжуулан өмсдөг хэвшилдээ эргэн орох хэрэгтэй.

Бид хувцсаа хүүхдүүддээ дамжуулдаг, эсвэл эцэг эхийнхээ өмсөж байсан хувцсыг өмсдөг байсан. Тиймээс хамгийн чухал нь чанартай хувцас сонгож, түүнийгээ дахин дахин өмсөх юм. “Fashion for land” арга хэмжээ үнэхээр гайхалтай, урам зориг өгсөн арга хэмжээ болж байна. Учир нь бүх хувцасыг байгалийн гаралтай ширхэгт материалаар хийсэн байсан. Бидний мэдэж байгаагаар байгалийн гаралтай ширхэгт материал нь биологийн задралд ордог. Тэдгээр нь манай дэлхийг бохирдуулахгүйгээс гадна олон хүний амьжиргааг дэмждэг. Эдгээр нь эдийн засагт, хүмүүст, мөн дэлхийд илүү ээлтэй. Тиймээс энэ нь зөвхөн тогтвортой загвар, тогтвортой материал, байгалийн гаралтай ширхэгт материалын тухай асуудал биш гэж бодож байна.

Засгийн газрууд хууль тогтоомж баталж чадна. Корпорациуд өөрсдөд нь ашиг авчрах бүхнийг хийж чадна. Харин бодит өөрчлөлт бий болгохын тулд хүн бүр өөрийн амьдралдаа баг багаар жижиг алхмуудыг хийх нь бидний өөрсдийн сонголт юм. Үүнийг бид хувцас, загвараа ухамсартайгаар сонгох замаар хийж чадна.

Мөн хувцас худалдан авах хандлага,  хэвшлээ өөрчлөх хэрэгтэй. Insagramm-ийн зураг болгон дээр өөр хувцастай байх албагүй шүү дээ. Хувцсаа дахин өмсөх нь бидний сэтгэлзүйн эрүүл мэндэд ч илүү сайн.

Учир нь дараагийн арга хэмжээ, үдэшлэгт юу өмсөхөө байнга бодож санаа зовох шаардлагагүй” гэсэн юм.

Мөн загварын салбарынхан “Made in Mongolia” гэдэг зөвхөн хаана үйлдвэрлэснийг бус, хэрхэн, ямар хариуцлагатайгаар үйлдвэрлэснийг илэрхийлдэг байх нь илүү үнэ цэнтэй ойлгогддог.Монголын брэндүүд ч “FAST IS OVER”шоугаар fast fashion-аас илүү slow, responsible, sustainable fashion-ийг сонгох цаг ирснийг өөрсдийн мэргэжлийн онцлог хэлээр Загварын шоугаар илэрхийллээ” гэдгийг ч хэлж байлаа.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Fashion4Land санаачилгын үзэл баримтлалд хөвөн, ноолуур, ноос, модонд суурилсан ширхэгт болон синтетик материал зэрэг түүхий эд нь газрын нөөцөд өөр өөрийн ул мөр үлдээдэг болохыг онцолж байна. Тиймээс загварын салбарын тогтвортой шилжилт нь зөвхөн үйлдвэрлэлийн технологийн асуудал бус, газрын эрүүл мэнд, усны нөөц, биологийн олон янз байдал, малчдын амьжиргаа болон хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээтэй салшгүй холбоотой