Баян-Өлгий аймагт Казахстан улсын Консулын газрыг нээх нь зөв, буруу гэдгээс үүдэлтэй яриа энэ улсыг үндэстэн, ястнаараа талцтал нь тарж, даргилсаар даруй гурван сарын нүүр үзжээ. Зуны зугаа цэнгэл, найр наадмаар ч намжаагүйгээр үл барам төрийн эрх барих дээд байгууллагын танхимаас тасрахаа байтлаа ид талцаж буй энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийнх нь хувьд түүнийг энэ талаар үг унагаасай, байр сууриа илэрхийлээсэй, талцагч талуудын байрыг нь олуулаасай гэх хүлээлт хаана хаанаа байсан учраас Төрийн тэргүүний энэ удаагийн албан томилолтыг өмнөхөөс илүүтэй анхааралтай ажиглаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залав. “Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ, дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ” хэмээн эхлүүлсэн үгэндээ тэрбээр “Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм. Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан” гэж онцлон тэмдэглэлээ. Дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлснээрээ алдаршсан их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монгол хүн, Монгол Улсын иргэн бүрд уриалах зорилготой Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлиг буулгаж, түүнийгээ эх орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас эхлүүлсэн нь учиртай биз ээ.
Монгол дээл хувцсаараа гоёж, Төрийн дууллын эгшиг дор Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залсан Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нартай албан өрөөнд нь албаны хувцастай уулзжээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч тодорхой асуудлуудаар үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн нь ч олон нийтийн хүлээлтэд өгсөн тодорхой хариулт болов. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-“Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой.
-Эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын баталгаа мөн. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол хэлээ хүүхэд бүрд багаас нь зааж сургахад төр засаг, аймаг орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой.
-Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш.
Мэдээж өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлынхаа хойчийг хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Энэ хууль, эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Үүнд Төрийн тэргүүн онцгой анхаарах болно.
-Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Энэ бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа юм. Тиймээс төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдээ хамгаалж ажиллахыг үүрэг болгож байна.
-Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал.
Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус, нэгтгэх ёстой. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай.
-Төрийн албанд хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах ёстой. Түүнээс биш нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй. Тиймээс төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой иргэдэд хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой.
-Эцэст нь хэлэхэд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой. Үүнийг Төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. Эс тэгвээс төрийн хууль таныг дуудах болно” гэлээ.
Ерөнхийлөгч дээрх үүрэг, даалгаврын хүрээнд аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох газруудтай хамтран ажиллахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга A.Бямбажаргалд үүрэг болгов.

















