Өнгөрсөн улсын баяр наадмаар цол авсан бөхчүүдээ мялаах үйл явц тасралтгүй үргэлжилсээр энэ намартай золгож байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймаг шинэ начин Э.Мөнхбаатарынхаа цолны мялаалга наадмыг хийжээ. Энэ үеэр цолыг нь мялааж Шивээ-Овоо ХК-иас түүнд 50 сая төгрөг, багшид нь болоод бас нэг харцагадаа тус бүр 10 сая төгрөг нийт 70 сая төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Г.Батсуурь гардуулж өгсөн байна. Хөлстэй бөхчүүддээ байр машин, суурь мал гээд байдгаа барьж гүйх юм гэсэн шүүмжлэл олны дунд багагүй байдаг ч бөхөө гэж байгаа олны уламжлалыг буруутгахад хэцүү.
Нутгийн зөвлөл, бизнесийн байгууллагууд нь нутгийн бөхөө дэмжих нэг хэрэг ч татвар төлөгчдийн мөнгийг аль нэг дарга дур мэдэн зарцуулах нь байж боломгүй зүйл.
Төрийн өмч бол иргэдийн өмч, ТӨК-иудын ногдол ашгийг иргэддээ өгөөжтэй зарцуулах ёстой гэж сүүлийн үед Хэрэг эрхлэхийн сайдаасаа эхлээд Ерөнхий сайд нь онцолж хэлж байгаа. Гэтэл аль нэг төрийн өмчит компанийн захирал нь дур мэдээд хэдэн арван саяар бөх, моринд зарцуулаад байж болох уу.
Засаг төрийнхөө хэмжээнд хэмнэнэ, хяналттай байна гээд ярьсаар удлаа. Тэгснээ дунд доод түвшиндээ хэмжээ хязгаарыг давуулаад байж болох уу. Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниудын энэ мэтийн зардлыг хянаж, тэр ч байтугай нийгмийн сайн сайхны гэсэн зориулалтаар ч төрийн өмчийг хамаагүй зарж үрэхийг хориглож байгаа гэдэг. Чойр ТВ-ээр нэвтэрсэн мялаалгын үйл ажиллагааны видеоноос үзэхэд өнгөрсөн арваад жил хамт байсан компанийн хувьд Шивээ-Овоо компанийн хамт олны зүгээс Э.Мөнхбаатартаа зориулж 50 сая төгрөг гардуулж өгье гээд Г.Батсуурь захирал нь хэлчихэж байна.
Төрийн өмчийг ингэж дур мэдэж бэлэглээд байж болдог юм уу. Эсвэл эрхэм захирал хувиасаа өгсөн юм болов уу. Төрийн өмчит компаниудын хэдэн арван саяын өндөр цалинтай захирлуудын нэрс зарлагдах үед Шивээ Овоо компанийн захирал Г.Батсуурийн цалин төрийн өмчит компаниуд дундаа айргийн тавд бичигдэж байсан. Сар бүр 31 сая төгрөгийн цалинтай гэгдэж байсан хүн хувиасаа энэ начны мялаалгын мөнгийг өгсөн юм болов уу. Юутай ч татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн намын нэрээр албан тушаалд очдог хурган дарга нар дураар зарцуулах эрх байхгүй.
Ялангуяа төрийн өмчийн компаниудын хамаагүй өндөр цалинтай, хязгааргүй эрх мэдэлтэй дарга нарын гарын үсгээр ийш тийш цацаад байж болохгүй билээ. Шивээ-Овоо ХК төрийн мөнгөөр бөхчүүд байлсан уу эсвэл өндөр цалинтай захирал нь хувиасаа өгсөн үү гэдгийг шалгадаг нь газрууд нь шалгах хэрэгтэй.














