Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа ээлжит бусаар хуралдуулж амлалтын шинжтэй есөн шийдвэр танилцууллаа. Наанаа төсвийн тодотгол гэж халхалж буй боловч цаанаа намрын улс төрийн галыг түр намжаах гэсэн л арга заль байв. Ерөнхий сайдын есөн шийдвэрийн хамгийн эхнийх нь Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулахаа ард түмнээс асуух гэнэ. Ингэхдээ зүгээр ч нэг асуучихсангүй. Дулааны VI цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулах эсэхийг шийд гэсэн бэлэн шифи-г боловсон хэлбэрээр тулгалаа. Гэтэл ингэж асуух эрх энэ Засгийн газарт байгаа юу гэвэл, үгүй юм.
Учир нь Монгол Улс уул уурхайгаас орж ирж буй ашгаа хэрхэн хуримтлуулж, юунд зарцуулах вэ гэдгээ аль хэдийнэ тодорхой болгочихсон. Хэрэв Ерөнхий сайдын зөвлөхүүд уншдаг бол Баялгийн сангийн хуульд тод томруунаар бичээд парламент баталчихсан байхад бүхэл бүтэн хуулийг алгасаж хэлбэрдэж боломгүй.
Өөрөөр хэлбэл, Оюутолгойгоос орж ирэх ногдол ашиг хуулиараа Баялгийн сангийн хуримтлалын дансанд шилжиж орно. Түүнийг нь Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлнэ гээд Баялгийн сангийн хуульд бичээстэй байгаа. Өөрсдийн нэр дээр үүссэн хуримтлалаа захиран зарцуулах эрх нь ч иргэн бүрт бий.

Баялгийн сангийн хуульд:
-Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.
- Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлнэ.
-Баялгийн сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно гэж заасан. Энэ бүрхнийг хуулиар баталгаажуулах гэж олон сорилт, бартааг туулсан. Эндээс харвал Н.Учралын Засгийн газар улс төрийн оноо авах гэж хэргээр хууль зөрчиж попров уу. Эсвэл төсвийн тодотголыг дагуулж Баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулж ард түмнээс асуух нэрийдлээр Дулааны VI цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсрол зэргээр өөрсдийн санаачилсан төслийг санхүүжүүлж авторлож авч үлдэх үү гэдэг зүйл яригдана. Товчхондоо, Баялгийн сангийн хуулийг өөрчлөхгүйгээр Оюутолгойн ашгийг асуух эрх Засгийн газарт байхгүй гэсэн үг. Хууль өөрчлөхөөр өргөн барилаа ч УИХ дэмжих эсэх нь ч тодорхойгүй.
Мөн одоогоор Оюутолгойгоос яг хэдэн төгрөгийн ногдол ашиг хэзээ орж ирэх нь ч бүрхэг. Түүнийг нь захиран зарцуулах эрхгүй мөртлөө ингэж попорч байгаа нь ард түмнээ бодох биш сандал суудалдаа үлдэх санаархал л гэж харж болохоор байна. Цаашлаад Засгийн газар хууль зөрчиж УИХ-ын бүрэн эрхэд халдах нь ч гэж үзэж болохоор байгааг хүмүүс хэлж шүүмжилсээр байна.














