Ардчиллыг бэхжүүлэхэд улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага юу хийж чадах вэ. Угтаа хоёулаа л ардчиллыг бэхжүүлэх гүүр болдог нэг л зорилготой төлөөллийн байгууллага. Тэгвэл нэгнийгээ үгүйсгэж, хол хөндий  ажиллах биш хамтарч болох уу, энэ чиглэлээр бусад орны туршлага, алдаа оноо ямар байдаг вэ гэдгийг судалж мэдээд, бас төрийн байгууллага, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн гээд олон талын төлөөллийг оролцуулсан нээлттэй, ажил хэрэгч яриаг “Бодлогод залуусын хяналт” ТББ байгууллага санаачлан зохион байгууллаа.

Улс төрийн нам, иргэний нийгмийнхэн тус тусынхаа чиглэлээр хуримтлуулсан туршлагаа хуваалцах, нэгнийхээ дутууг нөхөх, итгэлцлэлийг бэхжүүлэхэд хараат бусаар хамтрах олон гарц шийдэл, санал, санаачилгыг дэвшүүллээ. Товчхондоо, намууд мөрийн хөтөлбөр, бодлого тодорхойлохдоо иргэний нийгмийн байгууллагуудтай түншилж болох уу гэсэн асуултад хариулт эрлээ.

Улс төрийн нам, иргэний нийгмийн түншлэлийн лаб-ын эхлэл

Манай улсад аль нэг иргэний нийгмийн байгууллага улс төрийн намтай “ойр”, хамтарч ажиллахад эрсдэлтэй. Олон нийтийн ойлголт хандлага талаас хардлага их байдаг. Тиймээс улс төрийн нам, иргэний байгууллагыг холбох гүүр болж хамтарч ажиллана гэдэг нэг ёсны зориг шаардсан үйлдэл гэдгийг  Бодлогод залуусын хяналт ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Н.Ахмарал хэлж байв. Эндээс харвал улс төрийн нам, иргэний нийгмийн түншлэлийн лаб-ын эхлэл энэ уулзалтаар тавигдлаа гэж хэлж болохоор.

Монголын ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх, Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцод заасан хүний эрхүүдийг баталгаатай эдлүүлэх чиглэлээр энэ оны  3-5-дугаар сард "Залуус эгэх хариуцлагатай улс төрийн төлөө” төслийг хэрэгжүүлэхдээ МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн “Ардчиллын боловсрол” хөтөлбөрийн оюутнуудтай хамтран, улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “иргэний орон зай"-д хамаарах амлалтын хэрэгжилтийн явцад дүгнэлт өгчээ. Үүний мөрөөр намуудтай мэдээлэл солилцож, судалгаа авчээ.

Ийнхүү залуучуудын дүгнэлт болон Улс төрийн намын хуулийн үзэл баримтлалд тулгуурласан боловсруулсан “санал, дүгнэлтийг” хүргүүлж, "Улс төрийн намууд ба иргэний нийгмийн байгууллагуудыг үр дүнтэйгээр холбох нь" асуумжийг авсан талаараа Мэдээлэл харилцааны ажилтан Б.Санчирмаа “Намуудын мөрийн хөтөлбөр урт хугацаанд хэрэгжих боломж учир дутагдалтай байна гэж харсан. Учир нь мөрийн хөтөлбөрт ард иргэдийн дуу хоолой төдийлөн тусаагүй, төлөөллийн эрхийг хангаж чадаагүй. Бид 10 гаруй нам, мөн иргэний нийгмийн байгууллагуудаас асуумж судалгаа авахад хамтарч ажиллахад ойлголт, хандлагын зөрүүтэй. Дүрэм журам, зарчмын тал дээр бэрхшээлтэй байгаа нь ажиглагдлаа” гэв.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэн бий. Гэтэл тэдэнд яагаад сонгуульд оролцох ёстой юм гэдгээс эхлээд сонгуулийн боловсрол, мэдээллийн хүртээмж, санал өгөх байрны стандарт байдаггүй.

Наад зах нь санал өгөх байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгоод өгөөч гэхээр төсөвгүй гэсэн хариу өгдөг. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл огт алга гэсэн асуудлыг Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор хөндсөн юм.

Харин Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын мэдээлэл арга зүйн газрын референт П.Алтанчимэг “Сонгуулийн байгууллага 2024 оноос л улс төрийн намтай хамтарч ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Үүний нэг жишээ бол намуудыг бодлогын түвшинд шууд болон шууд бус хэлбэрээр төрийн санхүүжилтийн хөшүүргээр дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд намууд сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломжтой. Энэ хэлбэрийг манай улс анх удаа туршиж хэрэгжүүлж байгаа болохоор алдаа оноо бий” гэдгийг онцолж байв.

Нам, иргэний нийгмийн байгууллага бодлого тодорхойлох бодит түнш болох нь

“Улс төрийн намууд ба иргэний нийгмийн байгууллагуудыг үр дүнтэйгээр холбох нь” түншлэлийн лаб-ын үеэр Бодлогод залуусын хяналт ТББ-ын зөвлөх Ц.Монголхатан “Улс төрийн намууд ба иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллаж буй олон улсын зарим туршлага”-ын талаар сонирхолтой илтгэл тавилаа. Тэрбээр “Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд хараат бусаар үр дүнтэй хамтарч чадвал төлөөлөл, итгэлцлийг бэхжүүлэх боломжтой” гэдгийг тэмдэглэлээ.

Улс орнуудын хэрэгжүүлж буй үнэ цэнтэй, бодит туршлагыг танилцуулсан уг илтгэлээс эшлэбэл:

Их Британи: Үндэсний Бодлогын Форум (ҮБФ

Намын зүгээс бодлого боловсруулах явцад ИНБ-уудад саналаа өгөх боломж олгодог.1997 онд байгуулагдсан Үндэсний бодлогын форум нь Лейборист намын бодлого боловсруулах явцад ИНБ, судалгааны төв, бизнес, үйлдвэрчний эвлэлүүдийг оролцуулах механизм юм. Зөвлөлдөх үйл явц 5 жилийн циклтэй бөгөөд эхний 3 жилд 200 гишүүн саналыг хэлэлцэж, жилийн тайланг Намын Их хурлаар батлуулна. 4 дэх жилд эцсийн тайланг “V заалт” хурлаар хэлэлцэн, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг баталдаг аж.

2019 онд Лейборист нам “Патернализмаас Оролцоо руу” стратегийн баримт бичгээ баталж, ИНБ-уудыг бодлого тодорхойлох бодит түнш болгон авч үзэхээ амлажээ.

Иргэний нийгэм сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөрийг боловсруулж улс төрийн намуудад хүргүүлж, тэдний сонгуулийн амлалтад нөлөөлөхийг эрмэлздэг.

Швед ба Герман: Хуулийн төсөлд ИНБ-аас санал авах систем

Эрх баригч нам хууль боловсруулах явцад төрийн бус байгууллагуудаас саналыг нь авдаг.

Тухайлбал, Шведийн Засгийн газар хуулийн төсөл боловсруулахаас өмнө судалгааны комисс томилж, дараа нь тайланг холбогдох байгууллага, ИНБ-д илгээн “remissvar” буюу албан ёсны хариулт авдаг. Үүнд урилга аваагүй байгууллага ч санал ирүүлэх эрхтэй. Тэдний санал эцсийн төслийн “underlag” (нөхцөл байдлыг баримтжуулсан суурь)-ийн нэг хэсэг болдог аж.

Финланд: TANE болон NYTKIS

Улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэг талын санаачлагаар зөвлөлдөх бус, төрийн институт эсвэл бие даасан байгууллагын албан ёсны гишүүдийн хувиар хамт сууж, бодлогыг хамтран тодорхойлдог.

Засгийн газрын дэргэдэх байнгын зөвлөх байгууллага- жендэрийн эрх тэгш байдлын хууль тогтоомж, бодлогыг боловсруулах, санал дүгнэлт гаргах замаар чиглүүлж, энэ салбарын асуудал, өөрчлөлтийг ажигладаг. NYTKIS буюу финландын эмэгтэйчүүдийн холбоодын нэгдэл мөн энэ чиглэлээр идэвхтэй ажилладаг.

Ирланд: “Yes Equality” нөлөөллийн аян

Улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд тодорхой асуудлаар нөлөөллийн ажлыг хамтран хэрэгжүүлдэг.

2015 оны тавдугаар сарын 22-нд Ирланд ижил хүйстэн хосуудад гэрлэх эрх олгох Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бүх нийтийн санал асуулга явуулав. Гурван ИНБ хамтран “Yes Equality” аяныг 2015 оны гуравдугаар сард эхлүүлсэн бөгөөд Fine Gael, Хөдөлмөрийн нам, Fianna Fáil, Sinn Féin зэрэг бүх намууд дэмжжээ.

Намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар долоо хоног бүр аяны төв байранд ирж зохион байгуулагчидтай уулзаж, Fine Gael-ийн сайд Саймон Ковени сурталчилгааны стратегид зөвлөгөө өгсөн бол ухуулагчид намуудаас айлаар явж ухуулах аргад суралцжээ.

Перу ба АНУ: ИНБ-ын зохион байгуулсан мэтгэлцээн

Иргэний нийгмийн байгууллага нь улс төрийн намын нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг санаачлан зохион байгуулдаг. 2001 онд Transparencia дангаараа Ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг сэргээж эхлүүлсэн бол 2011 онд анх удаа төрийн байгууллага (JNE) хамтран зохион байгуулагч болжээ.

2003 онд CNN-тэй хамтран залуучуудад зориулсан анхны телевизийн мэтгэлцээнийг зохион байгуулж, 2008 онд GenerationEngage-тэй хамтран өөр өөр намын нэр дэвшигчдийг нэг дор ярилцлагад оруулжээ. Ингэхдээ улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөндлөнгийн, төвийг сахисан байгууллагын санаачилгаар хэрэгжүүлдэг байна.

Дээрх санаачилгуудаас манай улс тэр дундаа улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн үр дүнтэй хамтрах талаар сайн туршлагыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг оролцогчид хэлж байлаа.

Харин уулзалтад хүрэлцэн ирсэн МАН, АН-ын төлөөллүүд “Нам, иргэний нийгмийн байгууллагатай хамтрах хүрээгээ тодорхойлж, дотоод соёлоо өөрчлөх шаардлагатай. Үйл ажиллагаа явуулж байгаа маш олон иргэний нийгмийн байгууллага бий. Тэр болгоныг хүлээж авч уулзаж, хамтарч ажиллахад хүндрэлтэй. Иргэний нийгмийн байгууллагууд хоорондоо өрсөлдөх биш нэгдэж хамтарч ажиллах шаардлагатай. Намын дэргэдэд хороодын дэргэд дэд хорооны бүтэц бий болгож хамтарч ажиллах боломжтой” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах цаашлаад төлөөлөл, итгэлцлэлийг бэхжүүлэх, бодлого тодорхойлох бодит түнш болох талаар хүчин чармайлт гаргаж ажиллахаар санал нэгдлээ.