Хотын төвөөс алслагдсан бүс болох Чингэлтэй дүүргийн 19-дүгээр хороо Салхит, Санзайн амын гэр хороолол дунд хараа зүйн цогц үйлчилгээг нээлээ. Орбис олон улсын байгууллага болон UC эмнэлэг хамтран байгуулж буй Харааны төвийн нээлт өнөөдөр /2025.05.30/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд UC эмнэлгийн гүйцэтгэх захирал М.Баттүвшин, АНУ-ын Хүүхдийн хараа хамгаалах төвийн үүсгэн байгуулагч, технологийн үнэлгээний зөвлөлийн дарга Брюс Мүүр, Орбис олон улсын байгууллагын Ази, Африкийн бүс хариуцсан ахлах менежер Вэй Вэй, “Монос трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбат, Орбис олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал, нүдний эмч Ч.Чимгээ, 117 дугаар сургуулийн захирал Б.Батзориг, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн Ц.Мөнхтуяа, нар оролцлоо.

Universal clinic /UC/ эмнэлэг нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо буюу гэр хороололд үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Тус эмнэлэг Харааны төвтэй болсноор иргэд нүдний эмчийн үзлэг, оношилгооноос гадна нүдний угийн зураг авахуулах, нүдний даралт хэмжүүлэх, нүдний өмнө болон арын сегментийн үзлэг зэрэг хараа зүйн цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байна. Мөн нүдний хугаралын гажгаа тодорхойлуулан, шил тааруулах гээд бүхий л төрлийн цогц үйлчилгээг гэр хорооллын иргэдэд ойртуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “UC” эмнэлэг эргэн тойрныхоо 166 мянган иргэнд хүрч үйлчилнэ гэж тооцож буй юм.

Брюс Мүүр: Ард иргэдийн амьдарч байгаа газарт анхан шатнаас гадна лавлагаа шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа UC эмнэлгийн загварыг Монгол Улсад түгээх нь өндөр ач холбогдолтой

UC эмнэлгийн Харааны төв нь АНУ, Япон, Финлянд улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Мөн зөөврийн микроскоп, уг дурандах, зураг авах аппаратаар эмнэлэгт ирж үйлчилгээ авах боломжгүй буюу хэвтэрт байгаа, өндөр настай хүмүүст шаардлагатай үзлэг оношлогоог гэрт нь очиж хийх боломжтойг UC эмнэлгийн нүдний эмч хэллээ.  

Нээлтийн үеэр UC эмнэлгийн гүйцэтгэх захирал М.Баттүвшин “Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, ажилтнуудын ачаар сайн сайхан ажил шинээр бий болсоор байдаг. Тэдний нэг нь Орбис олон улсын байгууллагатай хамтран нээж буй Харааны төв юм. Эрүүл мэндийн яам, Орбис олон улсын байгууллага, “Монос трейд” ХХК, UC эмнэлгийн хамт олон, нүдний эмч нар хамтран, энэ буянтай ажлыг эхлүүлж байна” гэлээ.

АНУ-ын Хүүхдийн хараа  хамгаалах төвийн үүсгэн байгуулагч, технологийн үнэлгээний зөвлөлийн дарга Брюс Мүүр профессор “Би карьерынхаа гарааг 50 жилийн өмнө эхлүүлэхдээ Бостон хотын захын хороололд яг үүнтэй адилхан нүдний эмнэлэг нээж байсан. Анхан шатны тусламж хүртэж чадахгүй байгаа ард иргэдийн дунд очиж энэхүү тусламжийг хүргэнэ гэдэг санаа 100 жилийн өмнө Өмнөд Африкаас эхэлсэн түүхтэй.

Өнөөдрийн энэхүү эмнэлгээр дамжуулаад бий болгож байгаа загварыг цаашид ч Монгол Улсад түгээх юм бол өндөр ач холбогдолтой гэж харж байна. Яагаад вэ гэхээр ард иргэдийн амьдарч байгаа газар нь анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна лавлагаа шатны тусламж үзүүлснээрээ тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг ч гэсэн сайжруулах юм” гэв.

Төвийн нээлтэд хүрэлцэн ирсэн Орбис олон улсын байгууллагын Ази, Африкийн бүс хариуцсан ахлах менежер Вэй Вэй “Энэхүү төв маань манай Орбис байгууллагын хямд төсөр үнээр цогц тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлнэ гэсэн алсын хараа, мөрөөдлийг бодит амьдрал болгож байгаагийн жишээ юм. Цаашид ч гэсэн ард иргэдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн энэхүү төвийг хөгжүүлэх үйл ажиллагаанд хүн нэг бүр оролцоосой гэж Орбисын өмнөөс та бүхнийг урьж байна” хэмээн талархал илэрхийлсэн юм.

“Эмнэлэгтээ суугаад өвчтөнөө хүлээх бус, аль болох ойртож очих нь илүү ач холбогдолтой”

Орбис олон улсын байгууллага нь UG эмнэлэгтэй хамтран ажиллаж, нүдний эмчилгээ, оношилгоог иргэдэд ойртуулж байгаа нь тэдний суурь зорилготой нийцэж байна гэдгийг Орбис олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал, нүдний эмч Ч.Чимгээ хэлж байлаа. Тэрбээр “Орбис олон улсын байгууллагын хувьд нүдний салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бид алслагдсан орон нутагт нүдний тусламж үйлчилгээг яаж чанартай хүргэх вэ гэдэгт анхаарч ажилладаг. Нэн ялангуяа, хугарлын гажгийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэдэгт илүү анхаардаг. Бид Улаанбаатар хотын гэр хороололд анх удаа харааны төвийг дэмжин ажиллаж байна. Цаашдаа хөдөө орон нутаг буюу аймаг, сумдад харааны үзлэгийн цэг байгуулах зорилготой. Энэ бол томоохон төслийн нэг л хэсэг юм. Бид эмнэлэгтээ суугаад өвчтөнөө хүлээх бус, аль болох ойртож очих нь илүү ач холбогдолтой. Ялангуяа, Улаанбаатар хотын түгжрэл дунд ард иргэдэд тусламж үйлчилгээг ойртуулах нь манай Орбисын үндсэн суурь зорилго юм. Иймээс хамтран ажиллах боломжийг олгосон байгууллагууддаа баярлалаа” гэлээ.  

UC эмнэлэг өнөөдрийн алслагдсан хорооллын иргэдэд ойртож, хүртээмжтэй, чанартай, үр нөлөөтэй үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгоход хамгийн том хөрөнгө оруулагч нь Монос групп. Тэдний хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Нийгэм тэр дундаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд бодитойгоор хөрөнгө оруулалт хийж байгаа талаар “Монос трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбат хэлж байлаа. Харин UG эмнэлгийн тухайд “Бид энэ эмнэлгээ төр маань дэмжинэ гэдэг итгэлээр байгуулсан. Бид хамгийн сүүлийн шат буюу Эрүүл мэндийн даатгалын газартай хамтран ажиллаж чадвал  эмнэлэг маань санхүүгийн дарамтгүй болно. Удахгүй төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд анх зорьсон хэмжээнд хүрнэ гэж найдаж байна. Бидний зорилго зөвхөн энэ эмнэлгээр хязгаарлагдахгүй. Сүлжээ эмнэлэг болон өргөжиж, үнэхээр хэрэгцээтэй байгаа Улаанбаатар хотын захын хороод, цаашлаад алслагдсан сумуудаар өргөжнө гэж найдаж байна” гэдгийг тэмдэглэлээ.

117 дугаар сургуулийн 600 гаруй сурагчийг нүдний үзлэгт хамруулахад  140 хүүхдэд хугарлын гажгийн өөрчлөлт илэрчээ

UC эмнэлэг 117 дугаар сургуулийн хүүхдүүдийг нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Ингэхдээ бага ангийн буюу 600 гаруй сурагчийг үзлэгт хамруулсан байна. Улмаар 140 гаруй сурагчид хугарлын гажгийн өөрчлөлт илэрсэн гэнэ. Тэдний таван хувь нь өмнө нь нүдний үзлэгт хамрагдаж байжээ. Мөн 2-3 хувь нь нүдний шил зүүж байсан зэргээс харвал нүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ тус бүсэд нэн шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Энэ талаар 117 дугаар сургуулийн захирал Б.Батзориг “Манай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль 1570 гаруй сурагчтай. Нийслэлийн зүүн хойд бүсийн хамгийн захын сургууль юм. Хотын төвөөс 7.8 км буюу алслагдсан бүс. UC эмнэлэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хүүхдийн хараа, оношилгооны чиглэлээр хамтран ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байгаа. Харааны бэрхшээл гэдэг хүүхдийн сурлагад нөлөөлөх хүчин зүйлийн нэг юм. Сургуультайгаа ойр нарийн мэргэжлийн эмнэлэгтэй болж хүүхдүүдийнхээ харааны бэрхшээлийг оношлуулж цаашлаад эмчлүүлэхэд хамтран ажиллах боломжтой болсонд таатай байна” гэв.

Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн Ц.Мөнхтуяа “Тусламж үйлчилгээ хамгийн их хэрэгтэй боловч хамгийн хомсдолтой дүүрэг, хороонд энэ эмнэлгийг байгуулахаар зорьж байгаа хамт олонд талархал илэрхийлье. Яг ийм эмнэлэг Улаанбаатар болон хөдөө орон нутгийн хэмжээнд хэрэгцээтэй байгаа. Хот орчимд нүдээ үзүүлье гэвэл гараад үзүүлэх боломж нь ямар байгаа билээ. Тэр дундаа гэр хорооллын орчимд ямар байгааг бид хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс нүдний эмнэлгийн тусламж үйлчилгээг энэ цэгт байгуулсанд баяртай байна. Монголын нүдний эмч нарын нийгэмлэг энэ төсөл дээр хамтран ажилласандаа баяртай байна” хэмээлээ.

Тус харааны төв нь зөвлөх эмч нарийн хамтарсан үзлэгийг 2025 оны тавдугаар сарын 26-наас эхлэн хийж буй. Ховд аймгийн Булган сумын иргэн Н.Бадамцэцэг нарийн мэргэжлийн эмч нарт хүүгээ үзүүлэхээр ирсэн байв. Түүний хүү нь Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний тасгийн харьяанд байдаг аж. Нэгдсэн эмнэлгийн эмчээсээ гаднын болон дотоодын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийх гэж буйг дуулан иржээ. Мэргэжлийн эмч нараар хүүхдийнхээ харааг оношлуулж, эмчилгээ зөвлөгөө авахаар “баруун хязгаараас өчигдөр амжиж ирлээ” гэдгээ хэлж байв. Үзлэг зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.