Санаэ Такаичигийн хувьд Японы Либерал ардчилсан намын даргын сунгаанд 2 удаа нэр дэвшин ялагдсан ч эцэст нь тэрээр удаан хугацаанд зорьсон зорилтондоо хүрч чадсан. Японы Либерал ардчилсан намын 70 жилийн тэмдэглэлт ойтой давхцан 64 настай Санаэ Такаичи тус намын даргаар сонгогдсон нь түүнийг тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болох зам руу хөтөлсөн юм. Түүний хувьд Засгийн газрын гишүүн, телевизийн хөтлөгч, хүнд метал хамтлагийн бөмбөрчнөөр ажиллаж байсан баялаг түүхтэй. Түүнчлэн тэрээр Либерал ардчилсан намд итгэх иргэд, сонгогчдын хатуу итгэлийг дахин олж авахын тулд ажиллах, хэт барууны үзэлтэй тэмцэж буй өөрийн намыг удирдан манлайлах сорилтуудтай нүүр тулгарч байна. Түүний тэргүүлэх шинэ Засгийн газарт дотоодод хүн амын төрөлт буурч буй нөхцөл байдал, гадаад орчинд геополитикийн хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдал зайлшгүй тулгарах нь тун тодорхой байна.
САНАЭ ТАКАИЧИГИЙН УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ ХЭРХЭН ЭХЛЭВ?
Санаэ Такаичи 1961 онд Япон улсын Нара мужид төрсөн. Түүний өсч төрж, төлөвшсөн орчин улс төрийн амьдралаас хол байсан. Нэгэн цагт хүнд метал хамтлагийн бөмбөрчин байсан тэрээр усанд шумбагч, автомашин сонирхогч байсан нь тун сонирхолтой. Такаичи улс төрд орохоосоо өмнө телевизийн хөтлөгчөөр богино хугацаанд ажиллаж байсан. Түүний улс төрч болох хүсэл зориг 1980-аад оны үед буюу АНУ-Японы хоорондох худалдааны маргааны оргил үетэй зайлшгүй холбогддог. Японы талаарх АНУ-ын ойлголтыг танин мэдэхээр хатуу шийдсэн тэрээр Японыг шүүмжилдгээрээ алдартай Конгрессын гишүүн, Ардчилсан намын Патрисиа Шредерын багт ажиллаж байсан. Такаичигийн хувьд Америкчууд Япон, Хятад, Солонгос хэл болон үндэсний хоолыг нийтлэг байдлаар ойлгодог хэвшмэл ойлголтыг гярхай ажигласан. Ийнхүү Такаичи “Япон улс өөрийгөө батлан хамгаалж чадахгүй бол Японы цаашдын хувь заяа АНУ-ын гүехэн үзэл бодлын өршөөл, нигүүлсэлд байх болно” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэрээр 1992 онд парламентын сонгуульд бие даан нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. Гэсэн ч тэрээр улс төрч болох замналынхаа төлөө тууштай зүтгэж 1 жилийн дараа буюу 1993 онд парламентын гишүүн болж 1996 онд Либерал ардчилсан намд гишүүнээр элссэн.
Түүнээс хойш Такаичи парламентын гишүүнээр тасралтгүй 10 удаа сонгогдож ганцхан удаа ялагдал хүлээж Либерал ардчилсан намынхаа хамгийн нээлттэй, консерватив дуу хоолойг илэрхийлэгч улс төрч гэдгээрээ нэр хүндээ өсгөж чадсан.
Мөн тэрээр Эдийн засгийн аюулгүй байдлын сайд, Худалдаа, аж үйлдвэрийн сайд, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар ажиллаж төрийн сайдын албыг хашсан үзүүлэлтээрээ үнэмлэхүй амжилт тогтоосон. 2021 онд Такаичи анх удаа Либерал ардчилсан намын даргын сунгаанд орсон ч Фумио Кишидад ялагдаж байсан. Тэрээр 2024 онд дахин намын даргын сунгаанд өрсөлдөж эхний шатны санал хураалтаар тэргүүлсэн ч эцэст нь Шигэрү Ишибад ялагдсан. Харин энэ жилийн хувьд тэрээр Либерал ардчилсан намын даргын сонгуульд гурав дахь оролдлогынхоо үр дүнд ялалт байгуулж Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болох зам нь дардан болов. Такаичи саяхан сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дунд сургуулийн хэсэг сурагчдад хандан “Миний зорилго бол Төмөр хатагтай болох явдал юм” гэж хэлснийг онцлох нь зүйтэй.
САНАЭ ТАКАИЧИГИЙН УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭРХЭН ОЙЛГОХ ВЭ?
Санаэ Такаичи Кобе их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. 2000 онд Такаичи Шинзо Абэгийн ойрын хамтрагч болсноос хойш түүний ойрын хүрээлэлд удаан хугацаанд ажилласан. Такаичи бол тууштай консерватив үзэл баримтлалтай улс төрч бөгөөд гэрлэсэн эмэгтэйчүүд овог нэрээ хэвээр хадгалахыг зөвшөөрсөн хууль тогтоомжийг удаан хугацаанд эсэргүүцэж байсан. Тус хууль нь Японы үндэсний уламжлалыг алдагдуулж байна гэж тэр мэдэгдэж байсан. Тэрээр мөн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг тууштай эсэргүүцдэг. Харин сүүлийн жилүүдэд Такаичи өөрийн хатуу үзэл баримтлалаа бага зэрэг зөөлрүүлсэн. Такаичи сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дотоодын хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг компаниудад аж ахуй нэгжийн татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтойг дурдаж байсан. 1955 онд байгуулагдсан цагаасаа хойш Японы Либерал ардчилсан нам тус улсын улс төрийн амьдралд удаан хугацаанд ноёрхох байр сууриа хадгалж ирсэн ч хүн ам зүй, эдийн засаг болон олон нийтийн дургүйцлийн улмаас ноёрхох байр сууриа алдсаар байна.
Харин Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдож ажиллах нь тодорхой болсон түүний хувьд нэн тэргүүнд Либерал ардчилсан намын дотоод ардчиллын зарчмуудыг шинэчилж улс төрийн систем дэх хүчирхэг байр сууриа эргэн бэхжүүлэх өндөр магадлалтай гэж олон улсын улс төр судлаачид таамаглаж байна.
Японы парламент түүнийг 10-р сарын 15-ны өдөр шинэ Ерөнхий сайдаар томилох төлөвтэй байна. Санаэ Такаичи Хятад улсын Батлан хамгаалах хүчин чадал, нөлөөллөө тэлж буй байдлыг эрс хатуу шүүмжилсээр ирсэн. Дотоодын эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд тэрээр “Абэномикс” бодлогыг цаашид тууштай хэрэгжүүлэх хүсэл эрэмлзлэлээ илэрхийлж байсан.

Японы Либерал ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Ёшимаса Хаяаши, Тошимицу Мотеги, Шинжиро Коизүми, Санаэ Такаичи, Кацунобу Като, Ёко Камикава нар
САНАЭ ТАКАИЧИГИЙН ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ ЗАМНАЛД ЯМАР СААД БЭРХШЭЭЛ ТУЛГАРАХ МАГАДЛАЛТАЙ ВЭ?
Либерал ардчилсан намын даргаар сонгогдсон Санаэ Такаичи Ерөнхий сайдаар томилогдохын тулд Японы парламент буюу Үндэсний дайетын хууль тогтоогчдын хангалттай дэмжлэгийг авах шаардлагатай болж байна. Парламентын сонгуулийн үр дүнгээс шалтгаалан Японы Либерал ардчилсан нам парламентын 2 танхимд цөөнх болсон учир Такаичи цаашид Ерөнхий сайдаар томилогдохын тулд парламентад суудалтай бусад намуудын нөлөө бүхий улс төрчдийн дэмжлэгийг авах зайлшгүй шаардлага үүсч байна. Такаичигийн хувьд дотооддоо хүнсний бүтээгдэхүүний өсөлт, дундаж цалингийн зогсонги байдал болон гадаад орчинд Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн тогтвортой байдал болон Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын цэргийн хүчний идэвхижилт болон Японы хүн амын хөгшрөлтөөс үүдэлтэй ажиллах хүчний хомсдол гэх мэт эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай тулгарч байна. Түүнчлэн АНУ-Японы холбоотны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг нэн даруй шийдвэрлэх шаардлага үүсч байна. Мөн энэ сард Ази тивд айлчлахаар төлөвлөж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж 2 талын харилцаагаа бататган бэхжүүлэх асуудал ач холбогдолтой хэвээр байна.
ИРЭЭДҮЙД МОНГОЛ-ЯПОНЫ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХЭРХЭН БЭХЖИХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсын Гадаад харилцааны сайд Такеши Иваяатай 2025 оны 3-р сарын 4-ний өдөр Токио хотод уулзав.
Монгол-Япон хоёр улсын хооронд 1972 оны 2-р сарын 24-ны өдөр дипломат харилцаа тогтоож 2 талт хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй. 1990 оны эхэн үед Монгол улсад ардчилсан дэглэмд шилжих шилжилт эхэлсэн үеэс Японы зүгээс олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудтай хамтран Монгол улсын өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцыг тууштай дэмжсээр ирсэн. Үүний үр дүнд 2 талын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл өргөжин хөгжиж өнөөгийн өндөр түвшинд хүрсэн. 2022 оны 11-р сард хоёр улс даян дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор “Иж бүрэн түншлэл” (1996)-ээс “Стратегийн түншлэл” (2010)-ээр дамжин “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл” болгон харилцаагаа бэхжүүлж байна. Монгол улсын Гаалийн ерөнхий газрын тоон мэдээллээс харвал 2 улсын худалдааны эргэлт 2024 оны 12-р сарын байдлаар 1.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хоёр тал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 онд байгуулж 2016 оны 6-р сараас эхлэн тус хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. 2025 оны 7-р сард Япон улсын Цог жавхлан эзэн хаан Нарүхитогийн Монгол улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, бэхжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Монгол улсын Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь гадаад бодлого тус бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангахад чиглэж ирсэн.
Цаашид Япон улсын шинэ Ерөнхий сайдын Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь гадаад бодлогын цар хүрээнд БНХАУ, БНСУ болон Монгол улс чухал байр суурийг эзлэх учир Монголын талаас Засгийн газар хоорондох хамтын ажиллагааны залгамж холбоог үргэлжлүүлэн ажиллаж байр сууриа илэрхийлэх нь хоёр талын эдийн засгийн харилцааг тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх учиртай.















